Ц.Мөнхбаяр алт олборлогч компани руу дахин буудлаа

“Нутаг чөлөөлөх” аянд мордсон “Гал үндэстэн”-ийхэн алт олборлогч компани руу бууджээ. Тодруулбал, тус холбооныхон Өвөрхангай айм­гийн Зүүнбаян-Улаан, Уянга сумын зааг дахь Ар уст гэдэг газарт алт олборлодог “Гурван тамга” компа­нид энэ сарын 21-ний өдөр шаард­лага хүргүүлжээ. Тэд тус компа­нийнхнаас үйл ажиллагаагаа хоёр цагийн дотор зогсоож, нөхөн сэр­гээлт хийхийг шаардсан байна. Гэвч “Гурван тамга” компанийнхан шаардлагын хариуг өгөөгүй гэнэ. Тиймээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Удирдах зөв­лөлийн гишүүн Ц.Энхбаяр, Г.Баа­тархуяг, Н.Найманжин нар дээрх компанийн усан буу руу бууджээ. Эд зүйл рүүгээ буудуулсан компани Эрүүгийн цагдаагийн газарт гом­дол гаргасан байна. Гомдлын да­гуу Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг Өвөрхангай аймагт очиж буун дуу гаргасан тэмцэгчдийг баривчилж нийслэлд авчирчээ.

Энэ талаар “Гал үндэстэн” хол­бооноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлав. Хуралд “Гал үндэс­тэн”-ийхнээс гадна “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянга, “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөний төлөөлөгчид оролц­сон юм. Тэд нутаг чөлөөлөх аянд мордсон тэмцэгчдийг баривчилс­ныг эсэргүүцэж байгаагаа хэлээд Цагдаагийн ерөнхий газарт шаард­лага хүргүүлж байгаагаа мэдэгд­лээ. “Гал үндэстэн” холбооны зохи­цуулагч Н.Цэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Баривчлагдсан хүмүүсийг одоо хаана хорьж байгаа юм бол?

-Өчигдөр шөнө нийслэлд ав­чир­сан гэх мэдээлэл байна. Угаа­саа Өвөрхангай аймгийн Засаг дарга “Та нартай хамтарч ажил­ламаар байна. Ирж уулзаач” гэж хуурч ажил дээрээ ирүүлж байгаад бариулсан байна лээ. Тиймээс бид цагдаагийн байгууллагад хууль бус баривчилгаагаа зогсоохыг шаард­сан бичиг хүргүүлнэ. Манай хөдөл­гөөний гишүүд одоо хаана хориг­дож байгааг мэдэхгүй. Баривчил­гаа нийслэлд ч үргэлжилж байна.

-Улаанбаатарт байсан танай гишүүдийг бас баривчилсан юм уу?

-Манай Удирдах зөвлөлийн гишүүн Г.Болдбаатарыг өнөө өглөө гэрээсээ гарч байхад нь баривчилж хорьсон. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Бид байгаль орч­ноо хамгаалахын тулд бүх аргаар тэмцлээ. Шаардлагатай бол цаа­шид ч тэмцсээр байх болно.

-”Гурван тамга” компани та нарын шаардлагыг хүлээж аваагүй учраас л галт зэвсэг хэрэглэсэн юм уу. Буудалгүй учраа ололцож болоогүй гэж үү?

-Тус компани “Урт нэртэй” хуульд хамрагдаж байгаа. Гэсэн ч өнөөг хүртэл алт олборлосон хэ­вээр байна. Тиймээс л хуулийн дагуу үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. Гэвч бидэнтэй зүй бус харьцаж, шаардлагыг тоогоогүй. Тиймээс арга буюу усан бууны насос руу нь буудсан байгаа. Түүнээс бид хүн рүү буу шагай­гаагүй гэв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Т.ДААРИЙМАА


URL:

Сэтгэгдэл бичих