“Эзэн-100” эргээд Засгийн газрыг хавханд оруулав

6fdcffce-b4c9-4ee8-ba0d-932975c41f34Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэхээр УИХ-аар тогтоол батлуулж авсан ба хугацаа нь энэ өдрүүдэд дуусгавар болж байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх  100 хоногийн төлөвлөгөөгөө Засгийн газар “Эзэн-100” хэмээн нэрлэсэн ба эрчимжүүлэх зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулсан юм.

Эдийн засгийн хөгжлийн яам гэж бүхэл бүтэн төрийн бүтэц байхад дахин зөвлөлөөр юу хийнэ гэсэн шүүмжлэл багагүй өрнөсөн ч 100 хоногт зөвлөл ямартай ч ажиллажээ.

 

Зөвлөлийн тайланд дурдсанаар зөвлөл нийт 15 удаа хуралдаж, долоон удаа хэвлэлийн бага хурал хийж, нийт 22 илтгэл хэлэлцжээ.

Нийтдээ 180 орчим компанийн төлөөлөлтэй уулзаж, санал бодол солилцсон байна.

Зөвлөлийнхний ярьснаар бол өнгөрсөн 100 хоногт ямартай ч хувийн комппаниуд  эдийн засгийн шийдвэрт оролцох механизм бий болсон гэнэ.

Хувийн хэвшлийнхний үгийг сонсолгүй хаах, боох, хориглох шийдвэрүүд эргээд эдийн засгийн бэрхшээлд оруулсан Засгийн газрын алдааг Зөвлөл засахыг оролдсон нь энэ бололтой.

 

Бизнесийнхэнтэй уулзах үед зөвлөлд гол гурван санал тавьсан гэнэ. Нэгдүгээрт, Оюутолгойн санхүүжилтийг хөрөнгө оруулагч талтай тохиоролцоонд хүрч шийдвэрлэх, хоёрдугаарт, татварын шударга тогтолцоо бий болгох, гуравдугаарт Ашигт малтмалын хуулийн оновчтой зохицуулалт.

 

“Эзэн-100”-гийн ачаар Засгийн газар яаравчлан хэд хэдэн хууль УИХ-аар батлуулж авсны нэг нь Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль юм. Мөн Импортын гааль, НӨАТ төлөх хугацааг хоёр жилээр хойшлуулах тухай хууль баталсан.

 

Зөвлөл ба Засгийн газрын хийсэн эдгээр ажлыг эс тооцвол өнгөрсөн 100 хоногт эдийн засгийн цусны эргэлт эрчимжсэнгүй.

Харин ч зарим үзүүлэлт уруудаж, шууд утгаараа иргэдийн амьжиргаанд нөлөөлсөөр ирэв. “Эзэн-100”-гийн тогтоол батлах үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1800 орчим байсан бол өнөөдөр 2000-д дөхөв.

Бүтээн байгуулалтын улиралд ам.долларын ханш болон бусад олон шалтгаанаар аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан байдалтай дараагийн намартай золгож байна.

 

Урд, хойд хоёр хөршийн тэргүүнүүд шилээ даран айлчлах гэж байхад эдийн засагт асар олон асуултын тэмдэгтэй, уналт, ухралтын алдаан дээр нь дөрөөлж биесээ унагах гэсэн эрх баригчдын хагарал тэмцэлтэй л өдөр хоногууд үргэлжилж байна.

Бодлогогүй бодлогоор нэгэнт олны амьдралыг баллаж хаясан Засгийн газрын хувь заяа ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ.

Амиа аврах сүүлчийн найдвар нь албан тушаалын бэхэлгээ гэдгээ батлах гэж Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд халаа сэлгээ ч хийв.

 

“Эзэн-100” нэгэнт үүргээ гүйцэтгээгүй учраас “Ийм тэнэг хөтөлбөрийг хэн санаачлав” гэлцэн буруутныг олох эрэлд мордоод, эцэст нь Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх гэдэг залууд арга хэмжээ авч, гэм бурууг үүрүүлэх тухай ярьсан гэх онигоо ч яригдах аж.

 

“Эзэн-100” хэмээх гоё нэртэй тэнэг хөтөлбөр шинэчлэлийн Засгийн газарт ээлээ өгсөнгүй. Гэхдээ энэ бол Засгийн газрынхны өөрсдийнх нь дүгнэлт.

Гол нь удаан хугацаанд тогтвортой, зөв бодлого явуулж байх ёстой Засгийн газар нэг хэсэг унтаад, хэт хувийн амбицаа хөөснийхөө дараа нэг сэрээд огцом, ойлгомжгүй, тооцоо, судалгаагүй хөтөлбөр санаачилсан нь өөрсдийг нь эргээд хавханд оруулав.

Төрийн бодлого үргэлж зөв, тасралтгүй явах ёстойг шинэчлэлийн Засгийн газрын өнгөрсөн жилүүд, сэрээд хийх гэж оролдсон “Эзэн-100” батлан харууллаа.

Нэгэнт ам авч хөтөлбөр батлуулсан 100 хоногт ямар ч үр дүн гарсангүй. Мэдээж сөрөг хүчнээс эхлээд үр дүнг нэхэж, шаардаж, мэдэгдэл сэлт шидэж эхлэх нь зүй ёсны асуудал билээ.

 

Т.Үлэмж

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих