43.8 сая долларын ажил гүйцэтгэгч компани дампуурч, ажил нь зогслоо
Чойроос Сайншанд хүртэлх 176,4 км урттай хатуу хучилттай замыг байгуулах ажил зогсолтод оржээ. Өнгөрсөн оны хавар нээлтийг нь хийж, Ази Европыг хооронд нь холбосон гүүр болно хэмээн найдаж байсан зам ийнхүү бүтэлгүйтлээ.
Шалтгаан нь гэвэл гүйцэтгэгч компани нь санхүүгийн хүндрэлд орсон учраас хэрэгжүүлэгч Мянганы Сорилтын сан Засгийн газартай байгуулсан гэрээгээ цуцлахад хүрч байгаа юм. 43.8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай уг замын ажил цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.
Солонгосын “ЭлЖи” группын монгол дахь салбар “ЭлАйЖи” компани энэхүү замыг 2013 оны есдүгээр сарын 01-нд хүлээлгэж өгөх байсан билээ. Уг зам нь чанартай бүтээгдэхүүн болохыг лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоожээ. Тухайлбал 40 хэмийн хүйтэнд ч гэмтэхгүй, ачаалал даах, 10-20 жилийн баталгаатай гэх зэрэг давуу талтай байлаа.
Байгуулагдсан ондоо буюу өнгөрсөн жил ийм том төслийг хүлээн аваад, наймдугаар сараас замын ажилдаа ороод жил ч хүрээгүй байгаа компани ийнхүү зогсолтод орсон нь хэний буруу вэ? Мянганы сорилтын сангийн зүгээс уг компани дампууралд орох гэж байгааг гурван сарын өмнөөс мэджээ. Харин одоо энэхүү замын ажлыг хэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй байна. АНУ дахь Мянганы сорилтын сан хийсэн ажил гүйцэтгэлийг харж, бүтэхгүй болвол мөнгөө эргүүлэн татдаг байна. Тэгэхээр 43.8 сая долларыг одоо ямар компанид олгох вэ?
URL: