Монгол Улсыг хувьчлах вий дээ, эд нар
Төвлөрсөн эдийн засгийг халж ахуй 1990 онд “Эдийн засагчдын анхдугаар зөвлөлгөөн” дээр өмч хувьчлалын тухай анх яригдаж эхэлсэн гэдэг. Үүний дараа жил буюу 1991 онд Засгийн газраас Өмч хувьчлалын комисс байгуулснаар их ажил эхэлжээ. Энэ комиссын даргаар Тэргүүн шадар сайд Да.Ганболдыг, нарийн бичгийн даргаар нь Ё.Гэрэлчулууныг томилсон байдаг.
Тухайн үед иргэдийн бүх хөрөнгийг нийлүүлээд ч өмч хувьчлалын ажил эхлүүлэхэд төвөгтэй байв. Тиймээс нэг бүр нь 10 000 төгрөгийн үндсэн хөрөнгөөр баталгаажсан эрхийн бичгийг ард түмэнд “цэнхэр”, “ягаан” тасалбар нэрээр өгөв. Харин хувьчлахаар тооцсон хөрөнгийн 70 хувь нь их хувьчлалд, 30 хувь нь бага хувьчлалд хамрагдах тооцоо гарсан тул цэнхэр тасалбарыг 7 000, ягаан тасалбарыг 3 000 төгрөгөөр үнэлсэн аж. Үнэн хэрэгтээ энэ цэнхэр ягаан тасалбарын үнэ цэнийг тэр бүрий иргэд ойлгохгүй байв. Энэ үеэр нэгдлийн дансан дахь машин тэрэг, мал хуй бүгд эзэндээ очиж иргэдийн нар ёстой л нэг гарсан.
Энэ бол яах аргагүй зүй ёсны хэрэг байсан хийгээд ихэнх коммунист орнууд энэ ажлыг эхлүүлсэн түүхтэй. Өмч хувьчлал хэлүүлж ахуй цагт Засгийн газрыг Д.Бямбасүрэн тэргүүлж, Да.Ганболд Тэргүүн шадар сайдаар ажиллаж байв. Ийнхүү анхны өмч хувьчлал амжилттай явагдаж, нэгдлийн нэр дээр ялтай мал адуулж байсан хүмүүс мал хуйгаа хувьдаа авч ёстой л дээлэндээ багтахгүй байсан даа. Харин цэнхэр ягаан тасалбарын үнэ цэнийг сайтар ойлгоогүй нэг нь бараг галаа ноцоох нь халаг болж, үүнийг далимдуулагчид гэж нэгэн бүлэглэл гараад ирэв. Энэ үед зөвхөн мал хуй ч бус улсын үнэ цэнэтэй үйлдвэрүүд ч арга зальтай нэгний гарт очив. Ингээд 1992 онд анхны ардчилсан сонгуульд оролцож монголчууд бид таньдаг хэдэн хүнээ сонгов. Үүний дараа шинэ Үндсэн хуулийн дагуу 1996 оны сонгуулийг явууллаа. Өнгөрөгч хугацаанд гайгүй олны танил болсон шинэ тутам улстөрийн хүчин АН төрийн эрхэнд гарсан даа.
Яг энэ үед өмч хувьчлалын хоёр дахь үе шатыг явуулав. Явуулахдаа үйлдвэр үйлчилгээний объектуудыг авах хоёрдугаар довтолгооныг хийсэн хэрэг. Энэ ч амжилттай явагдаж, өдгөөгийн буюу шинэ цагийн баячууд төрсөн юм. Тухайлбал, өмч хувьчлалын ажлыг анх гардан эхлүүлж байсан Да.Ганболд, Ё.Гэрэлчулуун нарын бүлэглэл, тэднийг дэмжигчид, гар хөл бологсод. Товчхондоо 1996-2000 оны хооронд буюу АН төрийн эрх барьж байхдаа тусгай бодлогын дагуу улсын үнэ цэнэтэй үйлдвэр объектыг өмч хувьчлал нэрийн дор завшсан хэрэг.
Үүний дараа 2004 оны сонгуульд Ардчилсан холбоо эвсэл хэмээх нэгдэл сонгуульд ялалт байгуулснаар мөн л өмч хувьчлалын гурав дахь ажиллагааг явуулав. Авч болох өнгөтэй өөдтэй бүхнийг өмч хувьчлал нэрийн дор дээрэмдэв. Энэ цаг үед төрсөн баячууд бол “АПУ”-гийн Г.Батхүү, “Женко” Х.Баттулга тэргүүтэй бүлэглэл. Одоо л хоорондоо хонь чоно мэт харагдах авч нэг л замаар хөрөнгөжиж баяжиж ирсэн түүхтэй. Аль ч талаас нь харсан Х.Баттулга нь арай цэвэр болов уу. Харин Г.Батхүүгийн хувьд бол хаа хаанаа авах юмгүй гэдгийг намынх нь нөхөд ч хэлдэг юм. Бизнес ч бохир, улстөр нь ч бохир.
Энэ мэтчилэн удаа дараа хувьчлал явуулахдаа улсын бүх л өнгөтэй өөдтэйг өөрийн болгон авч үлдсэн бүлэглэл өдгөө бүгд АН-д хамаарагдаж, өдгөө дараагийнхаа ээлжийг хоолонд оруулахаар зэхэж байна. Учир нь өнгөрөгч 2012 оны сонгуулиар АН арай олон суудал авч, засгийн эрхийг аваад буй. Тиймээс тэд засгийн эрхэнд байхдаа гүйцэтгэх нэг томоохон ажил бол Төрийн өмчит компаниудыг хувьчлах. Баттай мэдээллээр бол айсуй онд багтаж Төрийн өмчит 22 компанийг хувьчлахаар зэхэж буйгаа албан ёсоор дуулгаад байгаа.
Энэ ч яахав, хувьчлал нэрийн дор бүлэглэл фракцууд нь хуваагаад хүртчих байх. Хэрвээ АН ахиад төрийн эрхэнд гарвал чухам юугаа авах юм болдоо гэж санаа зовинох боллоо. Учир нь энэ удаагийн өмч хувьчлал амжилттай явагдаж гэмээ нь Монгол Улсад өөр завшаад байх зүйл тун ховор үлдэнэ дээ. Тэгэхээр эд нар ахиад төрийн эрхэнд гарвал Монгол Улсыг хувьчлах вий дээ гэх зовнинол хаа хаанаа бий байх.
А.Гал
Үнэн.мн
URL: