Цэцэг тарихаар цэцэрлэг бариасай
Нийслэлд цэцэрлэгийн тоо хангалтгүйгээс эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхээр хонон өнжин дугаарладаг үзэгдэл энэ жил ч мөн давтагдаж байна. Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа. Гэсэн ч эцэг эхчүүд хэд хоногийн өмнөөс нойр холоо хасан байж дугаарлаж эхэлсэн.
Эцэг эхчүүд хамгийн доод тал нь тав хоног дугаарлаж байгаагаа дуулгасан бөгөөд цаашлаад эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд хамгаалалтын алба хүртэл хөлсөлжээ. Тодруулбал нийслэлийн 122-р цэцэрлэгийн эцэг эхчүүд хамгаалалтын алба хөлслөхийн тулд нэг бүр нь 2500 төгрөг хураасан талаар эх сурвалж мэдээлжээ. Энэ бүхнээс харахад цэцэрлэгийн “дажин” эхэлсэн гэхэд болно.
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх нь их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ гэсэн ам яриа ч газар авсан байв. Эцэг эхчүүдийн хэлж буйгаар цахим аргаар бүртгэл хийхийг илүүд үзэж байгаа. Тэрчлэн тухайн цэцэрлэгийн зүгээс наймдугаар сарын 20-ноос эхэлж номер тараадаг ч байж болно. Хэрэв тэгвэл эцэг эхчүүд ингэж бухимдаж, хонон өнжин дугаарлах шаардлагагүй гэсэн үг юм.
Жилийн жилд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл асуудал үүсгэх болсон байхад холбогдох газрууд нь анхаарлаа тавьж, зохицуулж чадалгүй өдий хүрлээ. Азтай, одтой, тэвчээртэй, ар өврийн хаалгатай нэгэн л хүүхдээ цэцэрлэгт сая нэг бүртгүүлдэг тогтолцоо аль хэдийн цэцэглэжээ.
“Цэцэг тарихаар цэцэрлэг бариасай” гэсэн ёжтой үг ч эцэг эхчүүдийн дунд тархсан байлаа. Нэрээ л монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сургуулийн өмнөх боловсрол хэдхэн сарын настай хэврэг цэцэгсээс дор гэж үү.
Хөгжил бол ХҮҮХЭД
Б.Сийлэн
new.mn
URL: