Си Зиньпин: Бид Монгол Улсын хөгжлийн замыг үеийн үед хүндэтгэн үзнэ

8-22-1БНХАУ-ын дарга Си Жиньпиний манай улсад хийж буй хоёр  өдрийн  айлчлал өчигдөр албан ёсоор эхэллээ. Си Жиньпинийг гэргийнх нь  хамт Ерөнхий сайд Н.Алтанхуяг  гэргийн хамт “Чингис  хаан” олон улсын нисэх буудалд тосч авав. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань нарыг угтах ёслол Чингисийн талбайд  боллоо. Үүний дараа хоёр улсын тэргүүн нар  Төрийн ордонд албан ёсны гэрээ хэлэлцээ хийсэн юм. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар ганцаарчилсан уулзалт хийж тодорхой асуудлаар ярилцаж зарим шийдэлд хүрсэн гэх мэдээллийг албаны хүмүүс өгсөн юм.

БНХАУ өнөөг хүртэл манай улсад 800 гаруй сая ам.долларын зээл, 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлж байжээ. Харин энэ айлчлалаар 162 сая ам.долларын арилжааны зээлийг БНХАУ-аас авахын зэрэгцээ 40 орчим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж чадлаа. Гадны хэвлэлийнхэн болон манай судлаачид энэхүү айлчлалыг мөнгө санхүү гэхээс илүүтэй хоёр орны цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал арга хэмжээ боллоо гэдгийг онцгойлон дурьдаж байсан юм. Тухайлбал, Xinhuanet, CCTV America телевиз зэрэг гадаадын хэвлэлийнхэн энэ айлчлалыг дэлхий дахинд шууд дамжуулж байгаа юм. Тэд БНХАУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын багаас шинжихэд Хятад улс энэ айлчлалд маш их ач холбогдол өгч байна хэмээн мэдээлсэн байна.

 

ТҮҮХЭН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

БНХАУ-ын дарга Си Жинпиний Монгол Улсад хийж буй өндөр дээд хэмжээний албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд 10 гаруй гэрээ хэлцэл хийгдэж байгаа юм. Тухайлбал, Зам, тээврийн сайд А.Гансүх БНХАУ-ын Тээврийн орлогч сайд бөгөөд улсын төмөр замын агентлагийн дарга Лу Дунфу нар дөрвөн хэлэлцээрт гарын үсэг зурав.

Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай, төмөр замын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд урд болон хойд хөршөөрөө дамжуулах нь гарцаагүй. Мөн далайд гарцгүй манай орны хувьд дамжин өнгөрөх тээврийн асуудал олон жилийн өмнөөс яригдсан, стратегийн чухал сэдэв байсан бөгөөд энэхүү асуудлыг өчигдөр Зам, тээврийн сайд А.Гансүх эцэслэн шийдвэрлэж чадсан юм. Түүнчлэн энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй том амжилт юм. Хоёр орны зам, тээврийн салбарын сайдууд стратегийн чухал ач холбогдол бүхий энэхүү санамж бичиг, гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурснаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт болж буйгаараа онцгой үйл явдал боллоо.

Ингээд арав гаруй жилийн зайтай хийгдэж буй БНХАУ-ын даргын айлчлалаар нийт 24 зүйл 40 орчим хэлэлцээр байгууллаа. Тухайлбал, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бээжин хотноо 2011 оны зургадугаар сарын 16-ны өдөр гарын үсэн зурсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурснаар 30 хоногийн дараа ялтан шилжүүлэх ажил эхлэх боломжтой болох гэнэ. Одоогийн байдлаар Хятад улсад 41 монгол иргэн ял эдэлж байгаа юм байна. Үүний 80 гаруй хувь нь хар тамхины хэрэгт холбоотой аж. Харин энэхүү протоколд гарын үсэг зурснаар манайх 36 иргэнээ эх орондоо авчрах боломжтой болж байна.

Мөн Уул уурхайн яам, БНХАУ-ын хөгжил шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын холбогдох албаны хүн гарын үсэг зурлаа. Хятадын тэргүүлэгч компани болох “Синопек”-тэй хамтарч нүүрснээс хий гаргах тухай энэ санамж бичигт тусгасан байгаа аж. “Синопек” нь боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн компани юм байна. Төслийн эхний санхүүжилт гурван тэрбум байх бол цаашид төслийн нийт өртөг 30 тэрбум болно гэдгийг энэ үеэр хэлж байсан юм.

Мөн Газрын тосны газар БНХАУ-ын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичигт олборлолтын асуудлыг тусгажээ

162 САЯ АМ.ДОЛЛАРЫН АРИЛЖААНЫ ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО

Энэ айлчлалын бас нэг гол хэсэг нь Хоёр улсын Хөгжлийн банк  хооронд 162 сая ам.долларын  гэрээнд Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, БНХАУ-ын Хөгжлийн банкны ерөнхийлөгч Зин Зиже гарын үсэг зурсан явдал байлаа. Энэ арилжааны зээлийн нөхцөл, хөнгөлөлт, хугацаа нь харьцангуй уян хатан байж чадлаа гэдгийг холбогдох албаныхан хэлсэн юм. Ийнхүү энэ айлчлалаар хоёр орны цаашдын харилцааг ахисан төвшинд хүргэх гэрээ, хэлэлцээр хийж чадлаа гэдгийг хоёр орны тэргүүн нар баяртайгаар хэлж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын үсэг зурах ёслол дууссаны дараа “Манай хоёр оронд харилцахгүй салбар байхгүй. Нэмж хэлэхэд хууль хяналт, аюулгүй байдал, банк, санхүү, байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, барилга бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн салбар болон олон талт харилцааны асуудал бидний анхаарлын төвд байгаа. Мөн олон төсөл хөтөлбөр БНХАУ-ын оролцоо, дэмжлэгээр үргэлжлэн, шинээр хэрэгжих болсныг тэмдэглэхэд таатай байна” гэдгээ илэрхийлэв. Харин түүний хариуд БНХАУ-ын дарга Си Зиньпин “Бид Монгол Улсын хөгжлийн замыг үеийн үед хүндэтгэн үзнэ. Монголын талаас санаачилсан БНХАУ, Монгол Улс, ОХУ -ын хамтарсан уулзалтыг ч дэмжиж байна. Мөн Талын зам төслийг ч дэмжиж хамтран ажиллах болно. Арваннэгдүгээр сард манай улсад АПЕК-ын чуулган болно. Энэ чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч таныг дахин урьж байна. БНХАУ Монгол Улсын сайн найз, сайн хөрш болоход бэлэн байна” гэлээ.

БНХАУ-ын даргын айлчлал хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дуусна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар өнөөдөр өглөө БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхах юм. Үүний дараа тэрээр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ. Мөн түүний айлчлалын хөтөлбөрт “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болон түүнд зориулсан Бэсрэг наадамд зочлох багтаж байгаа юм. Үүгээр түүний айлчлал дуусч өнөөдөр үдээс хойш эх орондоо буцна.

 

Д.Цэцэг /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих