Г.Болдбаатар Дэлхийн аваргын алтан медалийн салхи хагаллаа

527-140902508546de3539a59b5165e16135ad7ae6400e_XLОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена” спортын ордонд эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны ДАШТ-ийн эхний өдрийн барилдааны эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн ОУХМ Г.Болдбаатар манай жүдочдын уг тэмцээнээс хүртэх медалийн салхийг хагалж дэлхийн аварга цолны эзэн боллоо.
Энэ удаагийн ДАШТ-ийн эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг жингийн барилдаан болж, медальтнуудаа тодрууллаа.
Эдгээр жинд манай улсаас 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Д.Амартүвшин, ОУХМ Г.Болдбаатар, 2013 оны Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нар дэвжээнд гарч хүчээ сорьсон.
М.Уранцэцэгийн хувьд энэ жилийн дэлхийн аварга болсон Японы жүдоч Кондо Амитай нэг хэсэгт таарч юко үнэлгээгээр ялагдсанаар медалиас мултарсан байна.  Ами Кондо нь 2014 оны бүх Японы аварга болсон залуу жүдоч юм.
Харин 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин эхний барилдаанаа 2010 оны Европын аварга, Францын жүдоч Софианэ Милоустой хийж, нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар ялагдсан бол эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Г.Отгонцэцэг шөвгийн 32-т шалгарсан амжилтыг үзүүллээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д 60 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Ахмед Сахиныг, удаах барилдаанд Тайванийн Цай Мингийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан.
Мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр /3-2/ ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулснаар дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.
Даваа гарагт болсон барилдааны 60 кг-д: Алт: Г.Болдбаатар, Мөнгө: Б.Мудранов /ОХУ/, Хүрэл: Н.Такато /Япон/, П.Амиран /Гүрж/.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д: Алт: Ами Кондо /Япон/, Мөнгө: П.Парето/Аргентин/, Хүрэл:  Бучард /Франц/ Лаборде /Куба/
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 13 цагаас эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн тойргийн барилдаан болж, 19 цагаас шигшээ барилдаан эхэлнэ. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон нар барилдана.
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих