Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал 11 дүгээр сарын 15-ны өдөр Токио хотоос эхэллээ. Айлчлалынхаа эхний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа. Өнөөдөр тус улсад хоёр мянга орчим  монгол иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт тэр дундаа эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж байгаа монголчуудын тоо олширчээ.

1976 оноос судлаач оюутан, 1980 оноос оюутан илгээж эхэлсэн бөгөөд одоо Япон Улсад суралцаж буй монгол иргэдийн тоо мянга гаруй болоод байна. Тэдгээрийн 300 нь Японы Засгийн газрын зардлаар, 700 орчим нь хувийн шугамаар суралцаж байна. Японы Боловсролын яамны тэтгэлгээр жил тутам 20 оюутан, 20 аспирант, бусад тэтгэлэгт хөтөлбөрөөр 200 орчим оюутан суралцдаг. Монгол Улс Япон Улсад суралцаж буй гадаад оюутны тоогоор 12-рт орж байна. Энэ нь хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дээгүүр үзүүлэлт юм.
Оюутнууд технологи, шинжлэх ухаан, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр голчлон суралцдаг бөгөөд археологи, палеонтологи, угсаатны зүй, биохими зэрэг салбарт эрдэмтэд хамтарсан судалгаа хийж байна.
Уулзалтад оролцсон монгол иргэд Ерөнхийлөгчөөс монголын  соёл, уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, уул уурхай, технологи, биотехнологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрөөс анхаарах, гадаадад ажилладаг иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцдог болох, төрийн албанд шударгаар сонгон шалгаруулж ажиллуулдаг байх, гадаадад буй иргэд сонгуульд оролцдог болох зэрэг сэдвээр асуулт асууж, саналаа солилцон ярилцлаа.
Ерөнхийлөгч “Зовох цагийн жинхэнэ нөхөр бол Япон орон. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэний дараах хүнд хэцүү жилүүдэд японы ард түмэн  эрчим хүч, дэд бүтэц, нийтийн тээвэр, боловсролын салбарт хамгийн их шаардлагатай цагт хэрэгтэй зүйлсээр тусалж байсныг бид мартаагүй. 20 жилийн дараа бид одоо сайн мэдээ дуулгаж байна. Монгол Улсын эдийн засаг өөрөө өөрийгөө аваад явах чадамжтай болжээ. Бид өнөөдөр юм гуйдаг биш, харин харилцан ашигтай хамтран ажилладаг түншүүд боллоо” гээд япон оронд сурсан бүхнээ эх орондоо зориулах цаг болсон хэмээн монголчууддаа хандаж хэллээ. Монгол иргэд ч, эх орноо хөгжүүлэхийн тулд мэдсэн сурснаа зориулах урам зориг дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нарыг хүндэтгэн Японы олон улсын найрамдал солилцооны зөвлөлийн удирдлага зоог барив.
Японы томоохон хувийн хэвшлийнхэн, судалгааны төв, их сургуулиудыг гишүүндээ нэгтгэсэн, Засгийн газраас баримтлах гадаад бодлогыг ард иргэдэд сурталчлан таниулах, гадаад бодлого боловсруулалтад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тус зөвлөл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Японоос Монгол руу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, семинаруудыг санаачлан зохион байгуулж байна.
Олон улсын найрамдал солилцооны зөвлөлд Япон-Европ, Япон-АНУ, Япон-ОХУ, Япон-Хятад зэрэг хоёр талын эдийн засаг, соёлын асуудлыг эрхэлсэн хороод ажилладаг. Манай улстай харилцах хороо өнгөрсөн онд байгуулагджээ. Тодорхой нэгэн улс, эсвэл бүс нутагт тусгай баг илгээн ажиллуулж, эдийн засгийн судалгаа хийдэг тухайгаа зөвлөлийн удирдлага танилцуулж, Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч мөн энэ өдөр японы алдарт “Санкэй” сонинд ярилцлага өглөө. Тус сонин нь өдөрт 2 сая 200 орчим мянган хувь хэвлэгддэг, улс төрийн сэдвээр дагнан бичдэг томоохон хэвлэл юм. Сэтгүүлчид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд уул уурхайн томоохон төслүүдийн оруулах хувь нэмэр, гадаадын хөрөнгө оруулалтын байдал, хоёр орны харилцаа, монголын ардчиллын замнал болон Ерөнхийлөгчийн спортыг дэмждэг бодлого зэрэг өргөн сэдвээр асуулт тавьж, хариулт авлаа.
[five-star-rating]

URL:

Сэтгэгдэл бичих