ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ШИНЭ ЭЗЭД ШААРДЛАГА ТАВЬСАН АЖИЛЧДАА АЖЛААС НЬ ХАЛЖ ЭХЭЛЖЭЭ

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТус үйлдвэрийн шинэхэн удирдлагууд шаардлага тавьсан ажилтнуудаа халж эхэлжээ. Өчигдөр л гэхэд тус үйлдвэрт засварын мастер хийдэг байсан Мөнхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ингэхдээ түүнийг ажилчдын цалинг буурууллаа хэмээн дарга нартаа шаардлага тавьсан, хэл ам хийсэн гэх мэтийн шалтаг хэлж байгаад ажлаас нь чөлөөлсөн гэх. Иймээс өчигдөр түүнтэй холбогдож энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Манай үйлдвэрт шинэ удирдлагууд ирснээсээ хойш үйлдвэрийн ажилчдын ажиллах цагийг нэмж, цалинг нь танаж эхэлсэн. Би түүнийг нь эсэргүүцээд хэдэн үг хэлтэл ажлаас халчихлаа. Дөнгөж сая халагдсан тушаалаа авсан. Намайг ажлаас халсан шалтгаан нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэл гэнэ. Миний хувьд буруу шаардлага тавиагүй. Манай удирдлагууд ажилчдын нэмэлт цалин буюу шөнийн, хээрийн, улирлын нэмэгдлээс гадна шагналт цалинг хүртэл хассан. Өнгөрсөн сард бид баяр наадмын үеэр тав хоног амралтгүй ажилласан. Гэвч цалин бодоогүй. Зургадугаар сард ч ялгаагүй. Уг нь бидний цалинд өөрчлөлт оруулж байгаа бол хуульд заасны дагуу арав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой. Нэг хүнээс дор хаяж 300 мянган төгрөг хасагдана гэдэг их тоо биз дээ. Би үүнийг эсэргүүцсэн. Манай үйлдвэрийнхэн ч бас. Гэтэл намайг шаардлага тавилаа гээд ажлаас халчихлаа. Эхлээд хэл ам хийж байгаа хүмүүсээ зайлуулах гэсэндээ энэ биз” гэсэн юм.

Ингэснээр манай томоохон үйлдвэрүүдийн нэг Дарханы төмөрлөгийн үйлдвэр тойрсон бас нэг асуудал босч ирлээ. Тус үйлдвэрийн хувьд өмнө нь ч иймэрхүү асуудал гарч байсан. Тодруулбал, өмнө нэг бус удаа цалингийн хэрүүл болж, тус үйдвэрийн удирдлагууд ажилчидтайгаа уулзсан ч зөвшилцөж чадаагүй. Иймээс ажилчид нь шүүхэд хандах болсноо мэдэгдэн багагүй дуулиан дэгдээгээд байсан бол энэ удаад ажилтнуудаа халсан гэх бас нэг нэмэгдлээ. Үүнийг ч ажилчид нь төрийн өмчит үйлдвэр хувьд шилжсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна билээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн концессийн гэрээгээр 30 жилийн хугацаагаар хувьчлагдсан. Тодруулбал, “Кью Эс Си” компани менежмент явуулахаар болж, дээрх хугацаанд бусад компанид эрхээ шилжүүлэх, барьцаалж зээл авах, үйл ажиллагааг нь зогсоох, тоног төхөөрөмж, эд хогшлыг нь худалдах эрхгүйгээс гадна ажилчдын цалин урамшуулал зэргийг өөрчлөхгүй байх зэрэг зүйл заалтууд багтсан гэдгийг энэ салбарынхан хэлж байгаа. Тэгэхээр тус үйлдвэрийн удирдлагууд ажилчдынхаа цалин урамшууллыг хассаны зэрэгцээ ээлжийн тоог бууруулж, ажлын цагийг нэмэгдүүлсэн зэрэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр үйлдвэрийн удирдлагууд ажилчдынхаа цалинг хассан шалтгаанаа эдийн засгийн хямралтай холбоотой гэж тайлбарласан юм байна. Харин үүнийг ажилчид нь эсэргүүцэж “Үйлдвэрийн дарга нар хэмнэлтээ өөрсдөөсөө эхлүүлэх ёстой. Манай дарга нар сард 4 сая төгрөгийн цалин авдаг атлаа ажилтнуудынхаа цалинг хассан. Мөн борлуулалтаа хийж чадахгүй байгаа гэх шүүмжлэлийг хэлж энэ гэрээнд хяналт тавих ёстой гэцгээж буй.

Өдгөө тус үйлдвэрийг өмнө нь энэ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Д.Батжавхан тэргүүлж байгаа бол Санхүүгийн хэлтсийг нь өмнө нь АПУ компанид ажиллаж байсан Ч.Эрдэнэбилэг толгойлдог юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

 

Л.ГЭГЭЭ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих