Жэки Чан : Би хүүгээ хар тамхины хэрэгт холбогдсоныг дуулаад маш их ичиж байна
Өнгөрсөн долоо хоногт Холливудын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэси Чан Бээжинд хар тамхи хадгалсан хэргээр баривчлагдсан. Хэдийгээр тэрбээр “Би хар тамхи хэрэглээгүй, өвчин намдаах эм уусан” гэж мэдүүлж байгаа ч түүнийг саатуулан шалгаж буй.
Түүний дараа тулааны урлагийн амьд домог Жэки Чан өөрийн вэб хуудас дээр хүүгийнхээ өмнөөс уучлалт хүссэн мэдэгдэл тавьсан байна. Тус мэдэгдэлдээ тэрээр “Юуны түрүүнд, би үнэнч фенүүддээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Миний хүү Жэсигийн тухай сүүлийн үеийн мэдээлэл нь сэрдхийлгэм байлаа. Би энэхүү мэдээллийг анх сонсоод үнэхээр их хилэгнэсэн. Би түүний аав учраас маш их ичиж, маш их гунигтай, сэтгэл дундуур байна. Энэ мэдээллийг сонсоод, хамгийн их сэтгэл нь шимширч мэдэрсэн хүн нь түүний ээж юм. Манай залуу үеийнхэн Жэсигийн алдаанаас суралцаж, мансууруулах бодис хэрэглэхгүй гэж найдаж байна” гэжээ.
Мөн “Би түүний аав учраас хүүгээ сайтар сургаж чадаагүй хариуцлагаа хамт үүрэх ёстой. Тиймээс би энэ нийгэмд учруулсан сөрөг мэдээллийн дагуу хүн бүрээс гүнээ уучлалт хүсч байна. Та бүхэнд баярлалаа” гэжээ. Кино од хүүдээ “Хүү минь, би чиний аав, тиймээс үргэлж чамтай хамт. Буруу зүйл хийсэн хүн хариуцлагаа хүлээх ёстой. Бид өмнөө тулсан замыг хамтдаа туулах болно” гэж мессэж бичсэн байна.
URL: