Н.ЭНХБАЯРЫГ АЛБАДАН ИРҮҮЛЖ МАГАДГҮЙ
-Дуудсан хугацаанд нь ирж мэдүүлэг өгөхгүй бол ийм арга хэмжээ авч болох гэнэ-
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүгийн гэмт хэрэгтэн болоод байгаа. Энэ удаад түүнд АНУ-ын иргэн Алан Гинсбургийн гомдлоор хэрэг үүсгэсэн бөгөөд өдгөө тэрбээр залилагч гэсэн авторыг зүүгээд байгаа юм. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр түүнд МАХН-ын цагаан байртай нь холбогдуулан хавтаст хэрэг нээсэн ба хамгийн сонирхолтой нь түүнд хэрэг үүсгүүлж дөнгөсөн эрхэм нь “Морин нуур”-ын буюу нэг хэсэг манай улсад казино байгуулахаар хөөцөлдөж байсан еврейчүүдтэй холбоотой эрхэм. Түүнчлэн Алан Гинсбургийн хамтрагчид нь Василий Мёчкаров, Занцер нэртэй нөхөд байдаг бөгөөд нэг үе АНУ-ын зах зээл дээрээс хөрөнгө босгох гэж оролдож байсан гэх мэдээлэл хөвөрдөг юм. Тэгвэл тэд энэ удаад хамтран Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгтэн болгуулж дөнгөжээ.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой бас нэг мэдээлэл ирлээ. Энэ нь Цагдаагийн ерөнхий газраас Н.Энхбаярыг эх орондоо ирж мэдүүлэг өг гэсэн шаарддага. Энэ тухай албаны хүмүүсээс тодруулахад “Түүнд иргэний гомдлоор хэрэг үүсгэсэн. Тэрбээр ирж мэдүүлэг өгөх ёстой. Манайхаас ч энэ тухай өөрт нь мэдэгдсэн. Гэхдээ бичгээр үү, биечилж үү, цахимаар уу гэдгийг хэлэх боломжгүй. Хамгийн гол нь Н.Энхбаяр өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл түүнийг албадан ирүүлж болно” гэсэн юм. Тэгэхээр хууль хяналтынхан шаардлагатай гэж үзвэл Н.Энхбаярыг Солонгосоос албадан авчирч магадгүй болоод байна.
Ер нь Н.Энхбаяр гэдэг хүнийг буруутгах ажиллагаа сүүлийн хэдэн жил тасралтгүй үргэлжилж буй. Зөвхөн дээрх буюу МАХН-ын цагаан байртай холбоотой хэрэгт гэхэд хоёр тал худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийж, тухайн гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо хийсэн гэх мэдээлэл байгаа. Гэтэл үүнээс гурван жилийн дараа гэнэт нэмэлт төлбөрийн асуудал гарч ирсэн нь зарим хүний анхаарлыг татаж байгаа гэх. Учир нь манай улсад мөрдөж буй хууль тогтоомжоор бол, гэрээтэй холбоотой маргаан иргэний журмаар шийдэгддэг.
Гэтэл дээрх хэрэгт шууд эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаас нь харахад манай улсад гадаад нэхэмжлэгчийн гомдол хүчтэй байгаа нь анхаарал татаж байна. Учир нь хуулийн байгууллагад ажилладаг зарим эрхмийн өгүүлснээр АНУ-ын иргэн Атан Гинсбург эхлээд Авлигатай тэмцэх газарт Н.Энхбаярын эсрэг гомдол гаргасан юм байна. Гэвч АТГ-ынхан ‘Уучлаарай Энэ хэрэг биш байна” гээд буцааж.
Ингэхдээ Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдөр төр засгийн өндөр алба хашиж байгаа биш, дээрээс нь иргэний журмаар явдаг гэрээтэй холбоотой асуудал гэх зэргээр тайлбарласан гэж байгаа. Гэтэл АТГ-аас татгалзсан хариу сонссон Гинсбург Улсын мөрдөн байцаах газар хандаж улмаар Н.Энхбаяр гэдэг хүнийг дахин эрүүгийн “хэрэгтэн” болгочихоод… байгаагийн нууц энэ юм.
Л.Гэгээ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: