Д.Ганхуяг: Олон жилийн хөдөлмөрөө нэг ч тоосго тавиагүй нэгэнд зүгээр өгч чадахгүй
“Тавин ус” компанийн захирал Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Сүүлийн үед тус компанийн өмчийн барилгад маргаан үүсч, шүүхийн шатанд очоод байгаа юм.
-Танай өмчийн барилгад маргаан үүсч шүүхийн шатанд очоод байгаа гэсэн. Чухам ямар барилгын асуудал байгаа юм бэ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Манай компани эмийн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор 2005 онд Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар цэргийн 107 дугаар ангийн авто үйлчилгээний барилгыг Хаан банкнаас худалдаж авсан юм. Энэ барилга үндсэндээ суурийн хэмжээгээр 864 ам метр талбайтай байснаас бид тал хэсэг болох 423 ам метрийг нь худалдаж авсан юм. Энэ үед энэ барилга Хаан банкны барьцаанд байсан бөгөөд барилгын өмчлөлийг шилжүүлэхдээ Хаан банкны хүмүүс болон барилгын эзэн н.Баттулга, хөрш буюу барилгын үлдсэн хэсгийн өмчлөгч Л.Чимэддагвын ах Л.Бат-Эрдэнэ, түүний ээж нарыг байлцуулж хуваасан. Тухайн үед хэмжилт хийгээд, барилгыг өмчлөх зааг хэмжээг тогтоогоод хөрш Л.Бат-Эрдэнэ өөрөө барилгын дундуур хязгаарлах блокон ханаа барьсан. Бид худалдаж авсан том гаражийн дотор хэсэгтээ 2008 онд краказан цутгалттай хоёр давхар барилга барьж 2009 онд ашиглалтанд оруулсан юм. Уг барилгаа барихын тулд Японы “Жайка” төслийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугацаатай төслийг хэрэгжүүлж банкнаас 806 сая төгрөгийн зээл авч барилгаа барьж, эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжөө худалдан авч, орчин үеийн стандартад нийцсэн үйлдвэрлэлийн барилга болгон өнөөдрийг хүртэл эмийн үйлдвэрлэлээ явуулж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр манай үйлдвэр 90 хүнийг ажлын байраар хангаж, улсад багагүй хэмжээний татвар төлж ажиллаж байна.
-Анх 423 ам метр талбайг худалдан авсан гэлээ. Хэчнээн төгрөгийн өртгөөр худалдаж авав. Олон талын төлөөлөл байлцжээ?
-Худалдагч талынхан манайд худалдсан хэсгийг Хаан банкинд 30 орчим сая төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан юм билээ. Бид барьцааны төлбөрийг өгч, мөн худалдагч талд 30 орчим сая төгрөг, нийтдээ 60 сая төгрөгөөр худалдаж авсан обьект.
-Тухайн үед танайхыг худалдаж авсан гэснийг гэрчлэх бичиг баримт бий юу?
-Мэдээж байлгүй яахав. 423 ам метр талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Тухайн үед Хаан банкнаас авч байхад обьектын дөрвөн хаалганы голоор зааглагдана гэж тайлбарлаж байсан. Хөрш талынхан ч тэр заагаар блокон хана өөрсдөө барьж байсан зураг, баримтууд бий.
-Тэгвэл өнөөдөр ямар асуудал үүсээд байгаа юм бэ?
-2013 оноос манай барилгын талыг өмчлөгч Л.Чимэддагва “Миний өмчлөлийн барилгын талбай дээр барилга барьсан байна” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж эхэлснээр энэ асуудал үүссэн. Тэд урьд өмнө ийм асуудал тавьж байгаагүй мөртлөө олон жилийн дараа ийм алхам хийсэнд бид үнэхээр гайхсан. Маш хүнд туссан. Та бүхэн мэдэж байгаа байх, манай компани ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар нэр хүндтэй гэдгийг. Долоо, найман жилийн хөдөлмөрийг маань хэн нэгэн дураараа авахаар “Энэ минийх байсан” гээд гараад ирэхээр ямар байх вэ. Бид шүүх байгууллагыг үнэн зөвөөр шийднэ гэж итгэж байсан.
-Тэгээд ямар шийдвэр гарав?
-1300 м.кв талбайг нэхэмжлэгчид чөлөөлж өг гэсэн шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сард анхан шатны шүүх гаргасан. Шүүхээс энэ байдалд шинжээч томилуулж ажиллуулаагүйд бид гайхаж байна. Тодруулбал, манай барилгын талбай чухам яг аль хэсгээрээ Л.Чимэддагвын барилгатай давхцаад байгааг анхан шатны шүүх тогтоогоогүй мөртлөө ийнхүү 1300 м.кв талбай чөлөөл гэсэн шийдвэр гарсан юм. Хоёр талд хоёр өөр хэмжээгээр гэрчилгээ гарчихсан байхад бодит байдал дээр хэмжиж ажилласан бол шүүхийн шийдвэр ингэж гарахгүй байсан байх. Тэгээд бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал 2014 оны гуравдугаар сарын 5-нд болсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс “…Бодит байдлыг тогтоох хэрэгтэй, анхан шатны шүүхийн хэрэглэсэн хууль учир дутагдалтай байна, “Тавин ус” ХХК нь Л.Чимэддагвын өмчлөлийн барилгын талбайн чухам аль хэсгийг нь хууль бусаар эзэмшээд байгааг тогтоох шаардлагатай” гэсэн дүгнэлт гарч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Гэтэл нэхэмжлэгч тал Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж шүүх хурал нь саяхан болж анхан Улсын Дээд шүүхийн хэргийг материалд цугларсан баримтад андуу ташаа дүгнэлт хийж, урьд нь талуудын эзэмшил газрын давхцалыг хэмжиж тогтоосон шинжээчийн дүгнэлтийг барилгын талбайн давхацлын дүгнэлт мэтээр дүгнэн авч үзэж “… Л.Чимэддагвын өмчлөлийн барилгаас “Тавин ус” ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байгаа хэсгийг чөлөөл” гэсэн агуулгатай шийдвэр гаргасан. Үүнд бид үнэхээр гайхаж байна. Шүүх байгууллага Монгол Улсын иргэн хүний гомдлыг хуулийг дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Ядаж бодит байдал дээр шинжээч томилоод ажиллуулчихгүйгээр, нэг талынх нь амыг дагаж шийдвэр гаргасан. Гэтэл Л.Чимэддагвын өмчлөлийн барилгаас манай компани яг аль хэсгийн хэдэн м.кв талбайг нь эзэмшээд байгаа нь мөн л тодорхойгүй үлдсэн. Одоо шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болохоор барилгын аль хэсгийг нь манай байгууллагыг хууль бусаар эзэмшээд байна гэж үзэж байгааг мэдэхгүй. Л.Чимэддагвыг манай үйлдвэр дээр дагуулж ирээд энэ өрөө манайх гэж заасан болгоныг нь битүүмжлэх ажиллагаа явуулж байна. Уг нь шүүх хэмжээд Л.Чимэддагвын өмчлөл чухам хаагуур нь байна, “Тавин ус” компанийн өмчлөл аль хэсэг гэдгийг нь сайтар тогтоосон бол ийм ойлгомжгүй асуудал үүсэхгүй шүү дээ.
Бас нөгөө талаар бидэн шиг яг ийм байдлаар өөрсдийн хүч хөдөлмөр, эд хөрөнгөө зарцуулаад барьж байгуулчихсан хөрөнгийг нь хамгаалдаг хуулийн зохицуулалт манай улсын хуульд бас байдаг юм билээ. Монгол Улсын Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т биднийг барилга барь эхэлж байхад л Л.Чимэддагва манай эзэмшил руу хил зөрчиж орж ирлээ гэж маргаагүй, шаардлага тавиагүй бол цаашид шаардах эрхээ алдах зохицуулалтай юм билээ. Гэтэл Л.Чимэддагва 2008 онд биднийг барилга барьж байхад огт одоогийнх шиг шаардлага тавиагүй хэрнээ найман жилийн дараа бидний барьж байгуулсан хөрөнгийг манай өмчлөл хэмээн маргаж чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гэнэт гаргасан нь хууль зүйн хувьд шаардах эрхээ алдсан нэхэмжлэлийн шаардлага болох ёстой байсан юм билээ. Гэтэл бид хөршийн эрхийн уг заалтыг шүүхэд тайлбарласаар байхад шийдвэртээ ганц үсэг ч тавьж дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрээ гаргасан нь үндэслэл бүхий болж чадаагүйн бас нэгэн жишээ юм.
-Шүүх байгууллага шинжээч томилоогүйгээс гадна та бүхний бүтээн байгуулалтыг хэрэгт авч үзээгүй, хөршийн эрхийн хуулийг хэрэглэж дүгнэлт хийгээгүй гэлээ. Та бүхэн 2005 онд тус обьектыг худалдаж авснаас хойш хэр хэмжээний бүтээн байгуулалт хийсэн бэ?
-Одоогийн байдлаар 800 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа гэж тооцоолж байна. Бид давхар барилга барихаас гадна ажилчдын хоолны газар, агуулахууд барьсан. Мөн гадна талбайдаа 30 гаруй төрлийн бут сөөг ногоон байгууламж тарьж ургуулсан. Мөн эмийн ургамлыг тарималжуулсан.
-Энэ талаар Ерөнхий шүүгчид гомдол гаргасан гэсэн. Ямар үндэслэлийг онцлов?
-Нэгдүгээрт тухайн талбайн хэмжилт буруу байна. Хоёрдугаарт, Иргэний тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т заасан зүйлийг шүүх хурлуудын явцад манай өмгөөлөгч хэлж байсан шүүгчид дүгнэлтэд тусгахгүй байгааг онцолсон байгаа. Энэ нь “Хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх” гэсэн заалт юм. Бидний талаас хууль зөрчөөгүй худалдаж авсан бүх баримтыг хоёр шатны шүүх тооцохгүй байгаа учир ядаж энэ үндэслэлийг тусгаач гэж хүсч байгаа юм. Бид Монгол Улсын стандартад нийцсэн орчин үеийн эмийн үйлдвэрийг барьж байгуулан улсад татвараа төлж, 90 гаруй хүнийг амьдралд нь залгуулж явна. Гэтэл нэг ч тоосго нэмээгүй хүмүүс бидний олон жилийн хөдөлмөрийг өөрийнх болгохоор улайрч шүүхийн шийдвэрт ямар хэмжээний талбай чөлөөлөхийг тусгаагүй байгааг далимдуулан манай барьсан барилгыг бүхлээр нь булаан авах гэж байгаад харамсч байна. Шүүхийн байгууллага ч үүнийг үнэн зөвөөр шийдэхгүй байгаа нь хачирхалтай. Төр засаг жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжинэ гэж яриад байдаг мөртлөө доод шатанд, шүүхийн шийдвэрээр бол энэ барилгаа нураагаад олон хүнийг тэжээж байгаа ажлаа зогсоож, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө гудамжинд гарга гэсэн үг шүү дээ. Үнэхээр бид бусдын талбайд зөвшөөрөлгүйгээр барилга барьчихсан бол шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Гэтэл 2005 онд тал талаасаа байлцаад хэмжилт хийгээд өмчлөх хэсгээ зааглаж хана барьж, гэрчилгээ гаргуулаад, мөнгө төгрөгөө авчихсан үйлдлүүдийг шүүх яагаад шийдвэртээ тусгахгүй байна вэ.
-Шүүх байгууллагад нөлөөлж байгаа хүчин зүйл байгаа гэж үзэж байна уу?
-Нэхэмжлэгч талаас шүүхэд олон жил ажиллаж байсан хүн байдаг юм билээ. Гэхдээ шүүхээд нөлөөлж байна гэж шууд хэлж чадахгүй. Харин бид хуулийн боломжийнхоо дагуу шат шатны шүүхийн шийдвэрүүдийг дахин хянуулж дүгнэлт гаргуулахаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байгаа. Тэнд л бидний маргааны үйл баримтыг Ерөнхий шүүгч нарийн нягталж шударга шийдвэр гаргана гэж итгэж байна. Олон жилийн хөдөлмөрөө нэг л өдөр шүүхийн алдаанаас болоод бусдад булаалгаад алдах ямар сайхан байхав дээ.
-Танай хөрш Л.Чимэддагва гэх хүн найман жилийн дараа гэнэт нэхэмжлэл гаргасан шалтгаан нь ямар учиртай юм бол. Өмнө нь энэ талаар та бүхэнд хандаж байгаагүй гэж үү?
-Үгүй. Нэхэмжлэгч талын эзэн Л.Чимэддагва гэх өнгөрсөн жилээс л гэнэт манай эмийн үйлдвэрийн барилгыг булаацалдаж эхэлсэн. Олон жилийн дараа ингэж гарч ирж байгаа нь түүнийг өмнө нь хууль бус үйлдлүүд хийж байсан нь зарим мэдээллийн хэрэгсэлд мэдээлэгдсэн байдаг юм билээ. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээг олон банкинд тавьж зээл авч байсан тухай байсан. Шүүх, цагдаад байцаагдаж байсан мэдээллүүд ч байдаг юм билээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд тодорхой үүрэг хариуцлага хүлээж байсан болохоор таг чиг байсан байх. Тиймээс одоо Ерөнхий шүүгчийн шийдвэрт найдаж байна. Ерөнхий шүүгчид бодит байдлыг дахиж хянах, анхан шатанд нь аваачих хүсэлтийг тавьсныг дээр дурьдсан шүү дээ. Бүтээн байгуулж байгаа бизнесийнхнийг олон түмэн харж байгаа. Тиймээс шүүхийн шийдвэрээс болж манай ажилчдын эрх ашиг төдийгүй хэрэглэгчид хохирох вий гэдгээс бид эмээж байна. Хэрэв тоног төхөөрөмжөө ажиллуулахгүй зогсоогоод, үйлдвэрийн үйл ажиллагаа зогсчихвол түүхий эдийн хугацаа дуусахаас гадна төслийн зээлийн хэрэгжилт зогсож, олон сая төгрөгийн өрөнд орох аюул учраад байна. Шүүх дээрх шударга бус зүйлсийг олж харж үнэн зөв шийдвэр гаргаасай хэмээн залбирч сууна даа.
“Бид худалдаж авсан том гаражийн дотор хэсэгтээ 2008 онд краказан цутгалттай хоёр давхар барилга барьж 2009 онд ашиглалтад оруулсан юм”
“Тавин ус” компанийн үйлдвэрийн барилгад 400 гаруй сая төгрөгийн эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж байдаг бөгөөд 90 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
“Тавин ус” компанийн захирал Д.Ганхуяг Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар цэргийн 107 дугаар ангийн авто үйлчилгээний барилгыг 2005 онд худалдаж авч байхад ийм байжээ.
Тус барилгад 2009 он хүртэл 806 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн стандартад нийцсэн үйлдвэрлэлийн барилга болгон өнөөдрийг хүртэл эмийн үйлдвэрлэлээ явуулж байна. Мөн гадна талбайдаа 30 гаруй төрлийн бут сөөг ногоон байгууламж тарьж ургуулж, мөн эмийн ургамлыг тарималжуулжээ.
С.БОЛД /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: