”Шунхлай” ШТС-ын түгээгчийн аминд ноцтойгоор халджээ
Уржигдар Төв аймгийн Зуунмод хотод “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгчийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт 23:45 цагийн орчимд нэгэн иргэн шатахуун авах гэж очоод түгээгч эмэгтэйг амиа алдсан байхыг харж дуудлага өгчээ. Ирсэн дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн албан хаагч нар хэргийн газарт очиход шатахуун түгээгч 35 настай Ц-г хүзүү, хэвлийн тус газарт нь хутгалж амь насыг нь хөнөөж, орлогын мөнгө болох сая орчим төгрөгийг нь авсан байжээ.
Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч нар шалгаж байгаа бөгөөд хэргийн газарт нарийвчилсан үзлэг хийсээр байгаа юм байна. Мөн гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээд шатахуун түгээх станцын камерийг бүгдийг нь эвдэлсэн байсан бөгөөд Цагдаа нар камерын бичлэгийг сэргээхээр ажиллаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
URL: