100 саяар гал тахьсан уу, 100 саяыг аваад гал тавьсан уу?

527-1408415939olloo_mn_1407988129_bnk“Галын дөл өөдөө” гэж монголчууд ярьдаг. Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн өнөө цагт 100 сая төгрөгөөр гал тахьчихлаа. Уг нь энэхүү гал тахих ёслолын ажиллагаанд Н.Батбаяр сайд оролцсон бол ирээдүйд ирэх мөнгөний даллага улам нэмэгдэх байсан хэмээн ёгтлох ч нэгэн байна.

Ямартай ч 100 сая төгрөг хэрэглээнээс бүр мөсөн хасагдлаа. 1990 оноос өмнө малчдын цалин тараана гэж шуудайтай мөнгө ганзагалаж явдаг байсан гэх яриа л сонсч байснаас хөгжил дэвшил интернетийн хурдаар өсч яваа өнөө үед банкны мөнгө зузаатгах гэж ачааны машин гуйж ачаад жолооны эрхтэй үгүй нь мэдэгдэхгүй хэдэн хүүхэд явуулчихдаг гэж ёстой зүүдлээ ч үгүй юм байна.

Ямар хөдөөний нэг айлд “Гурил хүргэж өгчихөөд ир” гэж байгаа биш дээ. Мөнгө бүү хэл эмзэг бараа бүтээгдэхүүнийг хүртэл хүнээр дайж явуулахдаа болгоомжилдог баймаар санагдах юм. Тиймээс 100 сая төгрөгийн асуудлын хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг нь сонин байна.

Мэдээж мөнгө хүргэж өгөхөөр явсан залуус хариуцлага үүрнэ. Гэхдээ тэдэнд даалгавар өгсөн албан тушаалтан гэж хүн яах бол.

Энэхүү хэрэг гарсаар долоо хоног өнгөрлөө. Гэвч одоогийн байдлаар хэрэг ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгөх албан хаагч цөөхөн байна. Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан, Бор-Өндөр суманд байрлах Төрийн банкны ажилтнууд тооцооны төвүүддээ зузаатгал хийх 160 сая төгрөгийг авч мягмар гаригийн 16.00 цагийн орчимд Чингис хотоос хөдөлсөн.

Гэхдээ ямар нэгэн хариуцлага үүрэхийг хүсээгүй бололтой машиныхаа тэвшин дээр 100 гаруй сая төгрөг байгааг ч үл тоомсорлон замын “юм” гэж архи худалдаж аван ууцгааж эхэлсэн гэж эх сурвалж мэдэгдэж байгаа. Мөнгө тээвэрлэгч залуу хамгаалагчаас бусад нь гучин нас хүрээгүй хүмүүс байсан.

Тэднийг ийнхүү найрлаж, соггуурах үед гэнэт гал гарсан бөгөөд тэд гал гарах үед “Машины кабинаас 40 сая төгрөг, зөөврийн компьютероо авч буусан ч тэвшин дээрх 100 сая төгрөг аль хэдийн үнс болсон байсан” хэмээн мэдүүлжээ. Түүгээр ч зогсохгүй машины тэвшинд банкны баримтууд, буйдан, сандал, тус бүр нь 1.8 сая төгрөгийн үнэтэй гурван ширхэг цахилгаан үүсгүүр шатсан бөгөөд хөлсөлж явсан 15 сая төгрөгийн үнэтэй пронтер маркийн автомашин ч бүрэн шатсан аж.

Энэ талаар Хэнтий аймаг дахь Төрийн банкны удирдлагын зүгээс албан ёсны мэдээлэл хийгээгүй бөгөөд тус банкны аюулгүй байдлын хэлтсийн ажилтан хэргийн газарт ирж, нөхцөл байдалтай танилцсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд хөдөлсөн даруйдаа согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд хамгийн түрүүнд Баянмөнх сумын тооцооны төвд 20 сая төгрөг хүлээлгэн өгчээ.

Ингээд тус суманд буудлахаар болж, тэвшин дээрх цаасан хайрцагтай 100 сая төгрөг, кабиндаа 40 сая төгрег ачсан машинаа гудамжинд орхин шөнийн 02.00 цаг хүртэл архидсан байна. Тэд Баянмөнх сумаас үүрийн 05.00 цагийн орчимд гарч, Дархан сумаас нааш 18 км-ын зайтай газарт өглөөний 07. 40 цагт машины тэвш шатсан гэх дуудлагыг аймгийн цагдаагийн газарт өгчээ.

Тус хэргийг аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасаг шалгаж байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын харьяа Бор-Өндөр сумын гал унтраах ангиас галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Ийнхүү мөнгө шатаасан хэрэг манай улсад анх удаагаа гарлаа.

Энэ талаар Хэнтий аймгийн Онцгой байдлын гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн ахлах байцаагч ахмад Р.Батсайхантай холбогдож уг хэргийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Би өөрийн биеэр газар дээр нь очиж ажиллаагүй. Бор-Өндөр суманд байдаг манай салбарын ахлах дэслэгч Г.Мөнхнаран хэргийн газар дээр очиж үзлэг, шалгалт хийсэн. Ер нь энэ хэргийн дүн шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа. Тэгээд ч бүх зүйл цагдаагийн эрх үүрэг, хариуцлагын хяналтан дор гарна” хэмээн хариулсан юм.

Харин Бор-Өндөр сумын Онцгой байдлын газрын мэргэжилтэн ахлах дэслэгч Г.Мөнхнарантай холбогдоход “Би хэргийн газар очсон нь үнэн. Анхан шатны шинжилгээ дүгнэлт хийлцэхэд нь байсан. Гэхдээ энэ хэргийн газар аймгийн цагдаагийн байгууллага үзлэг шалгалт хийсэн. Миний зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөх эрх байхгүй.” Гэсэн хариулт өглөө.

Энэхүү хэргийг Хэнтий аймгийн цагдаагын газрын дэд дарга П.Оростогоо хариуцан ажиллаж байгаа юм байна. Хэргийн талаар мэдээлэл авах гэсэн боловч түүний утас холбогдсонгүй. Зарим нэг хүмүүс 100 сая төгрөгийг нь авчихаад машинаа шатаачихсан гэсэн таамаг ч гаргаад байгаа юм байна.

Ямартай ч хууль, цагдаагын байгууллага шат шатаараа үнэнийг тогтооно. Тухайн үед л зуун саяар гал тахьсан уу, зуун саяыг аваад гал тавьсан уу гэдэг нь илрэх биз.

В.Нэргүй

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих