Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох СВОП хэлцлийн хэмжээг нэмэгдүүллээ
Mонголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочуан нар өнөөдөр Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Своп хэлцлийн гэрээг шинэчлэн байгуулснаар 2011 оны тавдугаар сарын 06-ны өдөр байгуулж, 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр сунгасан 10 тэрбум юанийн дүнтэй “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ” хүчингүй болсон бөгөөд шинэ гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.
Своп хэлцлийн гэрээг анх 2011 онд байгуулж байсан цагаас хойш Монголбанк, Хятадын Ардын банкны харилцаа бүх талаар өргөн хүрээтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр талын ихээхэн хүчин чармайлтын үр дүнд своп хэлцлийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлж, төв банкуудын хоорондох хамтын ажиллагааг хөгжлийн шинэ шатанд авчирлаа.
Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилготой.
БНХАУ нь Монгол Улсын худалдааны гол түнш орон бөгөөд БНХАУ-ын юань нь Монгол Улс болон БНХАУ хоорондын хил худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг хоёр дахь валют юм.
Дашрамд дурдахад, Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны (SWIFT) нийгэмлэгийн судалгаагаар БНХАУ-ын юань нь энэ оны зургадугаар сарын байдлаар дэлхийн идэвхтэй арилжаалагддаг валютуудын долдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд худалдааны санхүүжилтэд ашиглагддаг хоёр дахь идэвхтэй валютаар шалгарсан байна.
URL: