УИХ-ын гишүүн М.Зоригт: АН, МАН эвсэхийн тулд УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулах ёстой

43b88d1eae70611doriginalИймэрхүү агуулгатай үгийг УИХ-ын гишүүн М.Зоригт зориг гарган хэлэв. Тухайлбал “Том гэрийн хоёр багана болсон АН, МАН эвсэх хэрэгтэй. Эвсэх тэр цэг нь УИХ-ын чуулган. Даанч харамсалтай нь хоёр нам бие бие рүүгээ дайралт хийгээд байх юм. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд хаалттай бол хаалттай, нээлттэй бол нээлттэй хуралдах ёстой” гэж учирлаж байна.

Өмнө УИХ-ын гишүүн С.Баярцогт “АН, МАН-тай хамтрах ёстой. Тэгэхгүйгээр бид цаашаа явж чадахгүй. Улс эх орны том эрхийн ашгийн төлөө асуудалд хандацгаая” гэж хэлээд намынхандаа алуулангаа алдсан. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат яаран сандран мэдээлэл хийж “энэ бол С.Баярцогт гэдэг хувь хүний байр суурь АН-ын байр суурь биш” гэж хэлсэн юм. Харин одоо М.Зоригт гишүүний дээрх үгийн хойноос Д.Эрдэнэбат дарга ямар тайлбар хийх нь сонин байна.

Ямар ч гэсэн АН-аа сөрөг хүчин МАН-тай эвсэх ёстой гэж С.Баярцогт, М.Зоригт хоёр албан ёсоор зарлав. Албан бусаар Х.Баттулга, Р.Амаржаргал, З.Энхболд гурав дэмжиж байгааг хэвлэлүүд мэдээлсээр ирэв. Энэ хүмүүсийн байр суурь, бяр зангараг, нэр хүндийг нэгтгэж үзвэл нилээд олон зүйлийг ойлгож болох юм.

М.Зоригт гишүүн бизнес эрхэлж, алдаж асгаж, олж бүтээж явсан хүний хувьд Монгол Улсын цаашдын замыг нилээд том зургаар нь харж байх шиг байна. Тэрээр “Монголчууд нийтээрээ ойлголцож байж л нийтээрээ нэг алхам ургашилна. Иргэдээ хямд орон сууцаар хангах, олон зуун ажлын байрыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт нэмэх, зээлжих зэрэглэлээ өсгөхийн тулд хамтрах хэрэгцээ шаардлага” байгааг онцлож байна. Үнэхээр Монголчууд урагшаа зоригтой алхая л гэж байгаа бол хоёр том нам нь ойлголцох хэрэгтэй л дээ. Өнгөрсөн найман жилийн хамтарсан Засгийн газрын үед Монгол улсын хөгжил маш их урагшилсныг ард түмэн мэдэж байгаа. Харин АН ханилгаагүй хүмүүстэй ханилсан сүүлийн хоёр жилдээ л улс орноо гүн гүнзгий хямралын ирмэг дээр авчирлаа. Олон жил дөрөө харшуулж явсан МАН-ынхны сэтгэлд ч багагүй зүйлийг хийж дайсан мэтээр харьцав. Нөгөөдүүл нь засгийн том бодлогыг явуулсангүй. Угаасаа явуулахгүйгээ ах намыхан сайн мэднэ л дээ.

Нөхцөл байдал иймд хүрсэн учраас  М.Зоригт гишүүний хэлдэгээр АН, МАН-ынхан асуудлаа ярих цаг болсон. Харин чуулганаа хаалттай хийнэ үү? нээлттэй хийнэ үү тэдний л хэрэг. Ямар ч байсан хоёр том нам нь ойлголцоод том бодлого, төслүүдээ явуулвал улс оронд л хэрэгтэй гэж олон түмэн ярилцах боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих