Морь унаад ч болов Монголоо авч үлдье
Сахалин, Сибирь, Чеченьд нефть, байгалийн хий нийлүүлдэг Оросын төрийн өмч давамгайлсан нэгэн компани бий. Удирдлага нь Монгол төрийн сайдад хаяглан захидал бичиж дарамталсан хэрэг дахин гарлаа. 2008 онд Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүг ОХУ-д очиж, “Роснефть”-ийнхэнтэй уулзаж ирснээс хойш тун удалгүй ийм захидал ирж байсан билээ. Энэ сарын 2-нд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Даш.Зоригт очиж тус компанийнхантай мөн уулзсан. Дагавар захиа араас нь “номоороо” ирлээ. Утга нь жижиглэн компанийн 100 шатахуун түгээх станцыг Монголд байгуулах тухай өмнөхийн адил. Эдуард Юрьевич Худайнатов монголчуудад томров. Зангаргаа харуулав. Нефть олзворлодог нэг компанийн дарга монголчуудыг дарамтлав. Гэхдээ энэ нь орос захирлын томд бус монгол төрийн арчаагүйнх. Ийм арчаагүй байдалд орсон нь өөрсдийн тусгаар тогтнолын чадамж муугийнх, аливаа нэг зүйлээс хараат бус оршиж чадаагүйнх.
Монголчуудад сүүлийн зуугаад жилийн хугацаанд суусан айдсын нэг нь оросуудаас эмээх зуршил. Далан жилийн турш шууд хараанд нь байж ирсэн оросуудаасаа ангижирч чадсан гэх сүүлийн хорин жилийн хугацаанд ч жижигрэхгүй байж чадахгүй л байна. Энэ нь далан жил оросуудын нөлөөнд төр барьж ирсэн ах нам ардчиллын 20 жилийн 16 жилд нь эрх барьж байгаатай мэдээж холбоотой.
Уламжлагдаж ирсэн айдсынхаа нөлөөнд эдийн засгийн тусгаар тогтнолын талаар бодож ч чадахгүй байна. Анх “Роснефть”-ээс захиа авсан даруйдаа л төр засгийн томчууд өөрсдөө нефтиэ нэрдэг болохгүй бол болшгүй нь гээд халаглаад эхэлсэн ч гурван жилийн хугацаанд ямар ч өөрчлөлт гарсангүй. Чухам л сүх далайтал үхэр монголчууд амар амгалан амьдарч ирлээ. Эхний захидлыг авсан даруйд л нүүрснээс шингэн түлш гаргах улс төрийн шийдвэрийг гаргалаа хэмээн сүр дуулиан болж байсан. Хаа байна, одоо тэр нүүрснээс гаргаж авсан шингэн түлш. Монголыг одоо дэлхий нүүрсээр нь л мэдэж байна. Тэгвэл тэр нүүрсээ түүхийгээр нь вагон вагоноор ачиж, харин өөрсдөө захын нэг оросын аманд улс үндэстнээрээ багтаж байна. Угтаа газрын тосны үнэ баррель нь 40-60 ам.доллар хүрэх үед нүүрснээс шатахуун гаргаж авах ашигтай болж ирдэг гэх юм билээ. Гэтэл зуу дөхчихөөд байгаа өнөө үед ямар ч алхам хийгээгүй сууж л байна. Нүүрснээс шатахуун гаргаж авах технологи нь энэ байна, зүтгээд үзэх сэтгэл нь байна, хамтрах саналууд нь энэ байна гээд хавтас хавтсаар нь бичиг баримтаа цүнхлээд явдаг компаниуд байдаг. Зөвхөн нүүрснээс ч бус аль нэг газраас шууд хараат байхгүйн тулд гадаадаас түүхий нефть оруулж ирээд боловсруулъя гэсэн компаниуд зөндөө. Гэвч үйлдвэрээ байгуулах тусгай зөвшөөрөл гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй тэр эрхийн бичиггүйгээс болж ямар ч ажил урагшилсангүй. Яг л гурван жилийн өмнө ямар шахалтад орж, ямар доромжлол амсч байсан тэр давтагдлаа. Анхиатайхан бөх нэг унасан мэхэндээ унадаггүй гэдэгсэн. Гэвч энэ бүхэнд ганцхан тайлбар бий.
Эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол нь олон түмний ашиг сонирхлоос давчихаад байгаа учраас ажил урагшлахгүй байна. Шатахуун түлш импортолдог компаниуд байх. Нэг төрлийн боловсон ченж л дээ. Нэхийний ченжээс ялгагдах зүйл үгүй. Хойноос оруулж ирсэн дээрээ хэдэн төгрөг нэмээд зарчихдаг. Хэрэв нийлүүлэлт нь хомсдоод эхэлбэл үгсэн ярьж байгаад үнээ нэмж, хэдэн төгрөг гулгуулаад авах боломжийг алдана гэж ёстой байхгүй дээ. Тэр ченжийн компанийн эзэд нь дандаа төр засагт өндөр албан тушаал хашдаг, эрх барих намын Удирдах зөвлөлд багтдаг, бас аль нэг том хандивлагч нь байж ирсэн учраас өдий болтол энэ асуудал шийдэгдсэнгүй ирлээ. Уг нь төрд ийм алба хашдаг байх тусмаа хамгийн түрүүнд шатахуун импортлогч компанийнхан зориглож өөрсдийн боловсруулах үйлдвэрийн тухай ярих ёстой байсан юм. Гэвч паразит сэтгэлгээ нь ихэдсэн улсууд тэгж хариуцлага хүлээхийг ял үүрэхийн чинээ үзэж байгаа бөгөөд гаднаас оруулж ирээд ашгаа гаргаад авбал барав гэж үзсэнээс өнөө ийн байдалд хүрээд байна.
Салбарын сайд, мэргэжлийн байгууллагууд нь ч эдийн засгийн хараат байдлаас гарахыг хүсэлгүй өнөөг хүрснийг ашиг сонирхлын дөнгөнд хүлэгдсэнийх гэхээс өөр юу гэх билээ. Аливаа улс орны хувьд эдийн засгийн тусгаар тогтнолын үзүүлэлтийн толь нь нэгдүгээрт түлш шатахуун, хоёрдугаарт цемент, гуравдугаарт хүнсний аюулгүй байдал гэсэн тэргүүн эрэмбэтэй. Монголд бусдаас хараат бусаар өөрсдөө үйлдвэрлэсэн түлш байна уу. Хэдэн машин нь зогсчих гээд л байгаа биз дээ. Хур бороо сайхан байна л гэнэ. Хаврын тариалалт шатахуунаас болоод хангалттай тариалаагүй гэсэн яриа л сонстохгүй байгаасай. Цемент нь чанарын баталгаа бий юу. Хэд гэсэн үзүүлэлттэй маркийн цементээр барилгаа бид барьдаг юм, бүү мэд. Хүнсний аюулгүй байдлын хувьд яриад байх зүйлгүй. Зөвхөн итгэж найдах гэсэн тодорхойлолтоор хоолоо идэж байна. Урд хил хаалаа. Маргаашнаас бөөн хямрал. Хэнд ч ойлгомжтой.
Аль нэг улсаас эдийн засгийн шууд хараат байдлыг арилгах талаар тэр дундаа нефтийн бүтээгдэхүүнээр гээд нэр зааж байгаад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа бид тусгасан. Үүнийг УИХ-аар батлаад нэг жил болж байна. Энэ үзэл баримтлалаа ажил болгохын тулд юу хийсэн бэ, өнгөрсөн жилийн хугацаанд. Юу ч алга. Уг нь бид ганц дан хойд хөршийн аманд багтдаг байхгүйн тулд өмнөд хөрштэйгээ эн тэнцүү харьцах ёстой. Гэвч Хятадын бензин чанар муу, мотор цохино энэ тэр гээд хөөрхөн хар пиар бодоод олчихдог. Гэтэл Хятадад дэлхийн бүх л нэртэй машинууд тэр чанаргүй бензинээр нь явж байгаа харагдах юм.
Албаны хүмүүс Оросын буулганаас салсан 20 жилийн хугацаанд нефть боловсруулах үйлдвэртэй болоогүйгээ албан ёсоор нефтийн нөөцөө зарлаагүйгээс гэдэг. Тэгвэл өнгөрсөн оны хоёрдугаар сард Монгол Улс нефть олборлогч орон гэдгээ зарлаж, дэлхийд бүртгэгдсэн зуу гаруй олборлогч орноос гуч гаруйд нь байна гээд бахархаад байсан биз дээ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд нефть олборлогч Монгол орон юу хийсэн юм бэ. Нефть олборлодоггүй мөртлөө гаднаас түүхий нефть худалдаж аваад боловсруулдаг орнууд олон байна. Энэ нь эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж байгаа хэрэг. Манайх шиг орос ах нар хямд үнээр өгдөг гээд ивээсэнд нь нурж унаад байдаггүй. Монголд түүхий нефтиэ өгье гэсэн орон Кувейтээс эхлээд Казахстан гээд байж л байна. Гэвч үүнийг сонирхохгүй, өөрсдөө үйлдвэрлэхгүй байгаагийн шалтгаан ердөө ганц. Монголын төр нэрээр эрх мэдлийг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн иргэний шунал. Гэхдээ үүнийгээ стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн, тээвэрлэхэд ноцтой гэж ирээд бас л тархи угаана. Тэгж яривал Монголд бүртгэлтэй 300 мянган автомашин бүгд аюултай бүтээгдэхүүн тээвэрлэгч болж таарна. Тэгвэл машиныхаа түлшний сав руу шүдэнз асаагаад шиддэг тэнэг байна уу. Ингээд л бодохоор дарга даамлуудын ярьж байгаа шалтаг, шалтгаан нь өчүүхэн эрх ашиг дээр чагтлагдаж байгаа нь мэдэгдээд байгаа юм. Дэлгүүрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр зүйл байхгүй болоход Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай иргэддээ найдлаа гэж мэдэгдсэн. Удахгүй ганзагачид лангуу хотойтол бараа авчирч байсан билээ. Түүн шиг иргэддээ найдах цаг ирж.
Одоо монголчууд эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авах цаг иржээ. Морио унаж, үхэр тэргээ хөллөж аваад ч хамаагүй монголчууд зүтгэх юм бол богинохон хугацаанд нефтиэ боловсруулж, түлшээ гаргаад авчихдаг болно. Манайх шиг цомхон хотод бүгд алхаад явахад ажил амжуулахгүй гэж айхын ч хэрэггүй. Нэг км замыг дундаж хэмнэлээр алхахад 7-9 мин алхдаг гэдэг. Сансраас Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбайгаас гурав, дөрөвдүгээр хороолол ороход үсрээд 30 минут. Наадмаа морио унаж байгаад үзсэн ч яадаг юм. Ямар ч л байсан том ашиг сонирхлоороо монголчууд нэгдэж чадвал эдийн засгийн тусгаар тогтнолоо олж чадна. Морь унаад ч болов Монголоо авч үлдье.
URL: