Валютын ханш өсч, буурдаг нь эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой гэж ченж хэлэв
Валют арилжааны “Найман шарга” захаар орж валют арилжигч Э.Ариунтунгалагтай уулзсан юм. Тэрбээр валютын ханшийн уналтын талаар ийнхүү ярьж байна.
-”Найман шарга” дээр валютийн ханш хэзээнээс унаж эхэлсэн бэ?
-Өнгөрсөн дөрөв дэх өдрийн орой банкуудаас гэнэт ханш буурсныг зарласан.
-Валютын ханш суларсан шалтгааныг та юу гэж бодож байна вэ. Бодит ханшруугаа дөхөж байна уу. Эсвэл зохиомол үйл ажиллагаа юм болов уу?
-Энэ бол тэр чигтээ л төлөвлөгөөт үйл ажиллагаа байх. Валют гэдэг эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн тоглоом болж байна. Тагнуулын ерөнхий газраас шалгалт хийх л хэрэгтэй. Ингээд хараад сууцгаагаад байгааг нь огт ойлгохгүй байна.
-Долларын ханш өсч, буурахад голлох хүчин зүйл нь юу байна вэ. Таны бодлоор?
-Арилжааны банкууд доллараа гаргахгүй байгаад л хамаг шалтгаан байна. Хэргээр мөнгөө гаргалгүй түгжиж байгаа нь илт байдаг. Хэн ч хамаагүй аль нэг банк руу залгаад 50 мянган доллар авъя гэхэд урдаас нь өгөх хариулт нь “үгүй” л байх болно. Ялангуяа “Хаан” банк, “Худалдаа хөгжлийн банк” голлох нөлөөтэй. Эрх мэдэл ихтэй хүмүүстэй холбоотой байж магадгүй. Ханшаа өсгөж иргэдийг мөлжихийн тулд л ингэж байгаа юм.
-Ханш өсөх нь банк санхүүгийн мэдэлтнүүдэд ашигтай болов ч бусдад хохиролтой нь тодорхой. Энэ талаарх таны бодол?
-Валютын ханш өсөх нь иргэн болон арилжаалагчидад ямар ч ашиггүй. Иргэдийн хувьд улс орныхоо байдлаас болж эдийн засгаараа хохирсоор л байна. Харин арилжаалагчдын хувьд валютын ханш тогтвортой бөгөөд хямд байх нь л хамгийн ашигтай. Хямд байвал үйлчлүүлэгчид ихсэх нь мэдээж. Харин тогтвортой байснаараа алдагдал бага. Ингэж байж л бидний бизнест ашиг гардаг.
-Ханш сул байхад авсан доллар дараа нь арилжаалахад мэдээж ашигтай болж хувирна тийм үү?
-Их, бага үнэтэй байх нь хамаагүй, тэнцвэртэй л байх хэрэгтэй. Энэ явдлыг хүн бүр ингэж хардаг боловч яг үнэндээ алдагдалтайгаа дүйцээл таардаг. Энэ тал дээр бол ашигтайгаасаа ашиггүй нь их. Дээрээс нь аж ахуйн нэгж гэдэг утгаараа татвар төлнө. Түрээсийн мөнгө ч гэсэн амаргүй л байдаг.
-Түрээс гэж хэдийг төлдөг вэ?
-Энэ захын бүх валют арилжааны төвүүд түрээсийн байранд ажилладаг. Манайх зөвхөн энэ 4,5 метр квадрат газартаа сарын 500 мянгыг төлдөг. Тэгээд нэг хоёр сараар биш заавал хагас жилээр төлбөрөө авдаг.
Тэрбээр ийн өгүүлсэн юм. Мөн бид валютын ханшийн эргэн тойронд өрнөж буй асуудлаар иргэдтэй ярилцсан. Иргэн Б.Мөнхсоёл “Долларын ханшын өсөлт бууралт гэдэг бол эрх мэдэлтэй томчуудын дураараа шийддэг асуудал болж байна. Арай хэтэрхий өсөөд байна шүү дээ. Монгол төгрөг ямар ч үнэ цэнэгүй болж хувирч байгаа нь санаа зовоож байна” гэсэн бол иргэн Д.Аварзэд “Эдийн засаг, үнэт цаасны гүйлгээ нь тухайн орны өнгө төрхийг багагүй илтгэдэг. Манай улс ингэтлээ уналтад орох шалтгаан байхгүй гэж бодож байна. Ард иргэдийг бодож тэдний өмнөөс хөдөлдөг, аливаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг хүн үгүй болжээ. Аль ч салбарт, ямар ч нөхЦөлд зөвхөн иргэд хохирч үлдэж байна” гэсэн юм.
О.СОНИНБАЯР /ӨДРИЙН ШУУДАН/
URL: