ХҮРГЭНЭЭ ГЭМТ ХЭРЭГТ ХҮМҮҮЖҮҮЛЖЭЭ

6Швейцарьт суугаа бизнесмен Ильяс Храпунов хэдэн жилийн өмнө сэтгуүлчдэд өгсөн ярилцлагандаа “Надад бизнесээ эхлүүлэх мөнгийг ээж минь өгсөн” гэсэн байдаг. Харин тэрбээр өнөөдөр Интерполын хараанд өртсөн нэгэн болжээ. Өөрөөр хэлбэл тэр “ажил хэргийн” хувьд чамгүй амжилт олжээ. Нэгэн үе ээжийн эрх хүү байсан тэрбээр хэдхэн жилийн дотор гэмт бүлэглэлийн толгойлогч болтлоо ахиж чадсан юм. Түүнд онцгой авъяас байсан бололтой. Түүний ээжээсээ авсан гэх мөнгө нь Казахстаны хуучин нийслэл Алма-Ата хотын төсвөөс завшсан мөнгө байжээ. Ээж нь сайн бизнес эмэгтэй байсан бөгөөд тэр үед хотын дарга байсан аавынхаа тусласанаар энэ мөнгийг луйврын аргаар завшсан байна. Ильяс хүү луйварчин болж өсөхөд олигарх Мухтар Аблязов их нөлөө үзүүлсэн гэгддэг.

Учир нь тэрээр М.Аблязовын охинтой нь сууж, цаашдаа бохир мөнгөтэй холбогдсон. Дэлхийн хэмжээний гэмт хэрэгтэн, “цагаан захтнууд”-ын ертөнцөд зартай нэгэн болох хадам эцэг нь түүнийг хулгайн мөнгөөр хангадаг, санхүүгийн луйврын үнэт “зөвлөгөө” өгдөг нэгэн байжээ. Мухтар Аблязов бол “БТА” банкнаас олон саяын активыг гарган авч Лондонруу оргон зайлсан юм. Ильясын эцэг эх ч нөлөө бүхий хүмүүсийн нэг. Эцэг Виктор Храпунов нь Алма-Ата хотын мэр, ээж нь томоохон хэмжээний бизнес эрхлэгч байлаа. Тэд мөн Швейцарьлуу зугтан гарсан байна. Ильясын эцэг эх, хадмууд нь гэмт хэргээ илрэхээс өмнө урьтаж Казахстанаас зугтан гарсан байдаг. Энэ бол 2008-2009 он байлаа. Оргон зайлахдаа гэмт хэргээ хаацайлах, мөрдөлтөөс зайлсхийх аргаа олсон байжээ. Казахстаны хууль хяналтын байгууллагынхан гар хоосон хоцорсон бөгөөд эчнээ ял оноож Интерполоор эрэн сурвалжлуулж байгаа юм.

Энэ бүхний эхлэл М.Аблязовоос эхтэй гэж болох ажээ. Тэрээр англид улстөрийн оргонол авсан дүрвэгч гэсэн статустай болсон байв. Өөрийгөө үндэсний удирдагч, хэлмэгдэгч, сөрөг хүчний дуу хоолой хэмээх багийн цаана далдалж эрх баригчдыг өөрт нь зохиомол хэрэг тулгаж байгаа хэмээн ойлгуулж чаджээ. М.Аблязов үг бол буунаас хүчтэй гэдгийг мэдэж байсан учраас мэдээллийн дайныг эхлүүлжээ. Харин түүнд баруунынхан итгэсэн нь олон нийтийг гайхшруулж байлаа. Гэвч цаг хугацаа үнэний гэрч гэдэгчлэн түүний луйвар өдөр ирэх тусам илэрч англичууд шүүх хурлаар М.Аблязовыг хэдэн тэрбум ам.доллар луйвардсан гэдгийг тогтоожээ. Хэдийгээр уг шүүх хурал сунжирсан, төвөгтэй болж байсан ч гэмт хэрэгтний үнэн төрхийг илчилж чадсан байна. Үүний дараа дахин Английн иргэний шүүхээр М.Аблязовыг оруулж Английн шүүхийг мэхлэхээр завдсан хэмээн 22 сарын хорих ялаар шийтгэжээ. Үүний дараа М.Аблязов английн дээд шүүхийхнийг Казахстаны эрх баригчидтай хуйвалдан өөрт нь зохиомол хэрэг тулгалаа хэмээн буруутгав. Англиас гарч францад амьдарч байсан түүнийг баривчилсан боловч өдгөө ч шуугиан дэгдээсэн хэвээр байгаа ажээ. Францын хорих газрынхан өөрийг нь тарчлаан зовоож, эрхийг нь зөрчиж байгаа талаар мэдээлэл хийв.

Энэ удаа түүнийг Францаас хөөж гаргах тухай асуудал яригдаж байгаа билээ. Харин англичууд түүний улстөрийн оргонолын эрхийг аль хэдийнээ хураан авчээ. Храпуновынхан эхлээд нам жим амьдарч байв. Ард түмний дунд энгийн даруу явсан Виктор Храпуновын зан чанар ч үүнд нөлөөлсөн биз. Гэтэл М.Аблязовын мэдээллийн дайн түүнийг татан оролцуулсан байна. Өөрөөр хэлбэл В.Храпунов худынхаа “галт тэрэг”-ний түлш нь болж байлаа. Гэвч удалгүй Женевийн прокурорын газар Храпуновынхныг мөнгө угаасан хэргээр мөрдөн байцаалт явуулж эхлэв. Тэдний хэд хэдэн банкан дахь дансыг хааж холбогдох бүх бичиг баримтыг нь шалгажээ. Хэрэг явдал нь ээдрээтэй болж эхэлмэгц Храпуновынхан, Аблязовынхан далайн чанадруу зугтахыг оролджээ.

Гэвч Казахстаны хуулийн байгууллагаас АНУ-ын Калифорнийн шүүхэд Храпуновынхныг улсаас 300 сая ам.доллар завшсан болох нь мэдээлэгджээ. Тэдний хүүхдүүд Лос-Анжеласт 6,2 сая ам.долларын хаус, Студио ситид 5,7 сая ам.долларын үнэтэй 2 акр газрыг дээрх мөнгөөр авсан болох нь мөрдөж шалгалтын явцад илэрчээ. Өдгөө тэдний хүү Ильясын гэмт үйлдэл ч гэсэн дэлхий нийтэд ил болж Интерполын эрлийн эзэн болчихоод байгаа. 30 настай энэ залуу зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийг үүсгэн байгуулагч, түүний удирдагч, хууль бусаар мөнгө, эд хөрөнгө өмчилж авсан гэсэн зүйл ангиар мөрдөн шалгагдаж байгаа ажээ. Интерпол Ильясын эцэг эхийг ч эрлийн жагсаалтанд оруулжээ.

 
Х.БАТ-АМГАЛАН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих