Монголын нэг хүн тутам 12 сая төгрөгний өртэй болчихоод байна

Ч“Өргүй Монгол” ТББ-ын гүйцэтгэл захирал Ч.Энхбаттай ярилцлаа
-Өргүй Монгол” ТББ-ын хийсэн мэдэгдлийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт үгүйсгэж ярилцлага хийсэн энэ тухайд таний бодлоор ямар дүгнэлтэнд хүрэв?
-Манай “Өргүй Монгол” ТББ нь 2014.08.18-нд хэвлэлийн бага хурал хийж Монгол улсын гадаад өр болон Засгийн газрын өрийн хэмжээ ямар хэмжээнд хүрсэн талаар мэдээлэл хийсэн байгаа. Үүний дагуу холбогдох төрийн байгууллагууд мэдээллийг үгүйсгэж, буруу ташаа мэдээлэл хийсэн мэтээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл хийх болсон. Харин бидний зүгээс энэхүү мэдээллийн дагуу өргөн хүрээтэй ерөнхий задаргаатай мэдээлэл хийх нь зөв гэж үзсэн юм аа. Бид бол төрийн биш, Төрийн бус байгууллага учраас ард олонд нээлттэйгээр гаргаж тавьсан энэхүү мэдээлэл нь Сангийн яам, Монгол банк болон Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын албан ёсны судалгаа мэдээлэл дээр тулгуурлан гаргаж тавьсан юм.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд 3,1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэсэн мэдэгдлийн үндэслэл нь чухам юу вэ?
-Монгол улс сүүлийн хоёр жилд шиэнээр тавьсан гадаад өр нь 3,1 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Үүнийг задлаад хэлвэл жишээ нь: 2012 онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, Самурай бондын 290 сая ам.доллар ОУ-банк санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас 2012 онд 187,3 сая ам.доллар, 2013 онд 214 сая ам.доллар, МИАТ ТӨХК-ийн Бойнг 767 онгоц худалдан авахад АНУ-аас авсан зээл 212,4 сая ам.доллар, БНХАУ Хөгжлийн банкны зээл 280 сая ам.долларын зээл энэ бүгд нийлээд 3 тэрбум 172,7 сая ам.доллар болж байгаа. Энэ бол авсан байгаа зээл. Харин одоогоор аваагүй энэ жил авахаар төлөвлөж байгаа зээл гэвэл Сангийн яамны сайтаас олж харж болно. Жишээ нь гэхэд 2014,04,04-ны №117 тоот тогтоолд 300,0 сая хүртлэх ам.долларыг Кредит Свисс банкнаас Хөгжлийн банк, 2014,04,04-ны №116 тоот тогтоолоор 162,0 сая ам.доллар БНХАУ-ын Хөгжлийн банкнаас Хөгжлийн банк гэх мэтчилэн зөвхөн энэ хоёрын нийлбэр нь л 462,0 сая ам.доллар болж байна. Саяхан Хөгжлийн банкны захирал Мөнхбат гэдэг хүн ярилцлага өгөхдөө Кредит Свисс банкнаас 300,0 сая ам.долларын зээл авах бараг 90 хувийн баталгаатай авах гэж байгаа гэсэн. Гэтэл төсвийн тогтвортой байдлын тухай хууль байгаа, хуулиар бол Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт байгаа

-Танай гаргаж ирсэн энэхүү зээлийн үндэслэлийг үгүйсгэж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга ярихдаа МУ-ын гадаад өрийн хэмжээ хоёр тэрбум ам.доллараас хэтрэхгүй байгаа гэж үзсэн шүү дээ
-Энэ хоёр тэрбум гэдэг бол үндэслэлгүй тоо. Зөвхөн Чингис болон Самурай бондууд, мөн ОУ-ын түншлэгч байгууллагуудаас авсан зээлийн хэмжээ, Хөгжлийн банк бусад өр зээл зэргийг оруулан тооцоход 2 тэрбумыг аль хэдийн хол давсан. Эдгээрийг яагаад оруулахгүй байгааг асуух нь зүйтэй байх. Засгийн газрын түшээд өөр өөр нэршлээр нэрлээд, өрөнд оруулж тооцохгүй ч юм уу янз бүрийн байдлаар хэмжээг нь багасгаж хэлээд байгаа. Бид нар бол бодитой тоонуудыг л хэлж байгаа.

-Энэнээс үзэхэд сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга ажлаа мэдэхгүй байна уу, эсвэл ард түмнээсээ нуугаад байна уу?
-Би бол ажлаа мэдэхгүй гэж хэлэхгүй. Тодорхой шалтгаанаар өрийн байдлыг дарж хэлж байгаа байх. Түүнээс сангийн яаманд энэ бүх тоо баримтууд байж байгаа. Алийг нь өрөндөө оруулж хэлэх үү алийг нь өрөндөө оруулахгүй хэлэх үү гэдэг нь байгууллагын дотор байна.

-Зээлийн хэмжээ ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж байдаг. Харин одоо болохоор тодруулбал ирэх намрын чуулганаар 70 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн барьж хэлэлцэх гээд байгаа. Энэ таний бодлоор Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх үү?
- Бид бол авсан зээлээ жишээ нь Чингис бондыг харахад  авсан зээлээ үр ашигтайгаар зарцуулж чадахгүй байна. Бидний тавьж байгаа шаардлага бол нэгт: өр зээл тавьж болно. Гол нь хяналттай, үр ашигтай, эргээд үр дүнгээ өгөх баялаг бүтээх тийм төсөл хөтөлбөрт зарцуулаачээ гэсэн шаардлага тавтиад байгаа юм. Хоёрт: Өрийн удирдлагын хуулийг засгийн газар УИХ-д өргөн барьж оруулж ирсэн байгаа. Энэ бол хэрэгтэй бол хэрэгтэй.Гэхдээ өрийн удирдлагын хуулийг оруулж ирэхдээ засгийн газар ямар алхам хийсэн бэ гэтэл одоогийг өрийн тухай хуулинд зээлийн хэмжээ ДНБ-ээс 40 хувиас хэтрэхгүй байгаа. Гэтэл Засгийн газраас оруулж ирж буй хуулийн төсөлд ДНБ-ний 70 хувь, Засгийн газрын баталгааны 20 хувь нийлээд 90 хувь болгох гээд байгаа.

-“Чингис” бондын 500 сая ам.долларыг ирэх 2017 онд төлж дуусах ёстой энэ тухай Х.Ганцогт тухайн үед өрийн дарамт үүсэхгүй гэсэн. Харин таний бодлоор…
-Сангийн яамны хүн буруу хэлсэн байна лээ 580 сая ам.долларыг 2017 онд Хөгжлийн банк, 2018 онд “Чингис” бондын 500 саяыг төлнө. Яагаад гэвэл гэрээгээр бол 2017,12 сард төлөх байсан юм. Нэг жил хоёр том төлөлт хийгдэх гээд байсан юм. Ингэвэл эдийн засагт нилээдгүй хүндрэлтэй тусах байсан юм. Тэгэхээр 2018 оны нэг сард “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Үлдсэн нэг тэрбумыг нь 2022 онд төлнө.

Дарамт үүсэхгүй юү үүсэх үү гэдэг дээр бол дарамт төсөв дээр тодорхой хэмжээгээр үүсчихээд байгаа. Хуучин төсвийн үйлчилгээ жилдээ 120 сая байсан бол одоо 2013, 2014 онд 400-500 тэрбум төгрөгт хүрч байна.

-Өнөөдрийн байдлаар Монгол улсын өрийн хэмжээ ямар төвшинд хүрсэн бэ?

-2013 оны санхүүгийн нэгтсэн тайланд Монгол улсын нийт өр төлбөр эхний үлдэгдэл 11,864,3 тэрбум төгрөг байснаас тайлангийн эцэст 17,683,3 тэрбум төгрөгт хүрч 5,819,0 тэрбумтөгрөгөөр өссөн байна хэмээн Үндэсний Аудитын газраас гаргасан судалгаанд дурдагдпсан байгаа.

-Хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдийн айлчлалтай холбогдуулан асуухад Өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчилж байгаатай холбоотойгоор Хятад улсаас 10 тэрбум юанийн хөнгөлөлттэй зээл авна гэсэн яриа гадуур яригдаж байгаа. Хэрвээ үүнийг авчихвал давуу болоод сөрөг тал нь яаж харагдаж байна
-Тодорхой төслийн хүрээнд зээл авч болно гэдгийг үгүйсгэхгүй байна. Гэхдээ хуулийн хүрээнд тодорхой зориулалттайгаар УИХ-ын хяналттайгаар, зөв зохистой зарцуулах шаардлагатай байгаа юм. Тийм учраас одооны дагаж мөрдөж байгаа хуулиар зээл нэмж авах талаар ярих боломжгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр намрын чуулган эхлэхээр УИх хуралдаж байгаад өрийн тухай хуулинд хувийг нэмэгдүүлэх үү гэдгийг шийдэх байх

-Улсын төсвийн тодотгол хийнэ хэмээн хэсэг шуугисан. Намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай яригдсан. Ер нь төсвийн тодотгол хийсний ач холбогдол
-Хийх хэрэгтэй шдээ Улсын төсөв хэмнэлтээ хийхгүй бол сая эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай гээд УИХ-ын 34-р тогтоол баталсан. Энэ нь төсвийн зардлыг хорин хувиар танана гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл засгийн газар төсвийн тодотгол хийх төслийг оруулж ирээгүй байна. Тэгэхээр нь дотоодын хэрэгжилтийг хангах эдийн засгийн бодит байдлын таналт хийх тодорхой шаардлага үүсчихээд байна. Гэтэл засгийн газар энэ тухай ярихгүй байна.

Нөгөө талаар өнгөрсөн жил мөн л сөрөг хүчнийхэн төслийн тодотголоо яаралтай хийгээчээ, ээлжит бус чуулганаа яаралтай хуралдуулаач хэмээн шаардаж байсан ч яг 2014 оны төсөв хэлэлцэх үеэр долоо хоногийн хугацаатай хэлэлцээд болсон болоогүй зүйл болгож орхисон. Энэ нь юунд хүрсэн гэвэл хоёрхон сарын дараа өнөө тодотгосон төсөв нь тасарчихсан.Тэгэхээр засгийн газар нэг бол тооцоогоо хийж чадахгүй байна, нэг бол өөрсдийгөө хуурсан нэг юм хийгээд л байна.

-Энэ их өр тавилт ямар үр дүнд хүрэх бол хэмээн иргэд хүлээж байгаа. Одоохондоо ч засгийн газар өр тавьж байгаад өнөөдрийн хямралаас аргалаад өнгөрчих байх л даа харин хожим үр хойчдод өрийн дарамт үүсэх боловуу? Мөн засгийн газрын оруулж ирээд байгаа өрийн удирдлагын хууль нь өөрсдийгөө хамгаалах гэсэн хууль юм биш байгаа
-Өрийн удирдлагын тухай хууль бол хэрэгтэй Яагаад гэвэл зүй зохистой зарцуулах төсвийн алдагдлыг тооцох. Гол нь тэр өрийн тодорхололт өрийг хэзээ үүсгэж болох уу? Өрийн босгыг өргөсөн заалтуудыг ард түмнээр хэлэлцүүлдэг юм уу нилээн нарийн судалж байж тооцоотойгоор гаргахгүй бол болохгүй гэж үзэж байгаа. Монгол улсын нийт гадаад өр Монгол банкны нэгдүгээр улирлын тайлангаар 19,9 их наяд тэрбум долларт хүрчихээд байгаа.

Үүнийг өнөөгийн ханшаар авч үзээд хүн амынхаа тоонд хуваавал бараг нэг хүн 12 сая төгрөгний өртэй болчихоод байгаа. Иргэн бүр.Зөвхөн засгийн газрын гадаад өрийг иргэндээ хуваавал бараг 4 сая төгрөгний өртэй байна. Дөнгөж төрсөн хүүхдээс авахуулаад таяг тулсан хөгшин хүртэл. Энийгээ мэдэхгүй бид өргүй л гэж бодоод л яваад байна. Үүнийг мэдэхгүй яваад байж болохгүй энэ өрийг монгол улсын баялаг бүтээгч иргэн та л төлнө. Өөрөөр хэлбэл улсад төлж байгаа татвараар дамжуулан төлөх нь гарцаагүй. Тэгэхээр бид энэ өрөнд ингэж хайнга хандаж болохгүй. Бид өрөө төлж чадахгүй бол татвар нэмэгдэнэ ингэхээр эргээд л ард түмэнд дарамт ирнэ гэсэн үг.

Өнөөдөр засгийн газар 3,1 тэрбум ам.долларын өр тавьчихаад байхад иргэдийн амьдрал сайжирч байна уу? Бидний харж байгаагаар харин ч эсэргээрээ иргэдийн амьдрал улам доордож байна. Энэ бол түгшүүртэй явдал дээгүүр суугаа дарга нарт амьдрал сайхан харагдаж байгаа л юм байгаа биз. Гэтэл валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж ард иргэдийн амьдрал хэцүү байгаа.  Ам.долларын ханш түүхэнд байгаагүй түвшинд хүрлээ.

-Эдийн засагчийн хувьд та сая доллар ханшийн талаар ярьлаа. 1900 давж байсан доллар хэд хоногийн өмнө 40 төгрөгөөр суларлаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ тухайд нэгэн ченж долларын энэ үнийн хөөрөгдлийг эрх мэдэлтнүүдийн тоглоом хэмээсэн, энэ хэр үндэслэлтэй вэ?
-Ханшийг тодорхой хэмжээгээр барих арга байдаг.  Гэтэл өнөөдөр 1900 даваад, гэнэт л нэг өдөр 40 төгрөгөөр ханшийг унагаж байгаа нь улс ард түмнээсээ мөлжлөг хийж байна л гэж бодож байна. Яагаад гэвэл төгрөгийн ханшийг хамгаадахаар долларыг зах зээл дээр гаргаж худалдаалахгүй байж байгаад, харин ханш унахад эргүүлээд авчихна. Энэ хооронд хэчнээн тэрбум төгрөгний зөрүү гарах бол. Энэ нь төсвийн алдагдлаа нөхөж байгаа бөгөөд эрх мэдэлтгнүүдийн мөнгө угаах арга. Жишээ нь 1900 болоход 50 сая ам.доллар гаргаад худалдаалсан гэтэл ханш нь бууж 1870 боллоо. Эргүүлээд татаад авчихад л 30 төгрөгний ашиг 15 тэрбумын ашиг хийж байгаа байхгүй юу.
Үүнийг АТГ, ТЕГ шалгалтаар шалгах хэрэгтэй.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих