ДАШТ-Д ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ДАСГАЛЖУУЛАГЧ НАР БИШ, МӨНГӨТЭЙ ХЭДХЭН ХҮН СОНГОСОН НЬ ХАРАМСАЛТАЙ
МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гаригт Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хурлын танхимд болж, Узбекистаны нийслэл Ташкентад ирэх есдүгээр сарын 8-14-нд болох ДАШТ оролцох баг бүрэлдэхүүнийг баталжээ. Хурлын шийдвэрээр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.НОМШ, 61 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, 125 кг-д ОУХМ ЖЛулуунбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг, 58 кг-д гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, 60 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 67 кг-д ОУХМ Б.Одончимэг, 75 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар хүч үзэх болсон байна. Эрхэм уншигч та тэмцээнд оролцох баг тамирчдыг дасгалжуулагч нар биш, Удирдах зөвлөл эцэслэн шийдвэрлэсэн тухай сонсоод гайхаж байгаа биз ээ. Уг нь олон улсын жишигт дасгалжуулагчид бүх эрх мэдлийг өгч, эргээд тэмцээний дараа гарсан бүхий л хариуцлагыг хар толгойгоороо үүрдэг зарчим тогтоод олон арван жил өнгөрч байгаа юмсан. Харин Монголд тийм биш бололтой.
Хурлын тухай олж мэдсэнээ хүргэе. Наанадаж ДАШТ-д Монгол Улсын шигшээ багийн амжилтыг тодорхойлох, цаанадаж зарим тамирчны амьдрал нь чухал нөлөө үзүүлэх шийдвэр гаргах хуралд удирдах зөвлөлд харьяалагддаг хүмүүсээс МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, хүндэт ерөнхийлөгч Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюущ, дэд ерөнхийлөгч Р.Ууганбаяр, Б.Батзаяа гэсэн таван хүн л оролцжээ. МЧБХ-ны Дасгалжуулагчдын зөвлөл шийдвэрлэсний дагуу эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нар ДАШТ-д удирдан оролцохыг хүсч буй тус бүр найман тамирчныхаа нэрийг Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, ямар учраас итгэл үзүүлэх болсноо тайлагнасан юм. Харамсалтай нь тэдний санал бүрэн дүүрэн дэмжигдсэнгүй. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хачирхалтай шийдвэр гарч, ДАШТ-ээс медаль хүртэх өндөр магадлалтай хоёр ч тамирчин гэртээ үлдэх болж байх шиг байна.
Олимп, ДАШТ гээд Том тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг зарлах нь хэзээнээс л асуудал дагуулсаар ирсэн нь нууц биш. Харин эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр бусад дасгалжуулагчтайгаа хэний шавь байх нь хамаагүй, хэн сайн байгааг нь гадагшаа явуулж байхаар тохирсноо олон удаагийн ярилцлагадаа өгүүлж байлаа. Энэ зарчимын дагуу эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд УАШТ-д түрүүлж, Дортмунд хотод болсон Германы Гранпригээс алтан медальтай ирсэн Э.Бэхбаярыг ДАШТ-д явуулахыг Дасгалжуулагчдын зөвлөл дэмжсэн байжээ. Гэтэл чөлөөт бөхийн спортод амьдралаа зориулсан хэдэн дасгалжуулагч нарын энэхүү үнэт саналыг холбооных нь Удирдах зөвлөл, жаахан хатуухан хэлбэл мөнгөтэй хэдэн хүн авч хэлэлцсэнгүй. МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Л.Чинбат ДАШТ-ий 57 кг-ын жинд Б.Номинг барилдуулахаар зүтгүүлж, уламжлал ёсоор санасандаа хүрснээр галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй явсан Э.Бэхбаяр ДАШТ-гүй үлдэх болоод байна. Чөлөөт бөхийн хорхойтнуудын дунд Монтолын толгой баяны нэг Л.Чинбатыг “Гацуурт”-ынх, хөнгөн жингийн шилдэг тамирчны нэг Б.Номинг “Гацуурт-Олимп”-ийнх гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ.
Б.Номин хүнд бэртлийн улмаас хавар болсон УАШТ-д барилдаж чадаагүй бол Э.Бэхбаяр гуян дээр нь хатиг гарсан ч гэсэн шүд зуун барилдаж түрүүлснийг бид мэднэ. Өдгөө Монголд 57 кг-ын жинд Э.Бэхбаяр, Б.Номин, Д.Цогтбаатар гэсэн гурван жигдхэн өрсөлдөгч бий. Дасгалжуулагчдын зөвлөл дээрх гурван тамирчинг өнгөрсөн зургадугаар сарын 27-нд болсон Германы Гранприд барилдуулах шийдвэр гаргаж, Дортмундад үзүүлсэн амжилт нь ДАШТ-д оролцох тамирчныг сонгоход чухал нөлөө үзүүлэх тухай нарийн тохиролцсон юм билээ. Дортмундын дэвжээнд Э.Бэхбаяр алт, Б.Номин мөнгө, Д.Цогтбаатар хүрэл медаль хүртсэнээр асуудал үндсэндээ шийдэгдсэн байх. Харин хүндэт ерөнхийлөгч Л.Чинбат энэхүү үндэслэлийг үл тоож, “Германы Гранприг ямар тэмцээн гэдэг юм бэ. Дэлхийн шилдэг бөхчүүд барилдаагүй тэмцээнд хоёр бөхийг ялаад түрүүлснийг чанартай гэх үү” гэх утгатай зүйл ярьсан юм билээ. Ц.Цогтбаяр дасгалжуулагч хариуд нь “Дортмундын тэмцээн чанартай, чанаргүй болсон нь хамаагүй. Энэ гурвын дундах сорилго болох байсан. Э.Бэхбаяр аваргын төлөө барилдаанд Б.Номинд оноо алдалгүйгээр 6:0-ээр ялсан. Б.Номин өвөл сайн формтой байсан ч одоо үүгээр нь дүгнэж болохгүй. Үүний дараа хүнд гэмтсэн. Гэмтлээ сэдрээнэ гэж болгоомжлоод УАШТ-д барилдаагүй. Яг одоо 66-67 кг жинтэй байгаа. 10 кг хасч жиндээ орно гэдэг хэцүү, гэмтлээ ч сэдрээх магадлалтай” гэж хэлсэн ч тусыг олсонгүй. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үг шүү дээ. Гэтэл хүндэт ерөнхийлөгч Л.Чинбат “Битгий худлаа ярь. Б.Номинг 63 кг жинтэй байгааг О.Пүрэвбаатар надад өнөөдөр хэлсэн” хэмээн амыг нь тагласан юм. Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Орхон аймагт байрлах “Олимп” баазад наймдугаар сарын 1-нээс эхлэн ДАШТ-ий өмнөх цугларалтдаа гарсан бөгөөд орой бүр жин үзэхэд Б.Номингийнх 67 кг-аас буудаггүй тухай хэд хэдэн тамирчнаас сонссоноо хавчуулчихъя.
Э.Бэхбаяр бол “Ирээдүй” цогцолбор сургуулиас төрж гарсан, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ, түүний эхнэр болох олон улсын шүүгч Л.Болормаа нарын гарын шавь гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз. Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг хүндээр хүлээж авсан хоёр багш нь өдгөө гомдолтой явна. Э.Бэхбаяр, Б.Номин нарын дунд сорилго барилдаан явуулж өгөх тухай хүсэлтээ сайд Ц.Оюунгэрэлд илэрхийлэхээр ССАЖ-ын яаман дээр явж байсан сурагтай. А.Энхээ гавьяат шавьдаа захьдаг юм билээ. “Чи бол хээрийн өлсгөлөн чоно. Чи хоолоо өөрөө л олж иднэ. Харин чиний өрсөлдөгч чинь баян айлын тэжээвэр нохой. Чи тэжээвэр ,нохойг барьж чадахгүй юм бол энэ спортоор хичээллээд хэрэггүй” гэж. Бодууштай.
Үүний дараа эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр саналаа хэлжээ. Гэсэн ч 55 кг-ын жинд ДАШТ-ээс медаль хүртэх өндөр боломжтой С.Бямбацэрэнг барилдуудах төлөвлөгөө нь дэмжигдсэнгүй. Учир нь “Хасу Мегаватт” компанийн ерөнхий захирал, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Ж.Түмэн-Аюуш өөрийн “Хасу Мегастарс” клубийн тамирчин А.Батцэцэгийг зүтгүүлчихсэн юм. А.Батцэцэг энэ жил маш сайн формтой байж, залуучуудын Азийн болон дэлхийн аварга болсон. Гэхдээ залуучууд, насанд хүрэгчдийн ангилал бол хоёр тэс өөр зүйл шүү дээ. Б.Батбаяр дасгалжуулагч өөрийн үндэслэлээ “Өнгөрсөн гуравдугаар сарын 14-16-нд Японы нийслэл Токиод болсон Дэлхийн цомд Монголын баг тав барилдахад С.Бямбацэрэн ганцаараа тав ялсан. Сая Полыпийн нээлттэй тэмцээнд тасархай түрүүлсэн. Маш сайн формтой байгаа. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медаль хүртэх сайхан боломжийг алдсан ч Монгол Улс энэ жил 55 кг-ын жинд дэлхийн аваргатай болох боломжтой” хэмээн тайлбарласан юм. Харин Ж.Түмэн-Аюуш “Бид С.Бямбацэрэнд олон жил итгэл хүлээлгэсэн. Нэг олимп, гурван ДАШТ-д явуулсан ч итгэл даагаагүй” гээд халгаасангүй. Гэхдээ Б.Батбаяр дасгалжуулагч бууж өгөөгүй бөгөөд “Би энэ жилийн ДАШТ-д С.Бямбацэрэнг яадаг ч байсан орхиж явахгүй. Энэ хоёр бөхийн дунд сорил барилдаан хийх саналыг Спортын бэлтгэлийн төвд тавина” гэсэн нь Удирдах зөвлөлийн гишүүн Р.Ууганбаярыг “Чи наад төрийн байгууллагатайгаа яваарай” гэж хэлэхэд хүргэжээ. Дэлхийн жишигт тухайн тамирчны урьд өмнөх гавьяа, алдааг чухалчилдаггүйсэн. ДАШТ-д гурав оролцоод медаль хүртээгүй хүн дөрөв дэх оролдогоороо амжилтад хүрэхгүйг хэн баталчихсан юм бэ. Харин ч сүүлчийн оролдогоороо амжилтад хүрсэн жишээ дэлхийд олон бийсэн.
Удирдах зөвлөлийн гишүүд дасгалжуулагч нарт “Та нар бидэнд тамирчин санал болгох биш, бид та нарт нэр өгөх ёстой” гэсэн нь “Бидний өгсөн хөзрөөр тоглоод амжилт гарга” гэсэнтэй адилхан сонсогдоно. Тэгснээ “Амжилт үзүүлэхгүй бол хариуцлагаа хүлээгээрэй” гэж хэлснийг юу гэж ойлгох вэ. Уг нь дасгалжуулагч нар тэмцээнд оролцох тамирчдаа өөрсдөө сонгочихоод эргээд хариуцлагаа хүлээх учиртай биш бил үү. Монголд ихэнх юм яахаараа ийм сонин байдаг юм бэ. МЧБХ 2009 онд шинэчлэн зохион байгуулагдаж, их зүйл хийснийг спортын хорхойтнууд мэднэ. Ерөнхийлөгчөөр нь 2009-2013 онд ажилласан, өдгөөгийн хүндэт ерөнхийлөгч Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж буй Ж.Түмэн-Аюуш тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийн нөр их хичээл зүтгэлийн дүнд элгээрээ хэвтчихсэн байсан энэ спорт эргэж хөл дээр босч буй нь үнэн. Гэхдээ үүгээрээ түрий барьж, чухал шийдвэрт нөлөөлж буй нь “Энэ байгуулагад ардчилал байна уу” гэх асуултыг өөрөөсөө асуухад хүргэж байна.
Энэхүү хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд албан ёсоор зарлаагүй байгаа. Хэрвээ ингэх юм бол хүчин төгөлдөр гэж тооцогдох үндэслэлгүй. МЧБХ нь нийгэмд үйлчилдэг ТББ-ын статустай. Уншигч та албан ёсны вебсайт www.wrestling.mn дээр тавигдсан дүрмийг нь хараарай. 4.2-т ‘Удирдах зөвлөл нь, 11-ээс доошгүй, сондгүй тооны гишүүнтэй, хуралдааны шийдвэр нь тогтоол байна”, 6.2-т ‘Хуралдаанд уригдсан удирдах зөвлөлийн нийт гишүүдийн 50-иас дээш хувь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно” гэж заасан байна. МЧБХ Удирдах зөвлөлийн хэдэн гишүүнтэйг би нарийн сайн мэдэхгүй байна. Лав 20 дөхнө. Удирдах зөвлөлийн гишүүнийхээ тоогоор Монголын спорт холбоод дундаа нэлээн дээгүүрт орох нь тодорхой. Хамгийн багаар нь буюу 11 гишүүнтэй гэж бодлоо ч өнгөрсөн хурлын ирц 50-иас дээш хувьтай байж чадахгүй. Тиймээс 6.2-т заасны дагуу энэхүү хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцох нь хууль бус юм.
Д.Нанжид /ӨДРИЙН ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
муухай монгол зан