Дарга нарын маань оюун цэлмэг, үг ончтой байх болтугай
Иргэд нь дарга нарынхаа өмнөөс ичиж амьдрах цаг ирдэг юм байна. Хоёр хөрш, дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн удирдагчид дараалаад ирэх гэж байдаг, нөгөө хэдэн дарга нар маань юу юу гэж ярих бол доо, өмнөөс нь санаа зовж байна шүү гэх хүн мундахгүй олон байна.
Хоёр дарга “За, хөрш монголчууд минь эдийн засаг нь яагаад хямарчихав даа, ажилгүйдэл яагаад ихэсчихэв дээ, компаниуд чинь яагаад үүдээ бариад, ажиллагсдаа халаад, хаа сайгүй бухимдал үүсээд байгаа юм бэ дээ” гэж нөхөрсгөөр асууж мэднэ. Тэгэхэд нь Эдийн засгийн хөгжийн сайд маань урьдын адил “Манай эдийн засаг хямраагүй ээ, ард түмний амжиргаа сайн байгаа, юмны үнэ нэмэгдээгүй, компаниуд хэвийн ажиллаж байгаа, харин ч цалингаа нэмээд, нэмж ажиллагсад авч байгаа, иргэдиин худалдан авах чадвар сайн байгаа” гэх байх даа. Сангийн сайд харин эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх үүднээс тэнд ч үгүй, энд ч үгүй дундуур нь нэг юм хэлж зочин дарга нарыг төөрөгдүүлэх болов уу
Саяхан, хөдөөний 70-аад настай хөгшин зурагтаар Ерөнхий сайд гарч байхыг хараад “Наад мууг чинь харж яадаг юм. Худлаа яриад л, хуруугаа тоолоод суудаг юм” гэж тасхийтэл хэлнэ билээ. Эрхэм сайдын ард түмний дундах нэр хүнд, үнэлэмж ийм болоод удаж байгаа. Мань хүн хоёр хөршийн дарга нарт бас юу юу гэж бурах бол доо. Төр сайн бүтээн байгуулагч, төр хамгийн сайн менежер, төр бүхнийг мэдэгч гэдгийг манай Засгийн газар Монголын түүхэнд хамгийн сайн харуулж байна. Одоо төр, Засгийн газар бүхнийг зохицуулж байна, болж байна. Эдийн засаг маань өнгөн дээрээ хямарсан мэт харагдаад байгаа юм. Гүндээ бол дажгүй гэх байх даа. Бас үүнээс хойш, түүнээс цааш Монголд хувийн хэвшил гэж байхгүй, том, жижиг компанийн хэрэг ч байхгүй Засгийн газар бүх бүтээн байгуулалтаа өөрөө хийнэ. Шаардлага гарвал Монгол Улс социализм руугаа буцаад алхахад ч бэлэн. Харин хоёр том хөрш минь та бүхэн тусалж дэмжээрэй, та нартаа хайртай шүү гэж ч мэднэ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал автоматаар Ерөнхий сайдыг ингэж хэлэхэд хүргэх байх.
Дарга нарын өмнөөс санаа зовох багадахгүй ээ. Ерөнхийлөгч маань ч чих халууцуулна. Хамгийн сүүлд л гэхэд мань хүн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд үг хэлж буйг сонссон хүмүүс “Яана аа; манай хүн хэнд юу заагаад байна даа. Их Хятад улсын нийслэл Бээжингийн орлогч дарга, хуучин, шинэ Оросын зүрх болсон Москва хотын орлогч, 2018 оны Өвлийн олимп зохион байгуулах эрх авсан БНСУ-ын Пёнчань, за тэгээд хэдхэн жилийн өмнө ачааны хөлөг онгоцнуудаас өөр юмгүй шахам байснаа өнөө маш эрчимтэй хөгжиж буй, хөгжүүлэхдээ материаллаг ч, оюунлаг ч талаас нь зэрэг урагшлуулж буй Тяньжинь хотын орлогч, БНАСАУ-ын нийслэл өөрийн гэсэн өнгө төрх, имижтэй Пхеньян хотын орлогч зэрэг топ хотуудын удирдлагуудын өмнө зогсчихоод юу юу гэж цэцэрхээд байна даа гэцгээв.
Хотыг хөгжүүлэхийн тулд гэж байгаад л ингэж ажиглагдаж байгаа юм, … гэж би харж байгаа, … гэдэг нь харагдаж
байна, … шийдэгдэх боломжтой, … чухал юм гэх зэргээр бүрэн төгсөөгүй өгүүлбэрүүд нийлүүлэн нэлээд удаан ярив. Өөрсдөө үлгэрлэх юмгүйгээс л хойш Форумын оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсээд, та нар минь туршлагаасаа харамгүй хуваалцаарай, бид Улаанбаатараа ингэж хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна гэж товч дурдаад буувал болмоор санагдсан. Үг хэлж, өөрийгөө харуулах цаг үеэ мөн олох юм аа л гэж бодогдсон шүү.
Саяхан нэг нийтлэлч “Иргэд төр засгаасаа улс орноо яаж хамгаалах вэ гэж тархиа гашилгах болох нь ээ. Эдийн засаг чадамжгүй, бусдын хараат, дотооддоо эв эе муутай, төрийн бодлогын залгамж чанар тасарсан, түүнээс илүү нэг хүний тоглолт давамгайлах магадлал өндөртэй, бодлого боловсруулах чадамж муутай манай улс бусдын идэш болохгүй гэх баталгаа үгүй байна” гэж бичсэн байсан. Үүнтэй санал нэг байгаа юм.
Хүүхэд, хөгшин хүн хоёр айлд хүн ирэхээр хөөрч, хөхөрдөг. Түүн лугаа том зочид ирэхэд баярлахдаа манай дарга баруун, солгойгүй бодлогогүй юм ярьж, иргэдийнхээ доог болохын зэрэгцээ, улс орны хэтийн хөгжилд тус муутай буруу, зөрүү алхам бүү л хийчихээсэй дээ. Оюун нь хурц, бодлого нь мэргэн, үг нь ончтой байгаасай даа. Том гүрнүүдийн төрийн тэргүүний айлчлал нь ирж байгаа болоод хүлээн авч байгаа улс орны хувьд хөгжлийн, стратегийн ач холбогдолтой. Түр хугацаанд саатах ч түүхэн шийдвэрт хүрэх айлчлалыг ард түмнийхээ санаанд нийцтэл үр дүнтэй болгоосой л билээ дээ, дарга нар маань.
Р.ОЮУНЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: