“Монос”-ын эмийн сангууд шалгалтад уналаа
ШӨХТГ-ынхан “Монос” группийн эмийн сангийн салбаруудыг шалгасан билээ. Энэ шалгалтын дүнгийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Уг шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах “Монос-5 шар”, “Монос-Хархорин”, “Монос-Мөнхжин”, Баянгол дүүргийн нутагт байрлах “Монос-25″, “Монос-3″, “Монос-Энхжин”, “Монос-Магда”, Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Монос-Оргил” эмийн сан, Баянзүрх дуүргийн нутагт байрлах “Монос-13″, “Монос-Сансар”, “Монос-Баян Монгол”, “Монос-Ботаник”, “Монос-16″, “Монос Офицер”эмийн сан, Чингэлтэй дүүргийн “Монос-37″, Монос-Төв эмийн сан, Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Монос-11″, “Монос-Метромар”, “Монос-Далай” гэсэн салбарыг хамруулсан байна. Хяналт шалгалтаар дээрх эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалддаг ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын зөрчилтэй гэсэн нийтлэг дутагдлууд илэрчээ.
Түүнчлэн “Монос-Баян Монгол”, “Монос-Саруул тэнгэр 2″, “Монос-Төмөр зам”, “Монос-Макс”, “Монос-Хархорин”, “Монос-Метромалл”, Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Монос эмийн сангууд нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгчгүй байсан зөрчил илэрчээ. “Монос Улаанбаатар” ХХК-ийн Баянзүрх дүургийн VIII хороонд байрлах “Монос-Ботаник” эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байжээ. Мөн Баянзүрх дүүрэгт байрлах “Монос-Баянмонгол” эмийн сангийн эрхлэгч Б.Батцэцэг “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт МШ 5260: 2011-т заасан мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан мэргэшсэн эм зүйч, эмийн сангийн эрхлэгчтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй, нийтийн үйлчилгээний нэгдүгээр зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авсан боловч дээрх стандартад заасан шаардлагад нийцээгүй гэдгийг ШӨХТГ-ынхан хэлж байв. “Монос-25″ эмийн сангийн салбар нь эм найруулж байсан бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан нь хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллээр хангах эрх зөрчсөн гэж үзжээ.
Тус эмийн сангууд Өрсөлдөөнйй тухай хуулийн хэд хэдэн заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг зөрчсөн дутагдал илэрсэн байна. Иймд зөрчил гаргасан эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл түр зогсоож, “Монос-Улаанбаатар” ХХК-д Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулжээ. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ гэдгийг тайлагналаа.
Б.ДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүчингүй болгосон уу . Яг хэвээрээ ажиллаад л байж байна