“SGS”-ийн удирдлагуудад найман жилийн ял төлөвлөжээ
Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байхдаа татвараас зайлсхийсэн “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн менежер Кристобал Дэвид, Хиларион В.Кажуком нарт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэж эхэллээ. Шүүх хуралд шүүгчээр Е.Цогтзандан, Т.Алтантуяа, Г.Ганбаатар, улсын яллагчаар О.Гэрэл оролцож байна. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Н.Цогт, Ж.Эрдэнэбулган, Э.Уянга, Ц.Цэрэнжээ, П.Одгэрэл иржээ. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байсан бөгөөд хоёр өдөр үргэлжлэхийг албаны эх сурвалж мэдээлэв.
Хуулийнхан тэдэнд 2007-2011 онуудад татварын тайлан тооцоог Монгол Улсын Татварын ерөнхий газарт тайлагнахдаа борлуулалтын орлого болон зардлын тоо хэмжээг зориуд өөрчилсөн. Мөн татвараас зайлсхийж, 84 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ зүйл ангид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таваас найман жил хүртэл хугацаагаар хорих тухай тусгажээ.
Б.ЭНХ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: