Болзоот хугацаа дуусчээ сайд аа, болзол хангагдав уу

Улс орны эдийн засаг, нийгэм санхүүгийн байдал хүндэрч, ам.доллар, инфляц хоёрын өсөлтийг дарж чадахаа больсон эрх баригчид эдийн засгийг эрчимжүүлэх нийт 100 хоног буюу “ЭЗЭН-100” хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдөр эхлүүлсэн.

Түүнээс хойш хуруу даран тоолсоор хугацаа дууслаа, сайд аа. Танхимаа толгойлж, хариуцлагатайгаар мэдэгдсэн 100 хоног тань уржигдар дууслаа. Тиймээс эрчимжүүлсэн эдийн засгаа иргэдэд нэг харуулах болжээ. Эс бөгөөс эдийн засаг эрчимжээгүй, элгээрээ мөлхсөөр цоорох дээрээ тулсан гэх баримтууд Засгийн эсрэг овоорч байна. Зах, зухаас нь ам.доллар нисэж, төгрөг газардсан гэдгийг, иргэдийн амьжиргаа доошилж, банкны зээлд баригдсан гэдгийг баримттайгаар хүргэж болно.

Магадгүй бүхэл бүтэн улсын Засгийн газарт хэдэн зуун өрхийн амьжиргаа гэхээс илүүтэй уул, уурхай, гадна, дотны хөрөнгө оруулалт, гадаад, дотоод өр, төрийн бодлого, алсын хараа гээд “том” ярих шалтгаан байгаа байх. Талхаа түүртэлгүй аваад идчихдэг байх эдийн засгийг иргэд хүсч байна. Гэхдээ тэд эдийн засгийг эрчимжүүл гэж 100 хоногийн хугацаа өгөөгүй. Энэ бол төр өөрөө санаачилж, түмэнд олонд ам гарсан ажил. Тиймээс хүлээлт үүсгэсэн өдрүүд дуусахад хариу нэхэх нь ойлгомжтой.

Харин Засгийн газраас эдгээр өдрийг ямар журмаар тоолох вэ гэдгийг хариултгүй үлдээснээр хэдэн өдөр аргацааж болох заль гаргасан. Энэ нь баяр наадмын амралт, хагас бүтэн сайны гээд цөөн өдрийг 100 хоногоос хасаж болох гаргалгаа. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхим тайлан тавих хугацааг болоогүй хэмээн ам таглаж болох.

Гэвч ийм үйлдэл гаргах нь эхнээсээ нарийн төлөвлөгөөтэй эхлээгүй, 100 гэх хоногийг билгэдэл болгон хэлсэн мэт харагдуулах олон сөрөг дагавар авчирна. Энэ бүхнийг ажрахгүй гэвэл ширэн нүүрлээд хугацааг сунгаж болно. Гэсэн ч иргэдийн хувьд нэгэнт дуусгасан 100 хоног, нэмэгдсэн ч, хасагдсан ч ялгаагүй. Тиймээс иргэд 100 хоногийг хэрхэн дүгнэснийг хүргэе.

Иргэд амьдрал дордсон гэж хариуллаа

Улс орны хэмжээнд хэрэгжиж байгаа ажлыг хэдэн зуун хүн дүгнээд хариуг нь гаргачихна гэдэгт олон хүн эргэлзэж магадгүй. Гэхдээ дэлхий даяар онол болон практикаар баталгаажсан судалгаа гэж байдаг. Ийм жишгээр ч Үндэсний статистикийн хороо болон бусад судалгааны газрууд ажилладаг. Энэ удаад “Стратеги” академи иргэдээс “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар санал, асуулга явуулж хариуг нэгтгэн боловсруулжээ. Тиймээс юун түрүүнд судалгааны хариу гэхээс илүүтэй судалгаа хэрхэн явагдсан талаар тус академийн мэргэжлийн социологич, нийгмийн сэтгэлзүйч Ц.Заяхүүтэй ярилцсанаа хүргэж, иргэдийн “ЭЗЭН-100” хөтөлбөрт өгсөн үнэлгээг танилцуулъя.

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг 600 хүнээр төлөөлүүлэн дүгнэх нь хэр боломжтой вэ гэдэгт олон хүн эргэлзэнэ. Дээрээс нь сар бүр Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн байдлыг хүргэж байна. Тэгэхээр танай байгууллагын гаргасан тоо хэмжээ, хэр үнэн бодитой байж чадах вэ?
-Бусад байгууллагыг судалгааны түүвэр, арга зүйгээ хэрхэн хийдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан онол, арга зүй нь шинжлэх ухааны түвшинд л явдаг байх. Тиймээс манайх тэр байгууллагаас илүү, эсвэл дутуу гэдэгт хариулах боломжгүй. Харин судалгааны итгэл, үнэмшил болон үнэн бодит чанар нь ердөө түүврийн чадвартаа байдаг. Өөрөөр хэлбэл, ажил мэргэжил, шашин шүтлэг, нас, намын харьяалал, хүйс зэрэг хүн ам зүйн бүтцийн төлөөлөл судалгаанд хэр хангалттай, бодитой оролцсон бэ гэдэгт байгаа юм. Түүнээс олон хүнээс судалгаа авах юм бол чанартай, сайн судалгаа болно гэж ярьдаг нь буруу. Хойд хөршид явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 1000 хүнийг судалгаанд хамруулж, Ерөнхийлөгч болох хүнийг яг л хэлж байсан шүү дээ. Харин онолын түвшинд хүн амын 10 хувь нь судалгаанд хамрагдсан байх хэрэгтэй гэдэг ч дэлхийн аль ч улс орон бага зардлаар их мэдээлэл цуглуулахад анхаарч байна.

- Улаанбаатар хотын 600 хүн хөдөө орон нутгийн иргэдийг төлөөлж чадах уу?
-Нэгдүгээрт, хөдөө орон нутгаар явах цаг хугацаа байсангүй. Дээрээс нь нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явц явагдсан тухайн агшныг судалдаг. Тиймээс үйл явц болоод өнгөрчихсөн бол нийгмийн сэтгэлзүй хэдийнэ өөрчлөгдчихсөн байдаг. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод улсын хүн амын тал нь амьдардаг. Мөн насанд хүрэгчдийн буюу сонгогчдын тал хувь нь байна. Энэ нь улс оронд өрнөж байгаа үйл явцын дунд иргэд амьдарч байна гэсэн үг. Ер нь, богино экспрэсс судалгааг хүн ам төвлөрсөн  хотод хийдэг жишиг бий.

-Судалгааны үр дүн муу гарсан. Үүнийг шууд олон нийтэд хүргэж байгаа нь Засгийн газрын эсрэг явуулга гэсэн  хардлага төрүүлэх байх. Ямар нэг намын харьяалалтай юу?
-Судалгааны үр дүнг олон нийтэд хүргэж болно. Өөрсдөө эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглаж болно. Ер нь, зорилго нь тэр шүү дээ. Мөн судалгааны үр дүнг боловсруулан Засгийн газарт хүргэх арга механизм нь удаан байдаг учраас хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигладаг. Нэмж хэлэхэд, ямар нэг намын харьяалал, улс төрийн захиалга, хэн нэг улстөрчийн хатгалга байхгүй. Харин ч судлаач хүний хүсэл сонирхолд тулгуурлан явагддаг. Яг энэ асуудалд дүн шинжилгээ хийчих юм бол бусад эрдэм шинжилгээний ажилд ашиглах, судлаачид болоод төгсөх ангийн оюутнууд хэрэглэх юм бол бидний хийсэн судалгаа амьдралд хүрч байна л гэсэн үг.

-“ЭЗЭН-100” хөтөлбөрийг эхэлсэн хугацаанаас нь тооцвол өнгөрсөн даваа гарагт  дууссан. Судалгааны баг ч үүнтэй санал нийллээ. Гэтэл Засгийн газраас барин тавин ярьж, дуусах хугацааг тодорхой батлаагүй байна. Үүнд ямар байр, сууринаас хандаж байгаа вэ?
-100 хоног гэсэн бол хөтөлбөртөө тусгах ёстой. Аливаа хөтөлбөрийн зорилго, календарчилсан төлөвлөгөө гэж байдаг. Төр засгийн тэргүүн, ялангуяа Ерөнхий сайд Н.Алтанхуяг инновац  гэж их ярьдаг болсон байна. Гэтэл инновац ярьдаг хүмүүс шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөр боловсруулсан байх ёстой. Энэ нь 100 хоногийг ажлын тав хоногоор тоолох юм уу, үгүй юу гэдгийг тодорхойлсон байх ёстой гэсэн үг. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар 100 хоног дуусах өдрийг тодорхойлоогүй, ард иргэдэд танилцуулаагүй гэж дүгнэнэ. Ийм тохиолдолд судлаачид баталсан өдрөөс хойш тоолдог. Нэмээд хэлэхэд “ЭЗЭН-100” хөтөлбөр эзэнгүй байлаа. Ард иргэдэд мэдээлэл байхгүй, улс төрийн акц, шоу хийлгүй өнгөрлөө.

Судалгаанд энэ сарын 13-16-ны хооронд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 600 иргэн хамрагджээ. Судалгаанд оролцогчдын 50.6 хувь нь эрэгтэй, 49.4 хувь нь эмэгтэй, 60.2 хувь нь 18-35 насны залуу, 34.3 хувь нь 36-55 насны дунд үеийнхэн, 5.5 хувь нь 56-аас дээш буюу тэтгэврийн насныхан байжээ. Харин 52.9 хувь нь дээд, 7.1 хувь нь тусгай дунд, 39 хувь нь бүрэн болон бүрэн бус дунд, үлдсэн нэг хувь нь бага, боловсролгүй иргэдээс бүрджээ. Судалгааг Улс орны эдийн засаг, иргэдийн амьдралын түвшиний болон Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрт өгсөн иргэдийн үнэлгээ гэсэн хоёр хэсэгт хуваан үзсэн байна.

Ингээд 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш хоёр жилийн хугацаанд өөрсдийн амьдрал ахуйд ямар өөрчлөлт гарсны асуухад 15.1 хувь нь сайжирсан (2012 оны сонгуулийн өмнөх адил асуулгаар 16.7 хувь байсан), 26.4 хувь нь дордсон (2012 оны сонгуулийн өмнөх адил асуулгаар 23.7 хувь байсан) хэмээн хариулсан байна. Мөн улс орны эдийн засгийн хөгжил ямар түвшинд байгаа вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 20 хувь хөгжих шатандаа орсон гэж үзсэн бол 60 хувь нь эдийн засгийн нөхцөл байдлыг хүндэрсэн, маш том уналтад орсон гэж үзжээ. Энэ нь Засгийн газраас эдийн засгийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, эдийн засгийн дотоод болон гадаад орчинд оновчгүй, ард түмний амьдралд наалдацгүй, үр дүн муу байсныг дүгнэн харуулж байгаа гэдгийг судалгааны баг хэлж байна.

Харин “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр буюу 100 хоногт иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэх асуултад хариулагсдын 5.7 хувь нь сайжирсан (хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хоёр жилийн өмнө 15.1 хувь байсан) гэж үзсэн бол хамгийн өндөр буюу 34.4 хувь нь дордсон (хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хоёр жилийн өмнө 26.4 хувь байсан) гэж үзлээ. Мөн дээрх хөтөлбөртэй холбоотойгоор олон төрлийн судалгаа авсан бөгөөд эцэст нь нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 95.1 хувь нь 2012 оноос хойш улс орны эдийн засаг хүндрэлд орж, “ЭЗЭН-100” хөтөлбөрийг үр ашгаа өгөөгүй хэмээн дүгнэжээ.

Б.ШИРНЭН

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих