Х.Наранжаргал : Учир мэдэхгүй ноён улсын чөтгөр гэдэг л болоод байна

uls_53f80cc7d5b5f_1Монгол иргэн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх, айдас хүйдэсгүйгээр үгээ хэлэх эрх өнөөдөр төдийлөн баталгаатай бус, ялангуяа цахим орчинд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хандлага хүчтэй байсаар байна. Иргэдийн шүүмжлэх эрх, нэрээ нууцлах эрхийг хязгаарлаж, интернэтийн цензур тогтоож байгаа учраас Монгол Улсын Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийн тухай” НЭГ тоот тогтоолыг цуцлахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бидний төлөө дуу хоолойгоо өргөж, дэмжиж ажилладаг “Глоб интернэшнл” ТББ-аас удаа дараа уриалга гаргаж байсан билээ. Бид талаар “Глоб интерншнл” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай уулзаж ярилцлаа.

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг веб сайтууд эсэргүүцэж байгаа. Таны байгууллагын зүгээс ч багагүй эсэргүүцэж, уриалга гаргасан ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Энэ талаар таны бодол?

-Энэ тогтоолыг бид анхнаасаа эсэргүүцэж ирсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бидэнтэй нэгдэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр уриалга ч гаргасан. Харамсалтай нь энэхүү тогтоолоо хүчингүй болгооч гэсэн уриалгыг маань тоогоогүй. Сэтгэгдлийн нэгдсэн систем гэдэг юм нь бэлэн болж, одоо ажлаад эхэлсэн гэсэн мэдээлэл ч алга, бэлэн болоогүй гэсэн мэдээлэл ч байхгүй л байна. Интернэтийн эрх чөлөө хөгжлийн явцад цахим ертөнцөд хувь хүний нууц руу халдах гэсэн орлого хурцадмал болж байна. Цахим орчинд өөрийгөө илчлэхгүй, нэрээ нууцлаж үзэл бодлоо илэрхийлэх тэр боломжийнх нь эсрэг шийдвэр, журмын төслүүд байгаа.

-Хэдийгээр энэ журам батлагдаад албан ёсоор хэрэгжиж эхэллээ гэж мэдэгдээгүй ч хэрэгжээд эхэлчих вүү гэсэн хардлага хүмүүст байгаа. Яагаад гэхээр зарим IP дугаараас сэтгэгдэл орохгүй байна гэсэн гомдол байдаг?

-Тиймээ, албан ёсоор мэдэгдээгүй ч журам нь хэрэгжээд эхэлчихсэн. Энэ журман дээр байгаа заалтуудаас харъя л даа. Жишээ нь нэрээ нууцлах эрхтэй холбоотойгоор IP хаягийг нь бүтнээр нь хэрэглэгчийн үүсгэсэн контентын дээр харагдахаар тавих, эсвэл заавал хэрэглэгчийн нэр, мэйл хаягаараа ордог байх, мөн хэрэглэгчийн шаардлагатай мэдээллийг нэхэж авна гэсэн заалтууд нь тухайн хүний нэрээ нууцлаж байгаад үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хааж, боож байгаа хэлбэр юм. Чөлөөлт шүүмжлэл гэдэг бол угаасаа ардчилсан нийгмийн хүний эрхийн гол асуудлуудын нэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэг. Бид үнэхээр л ардчилсан нийгэм байгуулж байгаа бол тулгуур зарчмуудыг нь зөрчиж болохгүй л дээ. Харамсалтай энэ журмууд нь бүгдээрээ ардчиллын үнэт зүйлийн эсрэг байгаа. Мөн олон улсын хэм хэмжээнд Монгол Улсын нэгдэн орж соёрхон баталсан гэрээ хэлэлцээрийн үзэл бодлоо илэрхийлэх зарчмаас давсан хязгаарлалт байгаа.

Тэгэхээр энэ журмын дагуу цаашаа Монгол Улс явна гэвэл ялангуяа цахим эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд Арабын зарим орнууд, Хойд Солонгос гэх мэт захиргаадалтын дэглэмтэй улс орнуудаас юугаараа ялгарах юм. Тэгэхээр энэ нь ардчиллынхаа зарчмаас ухарсан шийдвэрүүд гарлаа гэж харагдаж байна. Дээрээс нь хуульчилсан актаар Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрүүд гараад байгаа нь байж боломгүй зүйл юм. Энгийн үгээр хэлэхэд маш бүдүүлэг. Монгол Улс чинь өөрийнхөө Үндсэн хуулиар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүнэ гэж амлаад байгаа шүү дээ. Дээрээс нь олон улсын гэрээ хэлэлцээр чинь дотоодын хуулинд үйлчилнэ гээд заачихсан. Тэгэхээр үүнийгээ журмаар хуульчилсан актаар зөрчөөд байгаа нь байж боломгүй үйлдэл. Мөн цензур хэлбэртэй цагдан хяналтын хэлбэртэй байгаа арга хэмжээнүүд байгаа. Шүүлтүүрийн программ ашиглана, тусгай зөвшөөрөл олгоно ч гэх шиг энэ бүхэн нь НҮБ-ын үзэл бодлоо илэрхийлэх зарчмуудын эсрэг байгаа юм.

Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд цензурын бүхий л хэлбэрийг хориглосон орон шүү дээ. Гэтэл агуулгад хяналт тавьж байгаа байгууллагууд нь бүгд төрийн байгууллага байгаа байхгүй юу. Хамгийн аюултай заалт нь Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх мэдэл бүхий байгууллагуудын албан захидал, мэдэгдлийн дагуу тухайн веб сайтад урьдчилан мэдэгдэлгүй таслан зогсоох эрхтэй гээд заачихсан байгаа. Энэ бол үнэхээр байж боломгүй, цензурын хэлбэр. Мөн өөрийн веб сайт дээр лайк дарж болохгүй, линк байрлуулж болохгүй гэсэн заалт байгаа. Тэгэхээр энэ сайтууд чинь юу хийх юм бэ, инээдтэй байгаа биз дээ.

“Учир мэдэхгүй ноён улсын чөтгөр” гэж Монгол ардын нэг зүйр үг байдаг. Яг л энэ зүйрлэл болоод байна. Яагаад гэхээр учраа мэдэхгүй хүмүүс л ийм сонин заалтууд гаргаад байгаа байхгүй юу. Юу болоод байгааг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Монгол Улс ардчиллын соёлыг хэвшүүлэх гэж оролдож байгаа, ардчиллын тогтолцоог хүлээн авсан улс орон гээд байгаа мөртлөө ардчиллын тулгуур зарчим үнэт зүйлсийг үгүй хийгээд байна. Эндээс харахад бид урагшлах биш ухраад байх шиг…

Хамгийн инээдтэй нь монгол хэл дээр контент бэлтгэж байгаа гадаадын сайтуудын хандалтыг зогсооно гэсэн заалт байгаа. Ирэх жил буюу 2015 онд Монгол Улсын Засгийн газар Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын хэрэгжилтийнхээ ээлжилт тайланг НҮБ-ын Хүний эрхийн хороогоор хэлэлцүүлэх ёстой. Одоо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр дунд шатныхаа тайланг хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Энэ үеэр НҮБ дээр очоод олон улсын өмнө энэ журмаа юу гэж тайлбарлах юм бэ, ядаж ичдэггүй юм уу. Монгол Улсын ерөнхий дүр төрх нь ардчиллыг амжилттай хөгжүүлж байгаа, үлгэр жишээ орон болж байна гэж ярьж байгаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монголын ардчилал амжилттай хөгжиж байгаа гэж ярьдаг байлаа. Олон улсын тавцанд ийм нэр хүндтэй байсан Монгол Улс иймэрхүү утгагүй арга хэмжээнүүд аваад эхлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүн юм бол царайгаа яаж харуулах юм, нүүрээ түлнэ гэж ярьдаг даа тийм л юм болоод байна.

-Өмнө батлагдсан журам дээр нь 3000-аас дээш хандалттай сайтуудыг хянана гэж байсан бол одоо шинэ батлагдсан журмаар хандалттай хандалтгүй бүх сайт бүүр хувь хүний цахим хаягийг ч хянах заалт орсон байгаа харагдсан?

-Тийм ээ, одоо нийгмийн сүлжээ рүү орчихлоо. Тухайн сайт өөрийнхөө фейсбүүк дээр лайк дарж болохгүй гэсэн заалт байгаа. Тэр бүү хэл хувь хүний блог, фейсбүүк дээр байгаа “time line” дээрээ хийсэн зүйлсийг ч сайт гэж үзэх гээд байх шиг сэтгэгдэл төрүүлэхээр байгаа юм.

Зөвхөн сэтгэгдэлтэй холбоотой маш олон заалт байгаа. Хууль бус сэтгэгдлийг устгана, журам зөрчсөн контентыг устгана, устгах боломжийг бүрдүүлж ажиллана, технекийн боломж нөхцлийг хангана, 24 цагийн дотор устгаад мэдэгдэнэ, энэ бүх нөхцлийг бүрдүүлнэ гэж гэсэн заалт байгаа. Үүнийг сайтууд өөрсдөө бүрдүүлэх гээд байгаа юм уу эсвэл Харилцаа холбооны зохицуулах хороо бүрдүүлэх юм уу энэ нь ойлгомжгүй. Эцсийн эцэст   Харилцаа холбооны зохицуулах хороо чинь цагдаа юм уу шүүх юм уу. Тухайн контент хууль зөрчсөн гэдгийг хэн тогтоох гээд байгаа юм. Уг нь хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхээр хэлэлцдэг биз дээ. Гэтэл бүх зүйлийг Харилцаа холбооны зохицуулах хороо боломжит нөхцөл гэж үзэж байгаа. Урьдчилан мэдэгдэхгүй хаах эрхтэй гэж байгаа юм. Тэгэхээр төрийн байгууллагуудын санал дээр үндэслээд албан бичиг, мэдэгдлийг нь үндэслээд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн сайтыг хаах нь л дээ. Энэ эрх мэдлийг зохицуулалтын байгууллагад өгч болохгүй шүү дээ. Зохицуулалтын газар чинь зохицуулах л үүрэг хүлээдэг болохоос цагдан хянадаг байгууллага биш байхгүй юу. Хоёрдугаарт энэ Харилцаа холбооны зохицуулах хороо чинь хараат бус байх ёстой байгууллага. Гэтэл шууд хараат гэдэг нь харагдаад байна шүү дээ. Яагаад гэхээр даргыг нь Ерөнхий сайд томилж байна. Тэгэхээр өөрийг нь томилсон хүнд үйлчлээд эхэлж байгаа байхгүй юу. Ингэж л харагдаж байна.

-Тэгэхээр одоо бид яах ёстой вэ. Танд ямар гарц харагдаж байна?

-Тэгэхээр бид хүчээ нийлүүлж тэмцэх ёстой. Уг нь энэ талаар нийтэд мэдэгдэх ёстой. Гэтэл албан захидлаар веб сайтуудад л хүргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллагад л зориулсан журам байгаа биз. Уг нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг бол интернэтийн орчинд ажиллаж байгаа бүх хүнийг хамрах ёстой. Үүнийг нийтээрээ өргөн хэлэлцүүлж хийх ёстой ажил гэтэл тийм зүйл алга байна шүү дээ.

М.Нандин Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих