Хал үзэж, хатууг туулсан Ши Жиньпин Хятадын санхүүгийн системийг ардчилж, авлигатай тэмцдэгээрээ алдаршжээ

bac5a4b4-cf8e-4e99-9f6b-eb5eec6b1699ДЭЭДСИЙН ХҮРЭЭНЭЭС БӨГЛҮҮ ТОСГОНД…

Маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсад айлчлахаар ирнэ.

Улс орныхоо эдийн засгийг унагасан төр, засгийн удирдагчдын хувьд энэ айлчлал асар их найдлага төрүүлж байгаа юм.

Тиймээс БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин гэж хэн бэ.

Гуо Яньжин хэмээгч “Хятадын ирээдүй: Ши Жинпины намтар” хэмээх ном бичсэн бол Пи Хо гэгч “Ши Жиньпины намтар” гэж нэртэй ном бичжээ.

Ши Жиньпин 1953 онд буюу БНХАУ-ыг байгуулснаас хойш

bed6a8bb-f312-4018-8b67-4bcc3a422684.jpg

 

дөрвөн жилийн дараа Бээжинд Хятадын коммунист намын хууччуулын нэг Ши Жуньсюнийд төржээ.

Тухайн үед эцэг нь Хятадын агуу жолоодогч Мао Зэ Дуны ойрын хүрээлэлд багтаж байжээ.

Ши Жуньсюнь нь Жоу Эньлайны удирдлага дор төрийн нарийн бичгийн дэд даргын албыг хашиж явсан нэгэн.

Эцгийгээ өндөр хэргэмд байх хугацаанд Ши Жиньпин Хятадын бусад удирдагчдын хүүхдүүдийн хамт дээдсийн хүрээнд өсч байв.

Тухайн үеийн БНХАУ-ын сангийн сайд асан Бо И богийн хүү, авилгын хэргээр цаазын ял авсан Бо Силай ч түүнтэй хамт нэг дороо өссөн гэдэг.

 

Соёлын хувьсгал эхлэхэд эцэг Ши бусад томчуудын хамт албан тушаалаасаа хусагдаж эхлээд шоронд орж, улмаар цөлөгджээ.

Хүүг нь ч энэ зовлон бэрхшээл тойроогүй бөгөөд 15-тайдаа хамгийн бөглүү, ядуу тосгонд цөлөгджээ.

1969-1975 онд Ши Жиньпин агуйд амьдарч, хүнд хэцүүг туулсан гэдэг.

Ши өөрөө хожим энэ тухай “ааваасаа тусдаа байсан жилүүд амьдралын маань хамгийн хүнд үе байсан” гэж дурссан байдаг.

Энэ бүхэн түүнд хал үзүүлж, амьдралд тэв­чээртэй, асуудлыг ший­дэж чадах чадварт сургасан байна.

“Хятадын ирээдүй: Ши Жинпины намтар” номын зохиогч “…хөдөө нутагт цөлөгдөж хар ажил хийх болсон нь Ши Жинпинийг Хятад хийгээд дэлхийг өөрөөр харахад хүргэсэн” хэмээн бичсэн байна.

Зохиогч мөн “Тэрбээр удирдагч болсныхоо дараа ч фермерүүдэд тусалсаар байв. Миний хамгийн дуртай түүх бол 1975 онд Ши Жинпинийг хөдөөнөөс явахад тосгоны иргэд түүнийг гаргаж өгөхөөр галт тэрэгний зогсоол хүртэл 30 км алхсан явдал юм” гэж өгүүлжээ.

 

АНХНЫ ЭХНЭРЭЭСЭЭ САЛЖЭЭ

1976 онд Мао Зедунь нас барж, Ши Жинпиний эцэг өндөр хэргэмдээ буцан очсон байна.

Эцэг Ши Гуандунь мужийн намын нарийн бичгийн дарга болов. Тэр үед Бээжинд буцан ирсэн Ши Жиньпин химийн инженерийн мэргэжлээр Цинхуан Их сур­гуулийг төгсчээ.

Ши Жиньпин 1979 онд сургуулиа төгсөөд эцгийнхээ анд нөхөр Гень Биаогийн хувийн туслах болж, цэргийн албанд идэвхтэй хүчин зүтгэсэн байдаг.

Одоо ч түүнийг цэргийн салбарт тун элэгтэй цэргийн гэр бүлийн гишүүн хэмээн үздэг юм.

Өндөр хэргэмтэй Гень Биаогийн гэр бүлийн нөхөрлөл мөн мэргэжлийнхээ давуу байдлаар Ши Жиньпин цэргийн салбарт албан тушаалаа ахиулж чадсан гэдэг.

Энэ үед Ши Жиньпин Их Британи дахь Хятадын элчин сайд Кэ Хуагийн охин буюу анхны эхнэр Кэ Линьлиньтэй гэрлэжээ.

Тэдний гэрлэлтийн талаар хэдхэн жилийн дараа салсан гэхээс өөр мэдээлэл байдаггүй гэнэ.

 

ШИ-Г ХЯТАДЫН САНХҮҮГИЙН СИСТЕМД АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН ГЭЖ ҮЗДЭГ

1982 онд эцэг Ши Коммунист намын гол хүчин болох Улс төрийн хорооны нарийн бичгийн дарга болж, Ши Жиньпин Хэбэй мужийн намын нарийн бичгийн дэд даргаар томилогдсоноор улс төрийн анхны албан тушаалдаа очжээ.

 

Албан тушаалын дагуу Ши Жиньпин 1985 онд АНУ-д болсон уулзалтад хөдөө аж ахуйн төлөөлөгчөөр оролцож, ихээхэн туршлагатай иржээ. “Ши Жиньпины намтар” хэмээх номыг зохиогч Пи Хо АНУ-д томилолтоор явсан нь түүнд ихээхэн нөлөөлсөн гэжээ.

Зохиогч “Наанаа бол Ши Жиньпин үндэсний үзэлтэн, харин сэтгэл судлалын үүднээс тэрээр барууны орнууд ялангуяа АНУ-тай сайн харилцаатай болохыг эрмэлзэх болсон” гэжээ.

Мөн охин Ши Миньже нь Харвардын их сургуульд хуурамч нэрээр сурч байсныг, Ши Жиньпин БНХАУ-ын дэд дарга болсныхоо дараа АНУ-ын олон удирдлагатай уулзсаныг дурдсан байдаг.

Ши Жиньпин эдийн засгийн нөлөөтэй бүсүүд болох Фужиан, Зежиань, Шанхайг удирдаж байхдаа хувийн өмчийг баяжуулах, гадаад хөрөнгө оруулалт, худалдааг дэмжин Хятадын санхүүгийн системд ардчиллыг авчирсан хэмээн судлаач Чень Ли өгүүлсэн байна.

Тэр улс төрийн олон шат дамжлагыг давсны эцэст 2008 онд Хятадын дэд тэргүүн болж олон чухал ажлыг удирдсан.

Түүний нэг нь 2008 оны Бээжингийн олимп байсан бөгөөд энэ үйл ажиллагааг гардан хийсэн нь маш амжилттай болжээ.

Үүний дараа Засгийн газраа төлөөлөн Хонгконг, Макаотай ам­жилттай харилцаа тог­тоож чадсан нь түүнийг сайн улстөрч гэдгийг дахин баталсан байна.

Ши Жиньпинийг барууны зарим хэвлэлд “Химийн ин­женер мэргэжилтэй байхад нь бараг хэн ч таньдаггүй байсан.

Харин дахин суралцаж хуулийн мэргэжилтэй болсноор түүний улстөрчийн ирээдүй гэрэл гэгээтэй болсон юм” хэмээн бичсэн байдаг.

 

АВЛИГАТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ

Ши Жиньпин 2012 онд Коммунист намын XVIII их хурлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. Харин 2013 оны гуравдугаар сараас БНХАУ-ын дарга болсон Ши Жиньпинийг гарч ирэх үед Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Бриус Диксон “Хятадын лидерүүд хэзээ ч ямар нэгэн амлалт өгч оргилд хүрдэггүй.

Тэд энэ албанд хэр үнэнч, хэр удаан зүтгэснээрээ оргилд хүрдэг. Харин тэрхүү оргилд гарсныхаа дараа юу хийх вэ гэдэг том асуулт юм” хэмээн бичжээ.

Ши Жинпин ч мөн энэ жамаар оргилд хүрсэн нь ойлгомжтой юм.

Гэхдээ тэр бол аль эртнээс л авлигын эсрэг тууштай тэмцэгч гэгдэж ирсэн учир хамгийн түрүүнд энэ талаар ажиллаж эхэлсэн.

Тэр карьерынхаа эхэнд Чжэцзян мужийн амбан захирагч байхдаа л авилгатай тэмцэгч нэрээр алдаршжээ.

 

Хятадын Хөгжлийн нийгэмлэгийн дарга Венцзу Цу Девен түүнийг тодорхойлохдоо,“Тэр хэзээ ч заль мэхэнд автаж, худалдагдахааргүй удирдагч байсан. Энэ нь ч түүнд Хятадын эдийн засгийн шинэчлэлийн замд олон бэрхшээлийг амжилттай даван туулахад нь тус болсон” гэж ярьжээ

Түүнийг удирдагч болсноос хойш Хятадын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын дунд болон албан байгууллагуудад гардаг байсан авлигын асуудал эрс буурсан байна.  Мөн Хятадын том дарга сайд нар олноороо авилгын хэрэгт шийтгэгдсээр байна.

Ши Жиньпин Засгийн газраа нээлттэй болгох, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, шинэчлэх талаар олон ажил хийж байгаа. Тэрбээр энэ бүхнээ “Хятад мөрөөдөл” хэмээн нэр­лэдэг. “Хятад мөрөөдөл” хязгааргүй, гэхдээ хэзээ нэг цагт энэ бүхэн биеллээ олно хэмээн тэрбээр ярих дуртай аж.

Анхны эхнэрээсээ хойш тэрбээр 1987 онд Хятадын ардын дуучин бүсгүй Пэн Лиюаньтай гэр бүл болжээ. Эхнэр нь Хятадын Ардын чөлөөлөх армийн хошууч генерал цолтой, нэр цууд гарсан дуучин ажээ.

О.Хуяг

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих