Ерөнхий сайд ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үндэслэлгүйгээр ажлаас халсныг шүүх тогтоолоо

uls_53f6b2b56243c_1Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Билэгтийг үндэслэлгүйгээр, гэнэт халсан эсэх тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.Шүүхээс Б.Билэгтийг үндэслэлгүйгээр ажлаас халсан Ерөнхий сайдыг шийдвэрийг буруутгасан шийдвэр гаргаад энэхүү шийдвэрээ өчигдөр 16 цагийн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэсэн байна. Ийнхүү Б.Билэгт, Х.Тэмүүжин хоорондын эв найрамдлын асуудал биш, Ерөнхий сайд өөрийнх нь гэм буруутай үйлдлийг “илрүүлээд” байгааг үзэн ядсан “Институци хоорондын зөрчил” болох чигт хандлаа. Шүүх-Засгийн газар гэсэн хоёр институцийн хооронд энэ зөрчил үргэлжилж шүүх Ерөнхий сайдыг хараат бусаар буруутгах чадамжгүй болно гэдэг аюултай биш гэж үү.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлээд ЦЕГ-ын удирдлагуудаар тоглосоор ирлээ. “ЦЕГ-ын даргыг, дэд даргыг халах гэж байна”, “Халлаа”, “Ажилд нь эргүүлэн авчээ”…ийм мэдээллүүд хөврөх бүрт Монгол Улсад хуулийг дээдэлж, хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдрах баталгааг хангах, иргэдээ гэмт хэрэг зөрчлөөсхамгаалах төрийн байгууллагыг хүчгүйдүүлэхийг мэдэрдэг байв. ЦЕГ-ын удирдлагууд бодлогоо зөв тодорхойлж ажлаа сайн хийгээд энэ улс оронд хууль сахиулаад иргэнээ хамгаалаад явж байх нь чухал. Түүнээс биш Ерөнхий сайдад таалагдаад, түүнийг Авлигатай тэмцэх газраас хамгаалаад суух үүрэггүй. Үүнийг зөвхөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг л ойлгохгүй байгаа юм. Учир нь тэрбээр Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын даргыг огцруулах асуудлыг гэнэт оруулж ирж хэлэлцүүлэхдээ ч тодорхой үндэслэл хэлээгүй. Тэгэхээр Б.Билэгт ээлжийн амралтаа эдэлж байх үед нь Ерөнхий сайд өөрийг нь огцруулах шийдвэр гаргасныг бараг Засгийн газрын хуралдааны талаар мэдээлсэн хэвлэлийн мэдээнээс олж харсан биз.

Энэ нь Хөдөлмөрийн хуулийг бас зөрчсөн хэрэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрбээр өөрийг нь ажлаас халсан шийдвэрийг хэзээ ч гардан аваагүй. Тэгэхээр үндэслэлийг нь мэдэхгүй. Харин одоо амралт нь дуусаад ажилдаа орох гэж байна. Энэ хооронд Ерөнхий сайд түүнийг халаад орных нь хүнийг дотроо бодож байтал шүүх “Ерөнхий сайд Б.Билэгтийг  үндэслэлгүйгээр ажлаас халсан нь буруу” гэсэн шийдвэр гараад өнгөрсөн байдаг. Товчхондоо хуулийн дагуу ажлын байр нь түүнд хэвээрээ үлдсэн.

Асуудлын  гол нь Б.Билэгт гэдэг хүндээ биш. Хэдийгээр түүний нэр төрийг шороо тоостой хутгах гэж хичээж байгаа ч “Гэм хийгээгүй хүн гэнэт нүхэнд унасан ч гэмтдэггүй” гэх ардын үгийг санагдуулж үнэн ялсаар байна. Тиймээс ч яаран сандран Б.Билэгтийг халсны цаана юу нуугдаж байв. Ядаж Хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралтаа авсан ажилтныг халж болдоггүй гэдгийг уншчихгүй яав даа, Ерөнхий сайд аа! Эсвэл Монгол төрийн түүхэнд хамгийн олон хууль зөрчиж огцорсон Ерөнхий сайдаар тодрох гээд уралдаад ч байгаа юм уу, гутаж дууслаа.

Уг нь түүнээс ойлгомжтойгоор, түрэмгийлэлгүйгээр санаагаа ойлгуулж цэвэрхэн “ажиллаж” чаддаг хүнд бол Ерөнхий сайд хоёрхон асуудалд санаа зовж байгаа. Эхнийх нь ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “баатарлагаар” зарласан Ерөнхий сайд болон түүнд энэ мэдээллийг “илтгэсэн” Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг “чимээгүй болгох”. Нөгөө нь “хайрт найз”, ТЕГ-ын дарга Б.Ариунсангаа өмөөрч ТЕГ-ын хоёр ажилтан харилцан зодолдсон, нэгийгээ хутгалсан хэргийн дуулианыг “намжаах”, хариуцлага тооцохгүй, эсвэл торгууль онооогоод өнгөрүүлэхийг тэр хүсэж байгаа.

Дашрамд сануулахад ТЕГ-ын дарга  Б.Ариунсанг ч бастус газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийг бүрэн эрхийн хугацаа нь талдаа ч ороогүй байхад, тэр ч байтугай эмнэлэгт эмчлүүлж байхад нь урьдчлан хэлэлгүйгээр халсан шүү дээ. Энэ нь бүр “Роснефть”-ийн захиатай холбоотой гээд бодохоор Ерөнхий сайд Хөдөлмөрийн хуулийг огт мэддэггүй, хууль зөрчиж халахдаа гаршсан нэгэн гэдгээ дэндүү олонтаа нотолчихсон. Тэр ч байтугай аймгийн Засаг дарга нарыг бараг “царайг нь харж байгаад халчихдаг” болохоор Засаг дарга нар цуглахаараа “Өнөөдөр чиний ээлж байх, баргар байна” гэж наргиа наадам хийдэг болж. Ийм сэтгэхүйтэй ажиллаж байгаа Төр төлөөлсөн Түшмэлд итгэл үнэмшил, урам зориг, холч төлөвлөгөө төрөх үү.

Ямартай ч энэ удаад шүүхийн шийдвэрийг Ерөнхий сайд хүндэтгэн үзэх аваас урд нь сандрахдаа гаргасан шийдвэрээ цуцалж ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн авах ёстой. Харин АТГ-тай тэмцэж буйн адил Шүүхтэй ч бас тэмцэнэ гэвэл түүний сонголт. Ард түмэн түүнд дүнгээ тавих болно. Шүүхийн шийдвэрийн дагуу бол ЦЕГ-ын дарга Б.Билэгт ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орох нь ээ.

Ж.Мөнхбаяр /Zaluu.com/


URL:

Сэтгэгдэл бичих