Их өр: Хэн, юу хийв? /2/

145145-19082014-1408421101-1966796047-ua89y659Түрүүч нь

Яаж төлөв?
Өрийн 98 хувийг нь хөнгөлүүллээ. Үлдсэн хоёр хувь буюу 250 сая доллараа яаж төлөх вэ. 2003 оны сүүлчээр  улсын сан хөмрөгт тэр хэмжээний мөнгө сул хэвтэж байгаагүй нь ойлгомжтой. Тиймээс 250 сая доллар олно гэдэг тийм амархан ажил биш байсан нь тодорхой.
Тухайн үед ажиллаж байсан албаны хүмүүсийн хэлж, бичиж байснаар бол, Эрдэнэт үйлдвэрээс баяжмал гаргаж, урьдчилсан төлбөр авах маягтайгаар нэг хэсгийг, дээр нь Монголбанкнаас зээл авсан, мөн Засгийн газрын бонд гаргасан байна.

Засгийн газрын бондыг гадаадын компаниуд, тухайлбал, “Айвенхоу майнз”-ын Р.Фрийдланд худалдан авчээ. Бондын хүү гурван хувь байж. Засгийн газар бондын мөнгийг буцааж төлөхдөө гурван хувийн хүү жилд нэмнэ гэсэн үг.

Өнөөдөр бол, Чингис, Самурай бонд 5-7 хувийн хүүтэй гарч, өндөр хүүтэй мөнгө авч, үр ашиггүй зарцууллаа гэж Засгийн газар шүүмжлүүлээд байгаа билээ. Үе үеийн Засгийн газрын гаргаж байсан бондын хүү дотроос их өрийг дуусгах үед гаргаж байсан нь хамгийн бага хүүтэй гэдгээрээ бас л онцлог аж.
250 сая доллараа гурван эх үүсвэрээс бүрдүүлээд  2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр багтааж ОХУ-д шилжүүлэх ёстой байжээ. Үүнийгээ манайх яг амласандаа биелүүлэхийн тулд олон зүйлийг бодолцож хийсэн гэдгийг албаны хүмүүс онцолдог.
Долларыг Нью-Йорк руу шилжүүлсэн. Нью-Йорк Улаанбаатар хоёрын хооронд цагийн зөрүү 12 цаг. Нью-Йоркт ажлын өдөр дуусаж байхад Улаанбаатарт маргааш өглөө нь болж байдаг. Арванхоёрдугаар сарын 31-нд багтааж өр төлбөрөө дуусгах талаар холбогдох бичиг баримтуудад тусгаж гарын үсэг зурсан.
ОХУ-ын тал ч ийм нөхцөл болзол тавьсан байсан. Хэрвээ ингэж шийдэж чадахгүй бол өрийн хэлэлцээр задарч бүх зүйл дахин шинээр эхлэх тийм эгзэгтэй нөхцөл тухайн үед байсан гэнэ. Дахин задарвал Монголд ашиггүй болох магадлалтай тул аль болох бүх зүйлийг гэрээ хэлэлцээрт заасан цаг хугацаандаа багтааж хийх шаардлагатай байжээ.
Төлбөр тооцоо хийгдсэний дараа мөн арванхоёрдугаар сарын 31-нд багтаагаад ОХУ-ын талаас Ерөнхий сайд Касьяновын гарын үсэгтэй “Та бүхэн бидэнд зээлээ төллөө” гэсэн бичиг ирүүлсэн байдаг аж.
Хэрвээ ДУМ-ээр хэлэлцүүлсэн бол?
Өрийн тухайд 75 хувиас дээш хөнгөлөлт үзүүлж байгаа тохиолдолд заавал Төрийн ДУМ-ээр хэлэлцүүлж, баталгаажуулах ёстой гэдэг хууль ОХУ-д үйлчилдэг. Монголд үзүүлж байгаа шиг 98 хувийн хөнгөлөлт Оросын парламентын босго давах боломж байхгүй тул хуулийн өөр нэг боломжийг ашиглахыг Оросын тал манайд санал болгожээ.
Хэрэв гуравдагч этгээд ОХУ-ын өрийг худалдаж авах буюу зуучлагчаар дамжуулж болох тухай хуулийн заалт. Орос улс ганцхан Монголтой өр зээлтэй биш. Олон оронтой өр зээлийнхээ асуудлыг шийдэж байсан, одоо ч шийдсээр байгаа.
Тиймээс ийм асуудлыг өмнө нь шийдэж байсан туршлага дээрээ үндэслэсэн ч гэж хэлж болох. Оросын тал бусад оронтой  өр зээлийг шийдэхэд  хамтарч ажилладаг, итгэлтэй харилцаатай тийм байгууллагаа өөрсдөө сонгоод манайханд санал болгосон нь Чехийн “Фед” компани.
Чехийн энэ компани Вьетнам, Лаос, Камбож гээд олон орны өр зээлийг шийдэхэд Оростой хамтарч ажиллаж байсан гэдэг.  Монголын тухайд өмнө нь ийм ажил хийж байсан туршлага ч, гуравдагч итгэлтэй түнш ч байгаагүй. Тиймээс Оросын талын саналыг хүлээж авахаас өөр аргагүй байсан биз.
Хэрвээ ОХУ-ын Төрийн ДУМ-ээр асуудлыг хэлэлцүүлсэн бол яах байсан бол гэдгийг “Монгол, Вьетнам, Лоас зэрэг орны өрийг цуцлах ёсгүй, харин ч тэднээс авах ёстой байсан” гэж үргэлж ярьдаг В.Жириновскийн хийрхлээс л харж болох.
Асуудал ДУМ руу орсон бол түүний тэргүүлдэг Либерал ардчилсан нам хамгийн түрүүн “Үгүй” гэж хашгирах байсан нь лавтай. Энэ намынхан сүүлд нь “Монголыг өртэй хэвээр нь байлгая, буцаая” гэж хамгийн олон удаа мэдэгдэж ярьсан байдаг билээ.
Өнөөдөр Украйн Орос хоёрын хооронд хийн төлбөр тооцоотой холбоотойгоор өрөө төлсөн төлөөгүй гээд бөөн асуудал үүсч түүнээс улбаалаад одоо тэнд дайн болж байна. Хэрэв өрийн асуудлыг арван жилийн өмнө тэгж шийдэж чадаагүй бол юу болох байсан бол.
Хэрвээ өрийн асуудлыг шийдээгүй байсан бол манайх Тавантолгой, Оюутолгойгоо яах байсан билээ, төмөр зам, цахилгаан станцуудаа яах байсан бол гээд л. Ингэж өрийн асуудлыг шийдсэнээр эдийн засгийн хувьд хараат бус бодлого явуулах боломж бүрдсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Их өрийг тэглэхтэй зэрэгцээд “Эрдэнэт”, “Монголросцветмэт”…
Өртэй байх гэдэг уг нь нэг их баярлаад байх зүйл биш.  Гэхдээ өртэй байхад баярладаг улстөрчид манайд бий. “Их өр төлөх явцад 50 сая доллар дундаас нь зувчуулсан”, “Өрийг төлж дуусгаагүй байсан” гэж Ардчилсан намынхан нэг бус удаа ярьж мэдэгдэж байлаа.
Харин энэ бүхэнд цэг тавьсан шалгалт 2005 онд болжээ. УИХ-ын даргын 2005 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 34 тоот захирамжаар Монгол Улсаас ОХУ-д төлөх их өрийг төлж барагдуулсан тухай асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-д суудалтай нам, хүчний төлөөллийг оролцуулсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдон ажилласан байдаг.
Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Иргэний зориг намын С.Оюун, Ж.Наранцацралт агсан гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр орж байгаад өр барагдуулсан бүх гэрээ хэлэлцээр, шилжүүлэг хуулга гээд бүх баримтыг шалгаж үзжээ.
Тэгээд уг комиссоос “Их өр бүрэн барагдсан байна, 250 сая доллар бүрэн шилжсэн байна, энд ямар нэгэн зөрчил гараагүй байна” гэдэг дүгнэлт гаргажээ. Их өр барагдсан гэдгийг Монголын талаас ингэж Их Хурлын ажлын хэсэг шалгаж баталгаажуулж.
Олон улсын валютын сан гэдэг байгууллага бий. Монгол Улсад зээл тусламж үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, зөвлөмж зөвлөгөө өгдөг энэ байгууллага Монголын эдийн засгийн хөдөлгөөн, мөнгөний урсгалыг маш сайн хянаж байдаг.
Тухайн үед Монголыг хариуцаж байсан ноён Доллар манай төр засгийн албаны хүмүүст “Их өр тэглэсэнтэй холбоотойгоор сөрөг хүчнээс тавиад байгаа асуудлыг ОУВС, Дэлхийн банк шалгасан. Бүх зүйл ном журмын дагуу явсан.
Монголын талыг сэжиглэх зүйл огт байхгүй” гэдгийг албан ёсоор хэлж байжээ. ОУВС, Дэлхийн банкнаас өөр сайн шалгах газар гэж хаа байх билээ дээ. Хоёр дахь баталгаа нь энэ аж.
Гэтэл “Өрийн үлдэгдэл, их өрийг төлөөгүй байснаа Н.Энхбаяр өөрийгөө сурталчилж, өр төлсөн гэж хэлж байсан” гэдэг шүүмжлэл сүүлд гарч ирсэн. Бүр тодруулбал, Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа.
Их өрийг тэглэхтэй зэрэгцээд мөнгөнөөс гадна хэд хэдэн чу­хал асуудал шийдэгдсэн бай­даг. “Эрдэнэт” үйлдвэр, “Мон­голросцветмэт” нэгдлийн 51 хувийг Монголын талд шилжүүлэхээр хоёр тал албан ёсны бичиг баримтад гарын үсэг зуржээ.
Энэ бүх ажлыг ямар хугацаанд, ямар байгууллага яаж хийх вэ гэдгийг ч нарийн тусгасан байна. Холбогдох яамд, Төрийн өмчийн хороо, хоёр байгууллага өөрсдөө гээд.
Тухайн үедээ их өр гэдэг том далбаан дор дарагдаад олон түмэн нэг их сайн анзаараагүй өнгөрсөн болохоос биш. Бас оросууд өөрсдийн эзэмшлийн хувиа хувьчилсан ч юм шиг, үгүй ч юм шиг ойлгомжгүй байдал үүсээд байсан нь нэг талдаа буюу Оросын Засгийн газрын мэдэлд байгаа гэдэг баталгаажжээ.
Өмнө нь Оросын тал давуу эрхтэй байхдаа маш олон хөнгөлөлт эдэлдэг байлаа. Гаалийн татвар төлдөггүй, төмөр замаар хөнгөлөлттэй үйлчлүүлдэг гэх мэтийн.
Харин Монголын тал давуу эрхийн хувьцаатай болохоор компаниудыг дахин бүртгүүлэх шаардлагатай болсон байна. Ингэснээр хамтарсан үйлдвэрүүд хөнгөлөлт эдэлдэг нь больж, улмаар татварын шугамаар орлого орж ирэх боломж бүрдсэн байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн тухайд ямар ч хүндрэл асуудал гаралгүй бүх зүйл ном журмын дагуу холбогдох яам, Төрийн өмчийн хороо, үйлдвэрийнхэн нь хийсэн байна. Харин “Монголросцветмэт”-ийн удирдлага “байгууллагаа бодох” нэрээр энэ ажлыг хийгээгүй байна.
Тухайн  үед “Монголросцветмэт”-ийн захирлаар Х.Бадамсүрэн ажиллаж байжээ. Дэлхийн зах зээл дээр жоншны үнэ унаж, түүнийг дагаад “Монголросцветмэт”-ийн ашиг орлого буурч, эдийн засгийн үзүүлэлт нь таагүй гарч байж.
Ийм хүнд нөхцөлд татвар төлж, төмөр замаар хөнгөлөлтгүй үйлчлүүлдэг болох нь улам хүндрэл авчирна гэж үзсэн байна. Тиймээс гэрээний заалтуудыг зөрчин дахин шинэчилж бүртгүүлэхийг хойшлуулжээ.
Үүнийг хамтарсан үйлдвэрийн Оросын тал, бас хоёр улсын улсын холбогдох яам, ТӨХ, хамтарсан үйлдвэрийн удирдах зөвлөл мэдэж байсан нь лавтай.
Хамтарсан үйлдвэр учраас хоёр талаасаа л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Ингэж алсаа бус амиа бодож аргацааж явсан нь хожим Монгол Улсын их өр дуусаагүй гэдэг яриа хөөрөө гарах үндэс болсон байна.
Дерипаскагийн занга буюу өртэй байхыг хүсэгчид
Их өрийн асуудал шийдэгдсэн нь оросуудын манайхтай харилцах харилцаанд эдийн засгийн хөшүүрэггүй болгочихсон гэдгийг оросын зарим судлаач ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Оюутолгой, Тавантолгой, Асгат гээд Монголын хөрсөн доороос баялаг ундраад байдаг.
Оросууд түүн рүү хуучин шигээ давуу эрхтэйгээр орох боломжгүй болчихсон ийм үед “Монголросцветмэт”-ийн бүртгэл өгөөш болжээ.
“Монголын тал “Монголросцветмэт”-ийн бүртгэлээ хийгээгүй байгаа нь Оросын их өрийн асуудлыг шийдээгүй гэсэн үг” гэдэг байдлаар асуудлыг хөндөж гаргаж ирэх хэрэгтэй.
Монголчууд сандралдвал түүгээр нь далимдуулаад Тавантолгой, Оюутолгой руу орох ёстой” гэсэн тактик боловсруулж түүнийхээ дагуу хөдөлсөн гэдэг. Үүний цаана Оросын олигархи Дерипаскаг байсан гэх нь бий.
Ийм асуудал хөндөгдөж эхлэхэд Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр тас цохиод хүлээж аваагүй байна. “Их өрийн асуудал шийдэгдсэн, зөвхөн хамтарсан нэг компанийн бүртгэл дутуу үлдсэн.  Үүнийг далимдуулж болохгүй” гэдгээ ойлгомжтой тод илэрхийлсэн учир  Дерипаскагийн төлөвлөгөө тэгсхийгээд намжсан ч тэдний ялангуяа Тавантолгой руу орох гэсэн хүсэл нь хэвээр үлдсэн нь мэдээж.  Харин хөшүүргээ олохгүй байсан бололтой.
180 сая доллар гэдэг тоо гарч ирсэн нь “Монголросцветмэт”-ийг анх байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт. Их өр тэглэх үед хийсэн гэрээний дагуу бүртгэлийг хийгээгүйн хариуцлагыг зөвхөн Монголын тал дангаараа хүлээнэ гэдэг  ч бас зүйд нийцэхгүй угаасаа.
 Бүр төлөх дээрээ хүрвэл их өрийг төлсөн зарчмаар буюу 98 хувийг нь хөнгөлж, үлдсэн хоёр хувь буюу 3,6 сая долларыг төлөх ёстой гэдэг дээр Н.Энхбаяр байр суурийг барьж байжээ.
Энд манай төрийн эзэмшлийн компаниудын байдал, түүнд хяналт тавих ёстой холбогдох газруудын ажилдаа ханддаг түгээмэл хандлагын илрэл гэж хэлж болно. Төрийн өмч гэдэг яагаад эзэнгүйдээд байдаг гэдгийг ч харж болох мэт.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч боллоо, 2009 оны сонгуулиар. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Халх голын 70 жилийн ойгоор айлчлах үед манайхан “Тиймээ тийм, манайх өрөө дутуу төлсөн” гээд хүлээн зөвшөөрчихсөн байдаг.
Д.Медведевийг манайд айлчлалын өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Орост ажлын айлчлал хийгээд ирэхдээ “Манайх чинь  өртэй юм байна, Энхбаяр өр дуусгасан гэдэг чинь худлаа байна” гэж давхиж ирсэн гэдэг.
 Н.Энхбаярыг л муулж, гутааж байвал улс нь өртэй, татвар төлөгчдийн мөнгөөр түүнийг төлөх нь тэдэнд хамаагүй байсны жишээ нь энэ. Нэгэнт Ерөнхийлөгчийнх нь айлчлалын үеэр манайхан өртэй гэдгээ баярлаад хүлээн зөвшөөрчихсөн юм чинь дараа нь төлөх асуудал үүсч.
Сү.Батболд Орост айлчлахдаа их өрийг тэглэсэн зарчим буюу 98 хувийг хөнгөлж, үлдсэн 3,6 сая долларыг төлж дуусгасан гэдэг. Их өр төлөгдөөгүй байсан гэж баярласан хүмүүсийн баяр нь төсвөөс 3,6 сая доллар гаргаснаар дууссан нь энэ.
Д.Ариун

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих