Гашуунсухайтад туузан дамжуулагчаар нүүрс зөөвөрлөхөөр боллоо
Экспортын гол хаалга болсон Гашуунсухайт боомтод “Сайхан Ордос туурь” ХХК их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна.
Монгол, Хятад хоёр улсын гадаад худалдааны гол хаалга болсон Гашуунсухайт-Ганцмодны боомтод тус компани туузан дамжуулагчаар нүүрс зөөвөрлөж, ангилах төхөөрөмж суурилуулжээ.
Өндөр ачаалал үүрдэг энэ боомтын үйл ажиллагаанд тус төхөөрөмжийг суурилуулснаар Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний худалдаа нэмэгдэнэ хэмээн салбарынхан ам сайтай байлаа. Хамгийн гол нь байгальд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд ээлтэй болохыг иргэд сайшаав.
Энэ онд Монгол Улс өмнөх жилийнхээс хоёр дахин илүү хэмжээний нүүрс экспортлох зорилт тавьсан
Өмнө нь нүүрсийг машинаар зөөвөрлөхөд хөө тортог, тоос шороо ихээр дэгдэж амьсгалын замын халдварт өвчин үүсгэдэг байсан аж. Дээрх төхөөрөмжийн буянаар энэ аюул ард хоцорчээ.
Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортолсны 60 гаруй хувийг буюу 10 сая гаруй тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор гаргасан байна. Энэ боомтоор мөн 65 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Гэхдээ эдгээр үзүүлэлт нь өмнөх оныхос 10 гаруй хувиар буурсан дүн юм.
Хил дээр үүсдэг түгжрэл, ачаалал экспортын хэмжээ буурахад багагүй хувиар нөлөөлж буйг албаныхан тодотгодог.
Энэ онд Монгол Улс өмнөх жилийнхээс хоёр дахин илүү хэмжээний нүүрс экспортлох зорилт тавьсан тул Гашуунсухайт боомтын хүчин чадлыг эрс нэмэх шаардлагатай хэмээн Засгийн газраас онцолж байлаа. Тэгвэл энэхүү ажилд “Сайхан Ордос туурь” ХХК-ийн суурилуулсан туузан дамжуулагч чухал үүрэг гүйцэтгэх боллоо хэмээн албаныхан тодотгосон байна.
URL: