Монгол Хятадаар дамжин хөгжих боломжтой гэв

8-25-5Д.ЦЭЦЭГ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийсэн БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын дарга З.Эхболд түүнд бараалхсанаар үргэлжилсэн юм. Олон жилийн дараа хийж буй БНХАУ-ын даргын айлчлал нь хэн хэндээ хэрэгтэй, өгөөжтэй айлчлал болж буйг Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнд бараалхах үеэрээ хэлж байв. Тодруулбал, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалаас эхлээд 20 гаруй гэрээ, хэлцэл хийж чадсан нь айлчлалын үр дүн хэмээв. Үүний зэрэгцээ хоёр улс өөр бусад салбарт ажиллах боломж байгаа тухай Ерөнхий сайд өөрийн саналаа дурьдсан юм. Тухайлбал, Монголын экспортын бараа, бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд татваргүй, квотгүй гаргах чиглэлд анхаарахыг хүслээ. Мөн уул уурхайн салбарт хамтран ажиллах боломж байгааг ч хэлээд амжив. Өөрөөр хэлбэл, хоёр улс эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор Монгол Хятадын эрчим хүчний зөвлөл байгуулсан. Тиймээс эрчим хүч экспортлох, нүүрсний уурхайг түшиглэсэн цахилгаан станц хамтран байгуулахад боломж бий аж. Түүнчлэн хоёр тал дунд хугацаанд худалдааны хэмжээгээ арван тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байгааг ч энэ үеэр хэлсэн юм.

Харин БНХАУ-ын дарга Си Зиньпин түүний тавьсан хамтын ажиллагааны талаарх хүсэлтийг судалж, бодит ажил болгох талаар анхаарах болно гэдгээ илэрхийлсэн. Ялангуяа далайд гарцгүй манай орны хувьд транзит тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Хятадын боомтуудыг ашиглах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятад улс руу их хэмжээгээр нийлүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Хятадын талаас уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэр барьж, хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой талаар ч хоёр тал яриа өрнүүлсэн юм.

Мөн зарим тодорхой шийдэлд хүрч чадвал үүнээс олон ажлыг хамтын хүчээр хийнэ гэдгээ Си Зиньпин дарга илэрхийлсэн. Түүний нэг нь өмнийн говийн төмөр зам аж. Хэрэв төмөр замыг нарийн царигаар шийдсэн тохиолдолд хөрөнгө оруулалтаас эхлээд барих хүртэлх ажилд Хятад улс хамтран ажиллах боломжтой юм байна. Түүгээр ч зогсохгүй Хятадын талаас Торгоны зам төслийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа энэ үед Монгол Улс “Талын зам” төслийг санаачлаад байгаа. Энэ хоёр замыг хэрхэн хослуулах талаар бид судлах болно гэдгээ БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлснээр Ерөнхий сайдтай хийсэн уулзалт өндөрлөсөн. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын зарим гишүүдийн хамтаар Си Зиньпин даргад бараалхсан юм. Уулзалтын эхэнд Си Зиньпин дарга айлчлалын талаар сэтгэгдлээ хэлж байсны дотор “Хятад Монгол хоёр улс уул усаар холбогддог найрсаг хөршийн хувьд цаашид эв нэгдлийг эрхэмлэсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна” гэдгээ онцлон тэмдэглэж байв. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Энэ удаад иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, Монгол-Хятадын хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протокол зэрэг чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Эдгээр хамтын ажиллагааны баримт бичгүүд нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Манайд улсад хийж буй түүний айлчлалтай холбоотой УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан зарлаж, уг хуралдаанд манай төрийн тэргүүнүүд оролцсон юм. Ингээд УИХ-ын дарга үг хэлснээр Хүндэтгэлийн хуралдаан эхэлсэн. Үүний дараа Си Зиньпин дарга үг хэлсэн. Хэлсэн үгэндээ хэд хэдэн зүйлийг онцлов. Богино гэлтгүй хоёр өдрийн айлчлалаар олон ажил амжуулсандаа сэтгэл өндөр байгааг тэрээр хэлсэн юм. Энэ өдрүүдэд дамжин өнгөрөх тээвэр, далайн гарцын асуудалд тодорхой шийдэлд хүрсэн. Мөн хоёр тал уул, уурхай, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс байгууллаа. Түүнчлэн юань, төгрөгийн свопийн хэмжээг 10 тэрбум 500 сая хүртэл нэмэгдүүлсэн зэрэг олон асуудлыг амжиж шийдсэн гэж болох аж. Үүнээс гадна Си Зиньпин Монгол Улсыг АПЕК-ийн гишүүнээр элсэхийг уриалж, дэмжих болно гэдгээ хэлээд амжив.  Мөн түүний хэлсэн үгэнд манай улсаар дамжин Монгол Улсын эдийн засаг хөгжих нөхцөл боломж бий гэдгийг харж болохоор байлаа. Ингэхдээ тэрээр “Өнгөрсөн жил Хятад улсын импорт, экспортын барааны эргэлт дөрвөн их наяд 16 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх таван жилд Хятадын гадаад худалдааны эргэлт арван их наяд, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо байна. Өнгөрсөн жил гадаадад зорчсон хятад иргэдийн тоо бараг 100 сая болсон. Энэхүү тоо 2020 он гэхэд 150 саяд хүрнэ. Хятад улсын тасралтгүй хөгжил Монгол Улс болоод бусад түншүүдэд асар том зах зээл, боломжийг нээж байна” гэж хэлсэн нь түүний хамтран ажиллах зорилготой байгаагийн илэрхийлэл байв.

БНХАУ-ын даргын манай улсад хийх хоёр өдрийн айлчлал “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажил­лагааг эргэн ха­рахуйд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болон бэсрэг наа­дамд зочилсноор албан ёсоор өндөрлөсөн юм.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих