“ЭЗЭН 100” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ОЛОН ТҮМНИЙ ӨГСӨН ҮНЭЛГЭЭ

ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН  “ЭЗЭН 100” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭНД  ОЛОН ТҮМНИЙ ӨГСӨН ҮНЭЛГЭЭ

Оршил

 Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрч, ам.долларын ханш хяналтаас гарч, инфляци өссөн зэрэг шалтгааны улмаас Шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН 100” хөтөлбөрийг боловсруулан 2014 оны 5-р сарын 9-ний өдөр УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хугацаа 2014 оны 8-р сарын 18-нд дуусаж байгаатай холбогдуулан “ЭЗЭН 100” хөтөлбөрийн биелэлтийг олон түмэн хэрхэн үнэлж буйг тандах судалгааг Стратеги Академиас 2014 оны 8-р сарын 13-ны өдрөөс 16-ны хооронд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 600 респондентыг хамруулан хийж гүйцэтгэв.

Бид “ЭЗЭН 100” сэдэвт судалгааг нэгдүгээрт, улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйн түвшиний үнэлгээ; хоёрдугаарт, Шинэчлэлийн Засгийн газрын “ЭЗЭН 100” хөтөлбөрт өгсөн иргэдийн үнэлгээ гэсэн 2 бүлэг асуудлын хүрээнд явууллаа.

Судалгааны талбараас цугларсан мэдээллийг энэ сарын 17-18-ны хооронд нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийн судалгааны дүн, тайланг төр, засгийн холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтэд танилцуулж байна.

Нэг. Судалгааны зорилго

Энэхүү судалгааны зорилго нь улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал ахуйд гарсан өөрчлөлт, “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжилтэнд иргэдийн өгч буй үнэлэлт дүгнэлт, санал бодлыг тандан судлахад чиглэгдэв.

Хоёр. Судалгааны объект, түүврийн хэмжээ

Судалгааг санамсаргүй түүврийн аргаар явуулж, судалгааны объектоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг буюу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нийт 600 респондентыг сонгож авсан болно.

Гурав. Судалгааны арга зүй

Энэхүү судалгааг тоон судалгааны арга зүйд тулгуурлан анкетын арга ашиглан явууллаа.

Дөрөв. Судалгааны аргачлал

Энэхүү судалгааг тоон судалгааны арга зүйн урьдчилан бэлтгэсэн асуулгын дагуу явуулж, мэдээллийг SPSS 11,5 багц программаар нэгтгэн мэдээллийг боловсруулж, дүн тайланг гаргав.

Тав. Судалгаанд оролцогчдын хүн амзүйн бүтэц

Судалгаанд оролцогчдын 50,6% нь эрэгтэй, 49,4% нь эмэгтэй; 60,2% нь 18-35 насны залуу, 34,3% нь 36-55 насны дунд үеийнхэн, 5,5% нь 56-аас дээш тэтгэврийн насныхан тус тус хамрагдсан байна. Энэ удаагийн судалгаанд 52,9% нь дээд, 7,1% нь тусгай дунд, 39,0% нь бүрэн болон бүрэн бус дунд, үлдсэн 1,0% нь бага, боловсролгүй иргэд тус тус оролцжээ.

Судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн байдлыг харвал:

Судалгаанд хамрагдсан иргэдийг улс төрийн намын харъяаллаар нь үзүүлвэл:

Нэг. улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйн

түвшиний үнэлгээ

Судалгаанд оролцсон иргэдээс юун түрүүнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд буюу 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш өөрсдийн амьдрал ахуйд ямар өөрчлөлт орсныг тодруулан асуухад тэд дараахь байдлаар хариулсан байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд иргэдийн амьдрал ахуйд гарсан өөрчлөлтийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөх үед тухайн асуултанд иргэдээс өгч байсан үнэлгээтэй харьцуулж харвал:

2014-08-19

Дээрх графикаас харахад 2 жилийн өмнө иргэд өөрсдийн амьдрал ахуйд гарсан өөрчлөлтийн талаар сайжирсан гэж өгсөн үнэлгээ 1,6 пунктээр, хэвэндээ байгаа гэсэн үнэлгээ 11,3 пунктээр тус тус буурсан байхад харин дордсон гэсэн үнэлгээ 2,7 пунктээр өсчээ. Түүнчлэн өнөөдөр өөрсдийн амьдрал ахуйд ямар өөрчлөлт гарсныг тодорхойлж чадахгүй иргэд судалгаанд оролцогчдын 10,2% болсон нь амьдрал ахуйн түвшингээ тодорхойлж чадахгүй нийгмийн эмзэг бүлэг нэмэгдсэнийг илтгэнэ.

 

Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 84,9% нь өөрсдийн амьдрал ахуйд онцын өөрчлөлт гараагүй, хэвэндээ байгаа, ер нь дордсон гэж хариулсан нь Шинэчлэлийн Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа явуулсан өнгөрсөн 2 жилийн хугацаанд ард иргэд үнийн өсөлт, инфляцад туйлдаж, өрхийн орлого нь зарлагаа нөхөж чадахгүйд хүртэл дордсоныг харуулж байна.

 

Манай судалгаанд хамрагдсан иргэдээс “Өнөөдрийн улс орны эдийн засгийн хөгжил ямар түвшинд байна гэж Та дүгнэх вэ?” гэсэн асуултыг асуухад:

Судалгаанд оролцогчдын 5 хүн тутмын 1 нь буюу 20,0% нь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн хөгжлийн түвшинг хурдацтай хөгжих шатандаа орсон гэж дүгнэжээ. Энэ нь дэлхийн эдийн засаг, зах зээлийн хөгжлийн төв Зүүн Азид төвлөрч, БНХАУ-ын түүхий эдийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, Монгол Улс уул уурхайн салбараараа дамжуулан эдийн засгийн чадавхиа хөгжүүлэх том боломж бололцоо бүрдэж байна гэсэн байр суурь, хандлага иргэдийн дунд түгээмэл байгаатай шууд холбоотой байж болох юм.

Харин тэдний 58,7% буюу судалгаанд оролцогчдын бараг 60 хувь нь буюу 5 хүн тутмын 3 нь Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хүндэрсэн, маш том уналтанд орсон, ер нь тийм түвшинд явж байна гэж тодорхойлох аргагүй байгаагаа онцлон дурьдсан нь Шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа эдийн засгийн дотоод болон гадаад орчинд оновчгүй, ард түмний амьдралд наалдацгүй, үр дүн муу явж ирснийг дүгнэн харуулж байна.

 

Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 80,0% нь буюу 5 хүн тутмын 4 нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлвийг тодоройлохдоо онцын өөрчлөлт харагдахгүй байгаа  төдийгүй бүр дордож байна, ер нь ямар нэг үнэлгээ өгөхөд хэцүү байна гэсэн байр сууринаас ханджээ. Үүнийг эрх барьж буй Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”, ИЗНН-д ард түмэн итгэл алдарч, тэдний байгуулсан Шинэчлэлийн Засгийн газрын явуулж буй эдийн засгийн алдаатай бодлого, үйл ажиллагаа, төсвийн хөрөнгө мөнгөний хяналтгүй зарцуулалт, улсын гадаад өр, Чингис, Самурай бондын хүү, ам.долларын ханшийн өсөлт зэрэг санхүүгийн хүндрэл бэрхшээл иргэдийн тэсвэр тэвчээрийг барж байгаатай холбон тайлбарлаж болно.

 

ХОЁР. ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН “ЭЗЭН 100” ХӨТӨЛБӨРТ

ӨГСӨН ИРГЭДИЙН ҮНЭЛГЭЭ

Шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор 2014 оны 5-р сарын 9-ний өдрийн УИХ-ын чуулганаар батлуулсан “ЭЗЭН 100”хөтөлбөр энэ сарын 18-нд дуусаж байна. Энэ талаар эрх баригчид хангалттай гэсэн дүгнэлт өөрсдөдөө өгч, сөрөг хүчин хангалтгүй гэсэн үнэлгээ өгч байгааг бид олон түмнээр үнэлүүлэх нь зөв хэмээн үзэж энэ судалгааг хийсэн юм. Иймээс бид судалгаанд хамрагдсан иргэдийн амьдрал ахуй өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хэр өөрчлөгдсөнийг тандан судлахад тэд дараахь байдлаар уг асуултанд хариулжээ.

Шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх зорилготой “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш өөрсдийн амьдрал ахуйг сайжирсан гэж судалгаанд оролцогчдын дөнгөж 5,7% нь үзсэн бол тэдний 29,3% нь өнгөрсөн хугацаанд онцын өөрчлөлт ороогүй, хэвэндээ гэж дүгнэсэн байна. Харин үлдсэн 65,0% нь буюу бараг гурван хүн тутмын хоёр нь “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжих хугацаанд амьдрал ахуй дордсон, мэдээлэл байхгүй тул хэлж мэдэхгүй байна гэсэн байр сууринаас тухайн асуудалд ханджээ.

“ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжих хугацаанд иргэдийн амьдрал ахуйд гарсан өөрчлөлтийг 2 жилийн өмнөх түвшинтэй нь харьцуулан харвал:

Дээрх графикаас харахад 2012 оны 7 сард хийсэн судалгаагаар өөрсдийн амьдрал ахуйг сайжирсан гэж үзсэн иргэдийн эзлэх хувь 2014 оны 8-р сард 9,4 пунктээр, тухайн үед амьдрал ахуйдаа ямар нэг өөрчлөлт ороогүй хэвэндээ гэж дүгнэсэн иргэдийн эзлэх хувийн жин энэ хугацаанд 19 пунктээр тус тус буурсан байхад эсрэгээрээ 2 жилийн өмнө амьдрал ахуй дордсон гэж үзсэн иргэдийн хувийн жин энэ сард 8 пунктээр, амьдрал ахуйдаа ямар өөрчлөлт гарсныг тодорхойлж чадахгүй байсан иргэдийн хувийн жин 20,4 пунктээр тус бүр өсчээ.

 

Дүгнэлт: Ийнхүү иргэдийн өөрсдийн амьдрал ахуйн түвшиндөө өгч буй үнэлгээ эерэгээс сөрөг тал руугаа 28,4 пунктээр шилжиж байгаа явдал нь нийгмийн давхраажилтанд сөргөөр нөлөөлж,  нийгэм сэтгэл хангалуун чинлээлэг дундаж давхаргаас сэтгэл ханамжгүй ядуу, орлого багатай иргэдээр тэлж байна гэсэн дүгнэлтийг гаргаж болно.

 

Шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх зорилготой байсан “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжилтийг судалгаанд хамрагдсан иргэд дүгнэхдээ:

 

 

Судалгаанд оролцогчдын гурван хүн тутмын 1 нь /33,6%/ “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол Улсын эдийн засаг хүндэрч, улам муудаж байна гэж дүгнэсэн бол З9,9% нь эдийн засаг ямар хүнд нөхцөлд орсныг тодорхойлон хэлж мэдэхгүй байна гэсэн байр суурийг илэрхийлжээ. Гэтэл респондентуудын дөнгөж 4,9% нь Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжүүлснээр эдийн засагт үүсээд байсан хүндрэл бэрхшээлүүд арилж, хууль, эрхзүйн орчин дээшилж, улмаар ард иргэдэд үр өгөөжөө өгсөн сайн хөтөлбөр болсон гэж үзжээ.

Харин судалгаанд оролцсон иргэдийн таван хүн тутмын нэг нь /21,6%/ эдийн засгийг эрчимжүүлж, үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад чиглэгдсэн “ЭЗЭН 100” хөтөлбөр өнөөдөр бодит үр дүнд хүрч дорвитой өөрчлөлт авчирч чадаагүй, ер нь “ЭЗЭН 100” хөтөлбөр Шинэчлэлийн Засгийн газрын цаг хожих гэсэн оролдлого байсан гэж үзэв.

 

Дүгнэлт: Үндсэндээ нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 95,1% нь (итгэхэд хэцүү тоо) 2012 оноос хойш улс орны эдийн засаг хүнд байдалд орж, хямралд хүрчихсэн энэ цаг үед Шинэчлэлийн Засгийн газрын “ЭЗЭН 100” хөтөлбөрийг үр дүн нь мэдрэгдээгүй, ард иргэдэд үр ашгаа өгсөнгүй, жирийн ард түмэнд бус “ЭЗЭН”-дээ үр ашгаа өгсөн хөтөлбөр болсон гэж дүгнэн хэлж ярьж байсныг онцлон тэмдэглэж байна. Тэр ч бүү хэл зарим хүн “Өнгөрсөн “ЭЗЭН-100” хоногт энэ улс орон “ЭЗЭНГҮЙ-100” хоногийг өнгөрүүлсэн юм биш үү” хэмээн хошигнож байв.

 

Судалгаанд хамрагдсан иргэдээр “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжилтийг 6 бүлэг тус бүрээр нь үнэлж дүгнүүлэхэд:

 

    Хэрэгжсэн Хэрэгжээгүй Хариулаагүй
1 Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилт 20,8 43,7 35,5
2 Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт 14,6 46,9 38,5
3 Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх зорилт 24,7 38,0 37,3
4 Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилт 20,3 40,0 39,7
5 Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт 16,0 43,4 40,7
6 Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд тавьсан зорилт 9,7 52,3 38,0

Дээрх хүснэгтээс харахад Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН 100” хөтөлбөрийн 6 бүлэг ажлаас Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд /52,3%/ болон Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх /46,9%/ чиглэлээр хийгдсэн ажлуудыг ерөнхийд нь хэрэгжээгүй гэж дүгнэсэн нь хамгийн өндөр хувьтай байв.

Дүгнэлт: “ЭЗЭН 100” хөтөлбөрийн 6 бүлэг ажлыг судалгаанд оролцсон иргэдийн дунджаар 38,3 орчим хувь ямар нэг байдлаар үнэлж, дүгнэхээс зайлсхийн хариулалгүй орхисныг харахад уг хөтөлбөр нь улс орны эдийн засгийг хүндрэлээс гаргаж, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх чиглэгдсэн биш харин Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, сайд нарт цаг хожих гэсэн улс төрийн нэг шоу байсныг судалгаанд оролцогчид хэлж ярьж байв.

Нөгөө талаар Засгийн газар “ЭЗЭН 100”-гийн талаар ард иргэдэд хангалттай мэдээлэл өгөөгүй, магадгүй хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байсан тул энэ ажилд хойрго хандсан байж болох талтайг онцлон хэлье.

 

Судалгаанд оролцсон иргэдээс “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээнд Шинэчлэлийн Засгийн газраас хийсэн ажлуудаас үр дүнтэй болсон 1-3 сайн ажлыг онцлон бичихийг хүсэхэд их цөөхөн хүмүүс (600 хүнээс) дараахь ажлуудыг үр дүнтэй болсон гэж үзжээ. Үүнд:

 

    Хүн Хувь
1 Гудамж төсөл /зам, уулзварыг шинэчилсэн нь түгжрэлийг бууруулсан/ 45 6,9
2 Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 20 3,1
3 Орон нутгийн дэд бүтэц /аймгуудыг холбосон зам тавьсан/ 15 2,3
4 Уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжсэнээр борлуулалт нэмэгдсэн  11 1,7
5 Буянт-Ухаа цогцолбор нь барилгын салбарыг дэмжсэн ажил болсон 8 1,2
6 “Монголдоо үйлдвэрлэе” мөрөөдөл, бизнес эрхлэгчдийг дэмжих 7 1,1
7 Хуулийн шинэчлэл /Ашигт малтмалын тухай г.м/ 5 0,3
8 Нүүрс хөтөлбөр 2 0,3
9 Үндэсний үйлдвэрлэгчдийг татвараас чөлөөлөх 2 0,3
10 Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр 2 0,3
11 Зөв Монгол хүүхэд хөтөлбөр 2 0,3
12 Ипотекийн 8,0%-ийн зээл 2 0,3
13 Гадаад валют, ам.долларын ханшийг тогтворжуулах ажил 1 0,2
14 Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг тогтворжуулах ажил 1 0,2
15 Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажил 1 0,2
16 Бодитой хийсэн ажилгүй, үр дүнгүй хөтөлбөр 100 15,4
17 Хариулаагүй /сайн болсон гээд хэлчих ажил байхгүй тул/ 425 65,4

Судалгаанд оролцогчдын бичсэн “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээнд Шинэчлэлийн Засгийн газраас хийсэн ажлуудаас үр дүнтэй болсон 1-3 онцлох ажлыг давтамжаар эрэмбэлэхэд Гудамж төсөл, хот тохижилтын ажил /5,6 тэрбумын 1 наст цэцэг/, орон нутаг дахь дэд бүтцийг шийдвэрлэх хүрээнд хийгдэж буй 3 ажлыг 80 хүн давтамжтай бичжээ.

Гудамж төслийн хувьд Улаанбаатар хотын төвийн авто замын уулзваруудыг шинэчлэн зохион байгуулж, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн замын хөдөлгөөний ачаал, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулж байгаа гэдэг талаас нь иргэд онцлон бичиж байсан ч нөгөө талаас Чингис, Самурай зэрэг олон улсын өндөр хүүтэй бондын хөрөнгийг эргэн үл төлөгдөх, оновчгүй салбарт зарцуулсныг буруутгаж байсныг дурьдах нь зүйтэй.

Хот тохижилтын ажлын хүрээнд хотын төвийн гудамж талбайг цэцэрлэгжүүлж, Улаанбаатар хотын өнгө үзэмж, тав тухтай орчинг сайжруулж, ажлын байр нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч БНХАУ-аас нэг наст цэцэгт ургамлыг оруулж ирсэн явдалд иргэд шүүмжлэлтэй хандаж байв.

Орон нутаг дахь дэд бүтцийг хөгжүүлж, замуудыг үргэлжлүүлэн тавьж байгааг иргэд дэмжиж, цаашид энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байв. Энэ нь орон нутгийн дэд бүцийг хөгжүүлэх ажил 2004-2012 оны хооронд ажиллаж байсан өмнөх Засгийн газруудын санаачилсан бодлого, үйл ажиллагааны үргэлжлэл бодит үр дүн гэдгийг иргэд дурьдаж байлаа.

 

Дүгнэлт: Дээрх асуултанд судалгаанд оролцогчдын 80,8% /5 хүн тутмын 4/ нь сайн, үр дүнтэй болсон гэж онцлон нэрлэх ажил алга гэсэн байр сууриа илэрхийлсэн нь “ЭЗЭН 100” хөтөлбөр ор нэр төдий, үр ашиг муутай ажил болсныг илтгэн харууллаа.

 

Харин судалгаанд оролцсон иргэдийг “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудаас үр дүнгүй болсон 1-3 муу ажлыг нэрлэнэ үү? гэсэн асуултанд тэд:

 

    Хүн Хувь
1 Ам.долларын ханшийн өсөлт, монгол төгрөгийн ханшийн уналтыг барьж чадаагүй  38 16,7
2 Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах ажлыг хийгээгүй 23 10,1
3 Өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаараагүй, ажилгүйдэл нэмэгдсэн  13 5,7
4 Уул уурхайн салбар бүрэн унасан, экспорт буурсан  12 5,3
5 Төсөв, мөнгөний бодлого алдагдаж, хяналтгүй болсон 12 5,3
6 Гадаадын хөрөнгө оруулалт муудсан 10 4,4
7 Хэрэгцээ шаардлагагүй, үр ашиггүй бонд гаргасан /Чингис, Самурай г.м/ 8 3,5
8 Орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт зогссон 7 3,1
9 Нүүрс хөтөлбөр болон наадмын төсвөөс мөнгө идэж шамшигдуулсан 6 2,6
10 Үндэсний үйлдвэрлэлийг дэмжилгүй, дампууруулсан 5 2,2
11 Боловсролын салбарын хөрөнгө оруулалт зогссон 5 2,2
12 Хувийн хэвшлийн аж ахуй нэгжид үзүүлэх дарамт нэмэгдсэн 4 1,8
13 Оюутны тэтгэмжийг хязгаарласан 3 1,3
14 Зардал, төсөв өндөртэй цэцэг тарьсан 2 0,9
15 Хэт улс төржиж, албан тушаалд улайран, хөл гараа жийлцсэн 2 0,9
16 Барилгын салбар уналтанд орсон 2 0,9
17 Улаанбаатарын тоос шороо, агаарын бохирдол нэмэгдсэн 1 0,4
18 Нийтийн тээврийн чанар, үйлчилгээ муудсан 1 0,4
19 Хувийн компани машин ачдаг болсон 1 0,4
20 Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, хариуцлагын тогтолцоо алдагдсан 1 0,4
21 Өмч хувьчлалын луйвар нэмэгдсэн 1 0,4
22 Газар өмчлөлийн асуудал шударга бус болсон 1 0,4
23 Хуулийн хэрэгжилт суларч, хуулийн эрх тэгш байдал алдагдсан 1 0,3
24 Хийсэн бодит ажил байхгүй учир онцлон муу гэж хэлэх зүйл байхгүй  69 30,3

Судалгаанд оролцсон иргэдээс Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээнд муу хийгдсэн нийт 23 ажлыг үр дүнгүй муу ажил болсон гэж нэрлэжээ.

Ялангуяа иргэдийн 36,9% нь буюу гурван хүн тутмын нэг нь ам.долларын ханшийн өсөлт, монгол төгрөгийн ханшийн уналтыг барьж чадаагүй; өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах ажлыг хийгээгүй; өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой ажил хийгээгүй, ажилгүйдэл нэмэгдсэн гэсэн 3 ажлыг Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, “ЭЗЭН 100” хөтөлбөртэй шууд холбон тайлбарлажээ.

Судалгаанд оролцогчдын онцолсон төр, засгаас хийж хэрэгжүүлэх ёстой дээрх гурван ажил үйлчилгээ, хүчин зүйл нь ард иргэдийн өдөр тутмын амьдрал, улс орны эдийн засагт шууд нөлөөлдөг гэдгийг эрх баригчид, эдийн засагчид цаашид анхаарвал зохино.

 

Дүгнэлт: Судалгаанд оролцсон хүмүүсийн 36,9% нь муу ажлаар ам.долларын болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үниийн өсөлт, өрхийн амьжиргаа муудаж, ажилгүйдэл нэмэгдсэн гэсэн 3 ажлыг онцолж; 30,3% нь Шинэчлэлийн Засгийн газар хийсэн бодитой хийсэн ажилгүй тул онцлох муу зүйл алга гэж дүгнэсэн байна. Нийт оролцогчдын 67,2% “ЭЗЭН 100” хөтөлбөрийг бүхэлд нь хангалтгүй гэж дүгнэсэн нь ард иргэдийн дунд өнөөгийн төр, засгийн нэр хүнд ихээхэн буурсныг харуулж байна.

 

Сүүлийн үед “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Засгийн газраас 30 хоногоор сунгах саналыг УИХ-д тавих тухай яригдах болсныг судалгаанд оролцогчид ямар байр сууринаас хүлээн авч байгааг тодруулахад 29,4% нь “Хугацааг сунгаж, үр дүнг нь харах нь зөв”; 51,4% нь “Хугацааг сунгасан ч үр дүн гарахгүй учир сунгах шаардлагагүй” гэж тус үзсэн бол тэдний 19,2% нь тухайн асуултанд хариулалгүй орхижээ.

Судалгааны асуулгын хуудасны төгсгөлд оролцогчдод “Монгол Улсын эдийн засаг хямарч, “ЭЗЭН 100” хөтөлбөр үр дүнд хүрээгүй бол хариуцлагыг нь хэн хүлээх ёстой гэж Та бодож байна вэ?” гэсэн асуултыг тавьж зөвхөн 1 хариултыг сонгоно уу гэхэд дараахь байдлаар хариулсан байна.

Дээрх графикаас харахад Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН 100” хөтөлбөрийн үр дүн муу байгаагийн хариуцлагыг судалгаанд оролцогчдын 28,8% нь Засгийн газраа шахаж ажиллуулж чадаагүй УИХ, 30,8% нь Засгийн газар өөрөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн нь УИХ, Засгийн газрын нэр хүнд, үнэ цэнэ ард иргэдийн дунд адилхан уначихсан байгааг нөгөө талаар бие биенээ өмгөөлж, хамгаалж, хаацайлж байдаг энэ 2 субъект  өнөөдөр улс оронд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийн гол буруутан гэсэн нийгмийн сэтгэл зүйн төлөв байдлыг илтгэн харуулна.

Нөгөө талаар хэн нэгэн салбарын сайд, хувь хүмүүстэй хариуцлага тооцохоосоо илүү УИХ, Засгийн газартай бүхэлд нь хариуцлага тооцохыг олон түмэн энэ судалгаагаар харуулж өглөө. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрыг бүрдүүлж буй хамгийн олон суудалтай улс төрийн нам, тэдэнтэй эвсэл болон ажиллаж буй эвсэл, бүлгүүдийн нэр хүнд олон түмний дотор тун хангалтгүй байгааг энэ удаагийн судалгаа харуулж өглөө.

 

СТРАТЕГИ АКАДЕМИ


URL:

Сэтгэгдэл бичих