З.Энхболд: Бүр болохгүй бол санал асуулга явуулж ард түмнээсээ асууя
УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
-МАН, АН-тай хамтарч засгаа байгуулахдаа гэрээ байгуулсан санагдана. Тэр гэрээнд Сонгуулийн тухай хуулиа шинэчилнэ гэж тусгаж баталгаажуулж байсан. АН-ыг төлөөлөн гарын үсэг зурсан гишүүний нэг нь та байх аа?
-Тиймээ. Хоёр нам хамтран ажиллахаар байгуулсан гэрээ болон ажлын хэсгийн уулзалтын протокол, зөвшилцлийн баримт бичгийг үзүүлье л дээ. 2008 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хоёр намын ажлын хэсэг хуралдаад есөн асуудлыг шийдвэрлэнэ гэж тохиролцон МАХН-ын ажлын хэсгийг төлөөлж одоогийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, АН-ын ажлын хэсгийг төлөөлж би гарын үсэг зурсан юм. Энэ протоколд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд Сонгууль, нэгдсэн бүртгэлийн дэд хороо байгуулж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж тусгасан байгаа. Тэгээд 14 хоногийн дараа буюу наймдугаар сарын 18-ны өдөр зөвшилцлөө байгуулсан юм. Энэ зөвшилцлийн гуравдугаарт Сонгуулийн шинэчлэл хийнэ гэж дурайтал бичсэн байгаа. МАХН-ыг төлөөлж одоогийн Ерөнхий сайд С.Батболд хүртэл гарын үсэг зурж байлаа. Ийнхүү зөвшилцөж байж есдүгээр сарын 12-ны өдөр хоёр нам хамтран ажиллах гэрээ байгуулж хамтарсан Засгийн газрыг байгуулсан шүүдээ.
-Ийм гэрээ, зөвшилцөл байгуулахдаа МАН-ынхан ямар тайлбар хийж байсан юм бэ?
-Гэрээ байгуулах явцад 2008 оны сонгуулиар болсон будлианыг арилгая, мөнгө төгрөгөөс хамааралтай сонгууль болсон байна. Тиймээс хуулиа өөрчилж, шинэчлэл хийе гэцгээж байлаа. Зөвхөн УИХ-ын ч биш орон нутгийн гээд бүх л шатны сонгуулийн тухай хуулийг өөрчилж сайжруулъя гэсэн. Сайжруулна гэхээр одоогийн 26 тойргийг 52 болгож жижигрүүлэхийг хэлэхгүй биз дээ.Энэ нь харин ч улам дордуулах гэж байгаа хэрэг. Өмнө нь манай улс жижигрүүлсэн 76 тойргоор сонгууль явуулж үзсэн. Энэ нь дэмий мөнгөөр зодоод гараад ирж байна гээд тойргийг томсгож 26 болгосон. 2008 онд 26 тойргоор мажоритар тогтолцоогоор сонгууль явуулсан. Гэвч энэ нь ямархуу байсныг олон түмэн мэдэж байгаа. Тэгээд л Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх асуудал яригдаж, пропорциональ тогтолцоотой больё гээд хоёр ч хуулийн төслийг гишүүд өргөн барьсан. Гэтэл МАН-ынхан шууд пропорциональ тогтолцоо руу шилжих боломжгүй, пропорционалийн элемент давамгайлсан холимог хувилбарыг санал болгосон дог. Хоёр нам холимог гэж тохиролцоод, сонгуулийн хуулийн техникийн шинжтэй ,асуудлуудаа шийдэж, зарчмын зөрүүтэй саналаа нэг мөр болгоод хэд нь пропорциональ, хэд мажоритар байхаа шийдэхээр болтол МАН-ынхан зангаа хувиргаж байна. Нөгөө шинэчлэл хийх нь байтугай 26 тойргийг улам бүр жижигрүүлж 52 болгоно гэж зүтгэн байр сууриасаа, байгуулсан гэрээнээс ухарч эхэллээ. Энэ гарын үсэг зурж байгуулсан гэрээ чинь хогийн цаас болж хувираад байна.
-МАН пропорциональ болгоё гэсэн санаачилга хамгийн түрүүлж гаргаж байсан. С.Баяр намын дарга байхдаа таван төгөлдөршлийн нэг нь сонгуулийн хуулийн шинэчлэл гэж тунхаглаад 100 хувь пропорционалийг санал болгож байсан бол МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан пропорциональ тогтолцоон дээр үндэслэсэн хуулийн төслийг өргөн барьж байлаа. Яагаад энэ намынхан хэлж ярьж байснаасаа буцаад байгаа юм бол оо?
-Тойргийг жижигрүүлэх гээд байгаа нь одоо УИХ-д сууж байгаа гишүүн болгоноо л тойрогтоо болгох гэсэн санаархал юм байлгүй дээ. Өөр хэн ч нэр дэвшиж болохгүй, тойрог хувьчилж өгөх гээд ингэж зүтгээд байгаа байх. Тиймээс АН эрс эсэргүүцэж, завсарлагаа авсан. АН-аас тохирсондоо байж сур, эргэж буцаад байх юм бол хамтарсан засаг цаашид оршин тогтнох эрх зүйн үндэсгүй болно шүү гэсэн асуудал тавьж байна.
-МАН буулт хийхгүй бол АН завсарлагаа авсан хэвээрээ л байгаад байх уу. УИХ гацаж, хаврын чуулган ч завсарлаж чадахгүй болох нь байна?
-Ерөөсөө сонгуулийн хуульдаа шинэчлэл хийж, сонгуулиа ард түмний хүсэн хүлээж байгаа шиг шударга, мөнгө хөрөнгөөс хамааралгүй болгохгүй гэвэл энэ УИХ байх хэрэг байна уу. Юу ч шийддэггүй УИХ байснаас тарсан нь дээр. Сонгуулийн тухай хуулиа ч гаргаж чадахгүй. Тийм биз дээ. АН-ын хувьд ийм л байр суурь барьж байгаа. МАН-ынхныг ямар хариу өгөхийг л хүлээж байна.
-МАН 24:52, АН 50:26 гэж гэдийцгээж байна. Байр сууриа хамгаалаад зүтгэвэл сонгуулийн тухай хуулиа шинэчилж чадахгүйд хүрэх нь дээ?
-Манай нам л ийм байр суурьтай байна гээд асуудлыг шийдэхийн төлөө ажиллахгүй суугаад байж болохгүй. Бид 50:26 гээд улайран хамгаалаад таг гэдийчихгүй ээ, зарим нэг өөрчлөлт оруулж болох юм гэсэн саналаа ч МАН-ынханд хэлсэн. Ингэж буулт хийгээд байхад ч МАН-ынхан хүлээж авахгүй байгаа учир хуулийн хүрээнд завсарлага л авч байна. Бүр болохгүй бол санал асуулга явуулж ард түмнээсээ асууя. Яагаад заавал хоёр нам бүх асуудлыг шийдэх ёстой гэж.
-Дундын хувилбар гээд 38:38 гэж тогтож магадгүй л юм. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Бүр арга ядвал 38:38 байж болох л юм. Жижигрүүлсэн 52 тойрог байснаас арай л дээр юм даа.
-Тоон дээр тохиролцохоор хоёр намаас томилсон ажлын хэсэг анхны хуралдаанаа Д.Лүндээжанцан даргын өрөөнд хийсэн. МАН-аас ажлын хэсэгт орсон гишүүд пропорциональ давамгайлахыг дэмжсэн юм биш үү?
-Ажлын хэсэг сайн ажиллаж байгаа. Бид дундын хувилбар олох гэж нэлээд ярилцсан. Гэвч тэр гишүүд намын бүлэг дээрээ очоод танилцуулахаар бидний ярьсан бүх зүйлийг нь тас цохиод “Та нарт ийм эрх өгөөгүй” гээд загнаад байгаа байхгүй юу. Бид бүхэн аль болох тохиролцохын төлөө л явж байна.
-Тэгээд л МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан ажлаа өгөхөө мэдэгдээд байгаа юм байна л даа?
-Тэрийг би мэдэхгүй ээ. Ер нь тойргийн тоог жижигрүүлэх тусам мөнгөтэй хүмүүс л орж ирэх магадлал нэмэгдэнэ. 1990 онд 340 тойрогтой байсныг дараагаар нь өөрчлөөд 76 болгосон бол өнгөрсөн сонгуулиар 26 болгож системтэйгээр бууруулаад байгаагийн учир нь мөнгөөр биш үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөрөө уралддаг, мөнгөний хамаарлыг багасгахыг л зорьж байгаа хэрэг.
-МАН нэрээ солиод рейтинг нь буурч, дээрээс нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН гэсэн товчлол бүхий нам байгуулж сонгуульд орох гээд байгаа учир пропорционалиас жийрхээд байгаа юм болов уу?
-МАН-ын дотоод асуудал Монголын ард түмэнд ёстой падгүй. Монголын ард түмэнд хэрэгтэй хууль батлах гэж байгаа болохоос МАН-ыг сонгуульд ялуулж байх гэж хууль гаргах хэрэг үү.
-МАН-ын шинээр барьж байгаа ордонд уул уурхайн компаниудын босс нар их хэмжээний хандив өгснийхөө хариуд тойргоо авч байна гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Баян захирлуудыг тойрогт нь томилчихсон байна гэж сонин хэвлэлээр бичигдэж байгаа. Баян хүмүүс жижиг тойрогт мөнгөөр зодоод гарна гэж тооцоолж байхыг ч үгүйсгэх аргагүй. Монголын Улсын их хурал уул уурхайн компаниудын тэрбумтнуудын цуглуулга болох уу, үгүй юу гэсэн сонголтын өмнө ирчихээд байх шиг байна даа.
-Өндөр босго тогтоолгүй, пропорциональ хэлбэр давамгайлбал жижиг намууд парламентад орж ирэх бололцоо нэмэгдэх үү?
-Парламентад суудалтай намын тоо нэмэгдэнэ. АН намынхаа эрх ашгийг хойш тавиад зөвхөн тойргийнхоо төлөө биш улс орныхоо төлөө зүтгэдэг гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг л зорьж пропорциональ давамгайлах ёстой гэж үзэж байгаа. Тэгээд ч намуудын төлөөлөл парламентад орж чадахгүй гудамжинд хашгирч байснаас энд орж ирээд асуудлаа шийдэхэд оролцдог л доо.
-Тоон дээр тохирсон ч бас санал нийлэхгүй нэг асуудал бий. АН нам дугуйлна, МАН хүний нэрийг нь дугуйлна гээд байгаа. Үүнийг хэрхэх бол оо. Нэг нь л буулт хийж таарах байх даа?
-Уг нь пропорционалиар сонгууль явуулбал намыг дугуйлдаг. Гэвч АН зөвхөн нам дугуйлна гэдгээсээ бууж өгөөд нам, хүн хоёрыг зэрэг дугуйлж болох юм гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Хүний нэр дугуйлах нь намын гаргасан жагсаалтыг шинээр эрэмбэлэхэд хэрэгтэй. Сонгуулийн дараа сонгогчдоос авсан саналаар нь дахин эрэмбэлнэ. Намын гаргасан 50 хүний жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн ч байлаа сонгогчдын саналаар нэгдүгээрт орж болох бололцоотой. Ингэснээр намын даргыг тойрон хүрээлдэг хүмүүс парламентад сууна гэсэн хардлага гарахгүй. Намуудын авсан саналын тоогоор суудал хуваарилна. Тэгээд л хамгийн өндөр санал авсан нь УИХ-ын гишүүн болно гэсэн үг.
-Өнөөгийн парламентын гишүүдийн 45 нь МАН-ынх. АН-ынхан завсарлага авсан ч ирц бүрдэж байна гээд асуудлаа хэлэлцээд явах эрх зүйн үндэс бий юу?
-Тэд болно оо гээд хуралдаад шийдвэрээ гаргаад явлаа ч гаргасан хууль, тогтоомж нь хүчин төгөлдөр бус. Хий хоосон хашгичсан хэрэг болох байлгүй.
-Хэдийгээр МАН олонхи гэж түрий бариад 52:24 гэсэн хувилбарыг зүтгүүлээд Сонгуулийн тухай хуулийг баталлаа ч Ерөнхийлөгч хориг тавих байх. Жижигрүүлсэн мажоритарийг төрийн тэргүүн дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байгаа?
-Ерөнхийлөгчийн хоригийг 26 гишүүн дэмжвэл хүлээж авдаг. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавьсан, тавиагүй ийм хууль гаргуулахгүй байх бололцоо бидэнд бий.
-ИЗ-НН-ын гурван гишүүн, Ц.Шинэбаяр гишүүн та нарын талд орох байх л даа?
-ИЗ-НН 50:26 -г дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна лээ.
-Танаас бас нэг зүйлийг асууя гэж бодлоо. Саяхан таны тэргүүлдэг Ардчилсан хүчний холбооноос сайд Л.Гансүхэд хандан шаардлага гаргасан байсан. Яасан юм бэ?
-Дархан-Уул аймгийн Ардчилсан хүчний холбооны Гантулгыг таван хоног баривчилсан байна. БОАЖ-ын сайд Л.Гансүхийг гүтгэсэн гэж. Энэ залуу 2008 оны сонгуульд Д.Хаянхярваа, Л.Гансүх хоёр нийлж хуйвалдаад сонгогдсон, нэг штаб байгуулсан энэ тэр л гэж ярьсан юм билээ. Иймэрхүү яриа сонгуулийн дараа байнга л гардаг. Тийм зүйлээр л хүн шийтгүүлэх гэж Л.Гансүх оролдоод байгаа юм. Ер нь Л.Гансүх урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн оронд хүн шүүхдээд хамаг цагаа бардаг боллоо. Тиймээс л Ардчилсан хүчний холбооноос мэдэгдэл гаргасан.
-Энэ асуудлыг АН-ын бүлгээр ярилцсан гэлүү?
-Бүлэг дээр энэ асуудлыг ярьсан. Л.Гансүхэд хүн шүүхдэхээ боль оо, ялих шалихгүй зүйлээр өөнтөглөж нэг намынхаа хүнийг барьж хориулаад явдгаа зогсоо, гомдлоо татаж ав гэсэн.
-Хүн гүтгэсэн гээд байгаа энэ асуудлыг шийдэх шүүх хурал болсон ч хэрэг бүртгэл дутуу байна гээд буцаасан гэсэн байх аа?
-Буцаасан гэсэн. Мөрдөн байцаалтын явцад эвлэрэх байлгүй гэж харж байгаа. Нөгөө хүмүүс нь Хаянхярваа, Гансүх хуйвалдаагүй юм байна гэж уучлал гуйсан гэсэн. Тэгээд байхад л намынхныгаа барьж шоронд хийлгүүлж байгаа нь зохисгүй хэрэг гэж намын дарга Н.Алтанхуягт ч шаардлага хүргүүлсэн байгаа.
-МоАХ-ноос бас Л.Гансүх сайдад шаардлага хүргүүлсэн байсан?
-Нөгөө нэг хоригдсон хүн нь МоАХ-ны гишүүн юм билээ. Тэгээд л бас бичиг хүргүүлсэн байх.
-Л.Гансүх сайдыг огцруулах тухай ч бүлэг дээр яригдсан гэлүү?
-Өмнөх ажлаа хийхгүй зарга хийгээд хамаг цагаа бараад байвал ажлаа өгвөл таарна. Хүн шүүхдэх нь үндсэн ажил нь юм бол түүнийгээ хийг л дээ.
Д.ДОРЖПАГМА
URL: