ДОЛООХОН ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ЗАРЛАГДСАН ТЕНДЕРИЙН ЦААНА «НО» БАЙХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙНА УУ

тендер-Дундговь аймгийн сумдын багийн Засаг нарт мотоцикль нийлүүлэх тендерт Засаг дарга нь ялах магадлал өндөр л юм-

Засгийн газрын худалдан авах ажиллагааны газар хэд хэдэн тендер зарлажээ. Энэ тухайгаа http://www.e-procurement.mn ?f=tender&id=17271 цахим хуудаст байршуулсан байна. Сонирхож харлаа. Дундговь аймгийн сумдын багийн Засаг нарт мотоцикль нийлүүлэх, Хулд сумын “Иргэний хөгжлийн төвийн тоног төхөөрөмж” нийлүүлэх, Дундговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн гадна авто зогсоол байгуулах мөн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 11, 12 дугаар байрны дундах тохижилтын ажил зэргийг хийх шаардлагатай байгаа тул оролцох хүсэлтэй хүмүүс материалаа ирүүлнэ үү гэжээ. Хугацааг нь харвал дээрх тендерүүд бүгд энэ сарын 19-нд зарлагдсан бөгөөд материал хүлээж авах эцсийн өдөр нь энэ сарын 26-27-нд гэсэн байна. Тендер зарласан хугацааг тооллоо. “19 чин өчигдөр/ уржигдар/ мягмар гариг байсан, 20 лхагва…” гэх мэтээр тоолтол тендерт оролцохыг хүссэн этгээд ердөө л ажлын долоо хоногт багтаан материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай болж таарав.

Ойр дотны хүмүүсээсээ асуулаа. “Ер нь чи ажлын долоо хоногт хэр их ажил амжуулах вэ” гэж. Мэдээж хувийн ямар ч асуудлыг энэ хугацаанд зохицуулж дөнгөнө л гэж байна. Харин тендерийн материал бүрдүулж өгч амжих уу гэсэн асуултад “За бүтэхгүй дээ. Манай төрийн байгууллагын хаалга үүд ямар билээ. Тэгээд тендер шүү. Ямар ч материал бүрдүүл гэх юм. Түүнийг нь хөөцөлдөж аваачиж өгөх гэсээр байтал долоо хоногт амжина гэдэг юу л бол” хэмээн шоолонгуй аястай.

Иймээс тендерийн материал бүрдүүлэхийн тулд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай талаар тодруулахаар “Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүрэг, дөрөвдүгээр хороо 11,12 дугаар байрны дундах. талбайн тохижилтын ажлыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна” гэсэн зарыг харав. Үнийн саналыг 2014 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот.Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө Утас: 70110769 хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ. Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно” гээд хаягаа бичжээ. Эндээс харахад тендерт оролцохыг хүссэн этгээд яг ямар материал бүрдүүлэх нь тодорхойгүй бөгөөд дээрх хаяг эсвэл утсаар нь лавлах болж байгаа юм. Мэдээж үүнийг дагаад нэгдүгээрт төрийн алба хаагчдын хүнд суртал, хоёрдугаарт долоохон хоногийн хугацаатай зарлагдсан тендерийн цаана ямар нэг “но” байгаа юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрсөн. Энэ тухай ч хэд хэдэн хүн ярьж л байна.

Тодруулбал, дээрх тендерийн эзэд тодорхой болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч биш өөрийн цахим хуудсаараа зарласан болоод өөрсдийнхөө материалыг оруулчихдаг. Эсвэл танилынхаа. Хугацаа нь гэнэт тулсан ийм байгаа нь асуудалтай гэх зэргээр. Харин зарим нь Худалдан авах ажиллагааны газар угаасаа л “но”-той. Ийм богино хугацаатай тендер зарлаад дууссан хойно нь хугацааг нь засаад эрт зарласан мэтээр тавьдаг гэхчлэн өөрсдөд байгаа мэдээллээ харамгүй хуваалцлаа. Ер нь ч үүнийг, хүмүусийн хардах эрхийг үгүйсгэх аргагүй л юм билээ. Тухайлбал, Дундговь аймгийн сумдын багийн Засаг нарт мотоцикль нийлүүлэх тендерийг хардаж болно. Учир нь Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ “Total music”-ийн захирал. Энэ компани нь мотоцикь оруулж ирдэг. Ямар сайндаа л тэрбээр өнгөрсөн онд намынхаа хурлыг хууль зөрчин зохион байгуулж суудалдаа үлдэхийн тулд өөрт таалагддаггүй гишүүдээ дүрэм бусаар бүрэлдэхүунээс хассанаас гадна хуралд ирсэн гишүүдийнхээ дунд азтай үзэгчийн сугалаа явуулж бэлэн мөнгө, мотоцикль зэрэг бэлэглэж томорсон тухай нутгийн иргэд намын гишүүд нь одоо ч ярьж байх вэ. Иймээс л долоохон хоногийн хугацаанд зарлагдсан тендерүудийн ард иймэрхүү ашиг сонирхол явахгүй гэх баталгаа бий юү гэж асуумаар байгаа юм. Мөн долоо хоногийн хугацаанд зарлагдсан тендерийн ард “но” байхгүй гэх баталгаа бий юү гэж асуумаар байна.

 

Л.ОЮУНГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих