Ж.Занаа: УИХ-д суудалгүй намууд аль нэг намыг дэмжихгүй
-Парламентад суудалгүй намууд өнгөрсөн хавар Засгийн газрыг огцруулахаар долоон үндэслэл бүхий санал өргөн барьсан бол саяхан найм, ес дэх үндэслэлийг нэмж дахин УИХ-д хүргүүлсэн. Ямар нэгэн хариу ирсэн үү, та нарт?
-Ямар хариу өгөхөө мэдэхгүй байгаа юм шиг байна, эсвэл УИХ зохих ёсоор ажиллаж чадахгүй байна гэж дүгнэж байна.
-Ингэхэд та бүхний тавьж байгаа үндэслэлүүдийг олон нийт хэр дэмжиж байна. Зөвхөн хэдэн намын дарга хоорондоо яриад байгаа юм уу?
-Бидний шаардлага бол Монголын олон нийтийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж хэлэлцэн гаргасан шаардлагууд учраас олон нийтийн сонирхол, дэмжлэг байгаа гэж үзэж болно.
Учир нь шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагаа нь Монгол Улсынхаа, монголчуудын хөгжлийг хэтийн болон ойрын хугацаанд хөгжүүлэх буурьтай бодлого, төлөвлөлт байхгүй, улс орны амьдрал, аж ахуйг бүхэлд нь “тэр өдрийн” бодож байгаагаараа хийдэг, гүйцэтгэдэг, Үндсэн хууль болон бусад шаардлагатай хуулиудаа уландаа гишгэдэг, ард иргэдийн татварын мөнгө болон гадаадаас авсан зээл тусламж, хөрөнгө оруулалтыг ард түмний төлөөлөл болсон УИХ-ын хараа, хяналтаас гадуур ёс бусаар зарцуулдаг гээд учир тоймгүй нүгэл үйлдэж байна.
Үүнийг эсэргүүцэж элдэв хараал урсгаж байгаа, зарчмын шүүмжлэл өрнүүлж байгаа иргэд үзэл бодлоо илэрхийлж байгааг, ялангуяа, нийгмийн сүлжээнүүд фэйсбүүк, твиттэр зэргээс харж байна. Энэ бол таны асуултад хариулах хангалттай жишээ гэж хэлж болно.
-Ингэхэд та өмнө нь байсан МАНАН-гийн Засгийн газрын тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Саяхан Нью Йоркийн хотын даргын өрсөлдөөнд орж байгаа АНУ-ын Ногоон Намын удирдагч “Хүн амын нэг хувийг эзэлж байгаа баячууд хоёр намтай байна, тэгэхээр үлдсэн 99 хувь нь тэдний гэсэн нэг намтай байх цаг нь болжээ” гэсэн уриатай хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж байна.
Улс төрийн энэ байдал манай улсад энэ хэлбэрээр үйлчилж байна. Тодруулбал, Монголд банкны хадгаламжийн 98 хувь нь манай хүн амын хоёр хувьд ногддог тухай статистик мэдээ байдаг.
Өнгөрсөн 24 жилд манай хоёр гол нам Монгол Улсыг цөөнхийн дарлалд, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын хязгаарлагдмал байлгах бодлогыг санаатай болон санамсаргүй байдлаар явуулж ирсэн.
Энэ бурангүй байдалд ороход Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэг дэлхий улс төр, эдийн засгийн тархийг барьж байгаа гадаадын акулууд гол шахалт үзүүлж байсан гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.
Тэд манай мэтийн буурай орныг өөрсдийн улс төр, эдийн засгийн хонжооноос хандсан бодлого, хөтөлбөрөөр шахаж, эрх мэдэлтэй хэсгийг нь цадтал нь, бүүр дэлбэртэл нь бордож, эрх мэдэлгүй ард түмнийг нь туйлдуулан доройтуулсан, бүс чангалах бодлогыг байнга хэрэгжүүлж байсан.
Одоо бүгдээрээ хар, монгол төгрөгийн ханш 00-ийн цаасны үнэтэй болж, иргэн хүний орлого сүүлийн хоёр жилд хэд нугалсан үнээр унасан.
Энэ хоёр нам “чи сайхан хоолны нэр хэлбаа, би савхдая” гэдэг байдлаар ажилласан, Монгол Улсыг авилгын далайд живүүлсэн, Монголын улс төрийн болон нийгмийн соёл, сэтгэлзүйг байж болох хэмжээнд унагасан.
Нам гэдэг улс төрийн субьект бол байсан, байж байна, байх ч болно. Энэ бол хүн төрөлхтний амьдралын хэм хэмжээг тодорхойлдог институц. Гэтэл ёсзүйгүй, увайгүй, завхай улс төрчид энэ институцийн нэр хүндийг гутаахын ихээр гутааж байна. Жирийн гишүүд энэхүү бузар байдлын золиос нь болж байна.
Жирийн албан хаагчид энэхүү бусармаг байдлаас залхаж байна. Одоо яах вэ. Одоо бид олон түмний төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, улс орныхоо хөгжлийг шинээр тодорхойлоод удирдаад явах чадвартай шинэ хүчнийг байгуулах шаардлагатай байна.
-Одоо Шинэчлэлийн Засгийн газар огцорвол дахиад МАНАН үүсэхгүй гэх баталгаа байна уу?
-Энэ асуулт бол өөрөө утга муутай асуулт. Бид одоо өөр замгүй болсон. Засгийн газар огцрох гэж байгаа нь үнэндээ бол тийм сайхан юм биш. Гэхдээ Ерөнхий сайд нь шинэчлэлийн Засгийн газрыг авч явах ёсзүйн эрхгүй болчихоод удаж байна.
Сүүлийн 20 жилд тавьсантэй тэнцэх өрийг хоёр жилд хийж “аварга амжилт” гаргасан, Чингис бонд болон өндөр хүүтэй бусад зээлийг ард түмний элч төлөөлөгч болсон УИХ-ын хараа, хяналтаас гадуур дур мэдэн үрэн таран хийсэн, албан тушаалын наймааг дээд цэгт нь “цэцэглүүлсэн”, гадаад валютын “сүр хүчийг” монгол төгрөгт үзүүлж, “нам цохиулсан”, ард иргэдийн амьжиргааг эрс доройтуулсан, ядуурлыг гааруулсан, үүгээрээ ардчиллын үнэт зүйлс болсон тэгш байдал, ялгаварлан гадуурхалтгүй байх асуудлууд нийгмийн амьдралаас эрчимтэй арчигдаж байна.
Ийм учраас энэ асуулт өөрөө “Чи нүхэнд унаж нэг мөсөн үхэх үү” эсвэл арай нэг өөр аргаар тэсээд үлдэх үү гэж байгаатай ижил асуулт юм даа.
-Засгийн газарт Үндэсний эвсэл хэрэгтэй гэж парламентад суудалгүй намууд ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Үндэсний эв нэгдэл бол одоо чухлаас чухал асуудал болоод байна. Гэхдээ УИХ-д суудалгүй намууд Засгийн газарт орж ажиллах гэдэг бол өнөөгийн хуулийн хүрээнд боломжгүй зүйл. Харин 2016 оноос хуулиудад өөрчлөлт оруулахдаа үндэсний эв нэгдэлийг бий болгох улс төрийн хөшүүргийг бий болгох шаардлагатай.
Бид гуравхан сая ард түмэн улс төрийн болон бусад байдлаар ялгаварласан үзэл, хандлагаар дайсагналцах шаардлагагүй. Энэ бол гадаадын гүрнүүдээс Монголыг маань, ард иргэдийг маань хагас хүн, хагас амьтан болгох гэсэн олон зууны бодлогын уршиг.
Биднийг өөрийн гэсэн толгойтой болчихвий, хийж бүтээдэг ухаантай ард болчихвий гэхээс айдаг, эмээдэг гадаад, дотоодын хүчин олон байгаа байх л даа…
-Сүүлийн үед парламентад суудалгүй намууд МАН-ыг дэмжиж байгаа. Сөрөг хүчний хувьд уу, эсвэл “Үндэсний зөвшилцөл”-өө Үндэсний эвсэл болгож засагт хамтрах зорилгоор уу?
- УИХ-д суудалгүй намууд аль нэг намыг дэмжихгүй. Бид улсаа улс шиг болгох, хүнээ хүн шиг амьдруулах аль ч үзэл санааг дэмжинэ. Бид сөрөг хүчнийг дэмжих учиртай, нөгөөтэйгүүр, яагаад гэвэл эрх баригч хүчин байхад сөрөг хүчин зайлшгүй байх ёстой нь ардчиллын, ардчилсан засаглалын зарчим.
Хянаж, шахаж, шаардаж байхгүй бол эрх баригч хүчин давардаг жамтай. Тэднийг нийгмийн бусад талуудыг анхаарал, хяналтаас ангид байлгаж болдоггүй. Бид ийм л үнэт зүйлийг баримталж ажиллаж байгаа.
-Төр, засгийг хариуцлагатай болгоход бүтцийн болон хууль эрхзүйн ямар өөрчлөлт нэн даруй хэрэгтэй гэж үзэж байна?
-Хууль, эрхзүйн цогц өөрчлөлтийг хийх шаардлагатай. Энэ нь манай ИХНамын үзэл баримтлал талаас тайлбарлах юм бол хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг бодитой хэрэгжүүлэх зорилгоор төр, засгийн бүх бүтцийг 180 хэм өөрчлөх хэрэгтэй гэж үздэг.
Тухайлбал, манай намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал бол “Иргэний давуу эрх, Эдийн засгийн эрх чөлөө, Эзэнтэй нутгийн төлөө” гэсэн уриатай байсан, одоо ч энэ уриалгадаа үнэнч байгаа.
Энэ уриаг хэрэгжүүлэхийн тулд ИХН төр, засгийн бүхий л төвшинд мэдлэгтэй, чадвартай, боловсролтой, хүний төлөө гэсэн хэм хэмжээтэй хэн ч зүтгэж, ажиллах эрхтэй гэж үздэг, тийм эрхзүйн болон бодит боломжийг бүрдүүлэх ёстой гэж үздэг, энэ бол зөвхөн Монгол Улсын эрх ашгийн төлөө хийх шаардлагатай гэж үздэг нам.
Тийм учраас бид энэ улсын бүхий л амьдралыг энэ зүгт өөрчлөх ёстой, ингэж байж амин хувийн, бүлгийн эрх ашгийг хамгаалсан төртэй болно, ингэж байж эв нэгдлийг бий болгоно гэж зорьж байна.
-Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн асуудалд намын дарга нар ойрын үед санал солилцсон уу. Жишээлбэл, “Хар хайрцаг”-аар гарч ирсэн хүмүүс ажил хийж чадахгүйгээ харууллаа гэж зарим хүн хэвлэлээр шүүмжилж байгаад ямар байр суурьтай байна?
-Сонгуулийн хар хайрцаг бол манай орны амьдралыг бусниулахад нөлөөлсөн “Хогийн сав”. Бид энэ хар хайрцагны балгаар иргэн хүний сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Монголын төрийг өнөөдөр иргэн хүний шууд оролцоотойгоор биш, харин хар хайрцагны оролцоотойгоор байгуулсан.
Энэ бол Монголыг өнөөдрийн байдалд байгаа адилаар доройтуулах гэсэн гадаад, дотоодын бусармаг хүчний үйлдэл. Тийм учраас алддаг ч гэсэн өөрийн хар толгойгоороо хийж байх нь дээр юм байна.
Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үг байдаг, харин бусдын “буянаар” жаргах, том гүрнүүдийн хараат болохын төлөө улайран ажилладаг зарим нэг улс төрчдөд тэр хайрцаг ашигтай байсан байх аа.
-Эцэст нь асуухад, та Монголд ардчиллыг бий болгохын төлөө зүтгэж ирсэн хүмүүсийн нэг. Өнөөдрийн АН, ардчилылн үнэ цэнэ, ардчилагчдын гаргаж буй үйлдлүүдийн тухайд ямар бодолтой байна?
-Сэтгэлээр унаж явдаг. Гэхдээ “Идүүлсэн бут ургадаг, идсэн эрүү хувхайрдаг” гэдэг шиг ардчилал бол нэг намын, нэг хэсэг хүний өмч биш.
Харин ард түмний өмч учраас ирээдүйдээ итгэлтэй байж жинхэнэ ардчиллыг, иргэд засагладаг ардчиллыг, хүний төлөө ардчиллыг бий болгохын төлөө ажиллах дуусашгүй боломж байгаа гэдэгт бид итгэж байгаа.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: