Bank of China-ийн салбар нээх хэлэлцээр эхэлж О.Чулуунбат гол дүрд тоглоно

bankХятадын төрийн мэдлийн Bank of China-ийн салбарыг Монголд нээх асуудлыг анхаарлын төвд аваачих бүрт эрх мэдэлтнүүд эсэргүүцдэг. Энэ талаар Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын төвшинд одоогоор мэдэгдсэн зүйлгүй” хэмээж байсан удаатай. Харин БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун энэ сарын 18-нд буюу Си Жиньпин даргын Монголд хийх айлчлалыг эхлэхийн өмнөхөн өгсөн ярилцлагадаа “БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр энэ банк “Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм” гэсэн байдаг.

Тэгэхээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Засгийн газрын түвшинд мэдэгдээгүй” байх боломжгүй юм. Учир нь Хятадын Элчин сайд Засгийн газарт мэдэгдэлгүйгээр өөрийн орны Засгийн газраас тавьж буй хүсэлтийг дамжуулах аргагүй.

 Ямартай ч Bank of China-ийн салбарыг нээх талаарх хэлэлцээр нэгэнт эхэлж буй аж. Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн яамаар дамжин Засгийн газарт асуудлыг оруулж ирэх юм байна. Засгийн газар нэгдсэн байр сууринд хүрээд Монголбанк шийдвэрлэх учиртай. Гэхдээ тэдний байр суурь төдийлөн хол зөрөхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл Монголд Bank of China-ийн салбарыг нээх асуудлыг “нэг нүдээр” харж байгаа гэсэн үг.

Түүнчлэн Монголд салбараа нээх асуудлаар зөвхөн Bank of China төдийгүй манайд Төлөөлөгчийн газраа нээсэн гадны бусад банкууд ч хэлэлцээрт орж эхэлж байгаа аж. Энэ асуудлаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат бараг бүх хэлэлцээрийн “гол баатар” болж байгаа гэнэ. Банкны салбарт 30 гаруй жил “гол тоглогч” байсан гэх түүний брэнд бахархал, туршлага нь хэлэлцээрийг Монголдоо ашигтайгаар эргүүлэх боломж гэж үзэж болох талтай. Гэвч айлчлалын өмнөхөн түгсэн мэдээллээс харахад тийм ч эерэг биш байсныг сануулахад илүүдэхгүй. Нөгөөтэйгүүр хувийн амбицаа хамгаалж намын зарим нөхөдтэйгээ ч, танхимынхантайгаа ч сэм эвдрэлцэхн ганцаарчилсан тоглолт хийх болсон нь түүнийг ялна гэх итгэлийг хомсолсоор байна. Хэнтэй ч тохиролцож чадах, нэр цэвэр объекттой хэлэлцээр хийх хүсэлтэй гадны том банкныханд түүний энэ чанар саад болж цаашилбал үргээж мэдэх юм.

Ямартай ч одоо бол Ерөнхий сайд “Bank of China-ийн салбар нээх асуудлыг Засгийн газрын түвшинд яриагүй” гэж “хуурах” аргагүй. Бас О.Чулуунбат дэд сайд салбараа төлөөлж гадны банкуудын удирдлагуудтай хэлэлцээрт орж “Би мэднэ” гэж том дуугарах боломжтой болоод байгаа бололтой. Энэ тохиолдолд Монголбанк яах бол. Бүх эрхийг хуулиар эдэлж буй манай улсын Төв банк тэртээх хэдэн жилийн өмнө тус банкийг удирдаж байсан О.Чулуунбатын эрхшээлд шийдвэрээ гаргана гэж лав үгүй. Эсвээс хоёр толгойтой  Төв банктай болсноо албан ёсоор зарлах хэрэгтэй. Арилжааны банкуудыг Монголбанк, Монголд салбараа нээж буй гадны банкуудын асуудлыг ЭЗХЯ мэднэ гэвэл үүн шиг тэнэг шийдвэр байхгүй биз ээ.

С.Чулуун

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих