Төр засгийн зүгээс иргэдийнхээ өмнө тулгарсан алив бэрхшээлийг шийдэх нэгэн шинэ төрлийн механизмийг бодож олсон нь “бингодох” арга байлаа. Өөрөөр хэлбэл аз, эзээр бүхнийг шийднэ гэсэн үг. Төрөөс орон сууц барина. Иргэд ТҮЦ машинд хэдэн мянгаараа бүртгүүлж, үүний дараа зурагтаар азын сугалаа явуулах аж . Энэ бүхний эцэст аль аз нь шовойсон айл өрхүүд шинэхэн байранд орох эрх хожино. Байранд орох эрх хожлоо гээд шууд орон сууцандаа яваад орчихгүй, аль нэг банкин дээр очиж, урьдчилгаа төлбөр, барьцаа мөнгөө заавал байршуулсны дараа дээр сая нэг хүсэн хүлээсэн байрандаа орно.
Нэг хүнд оногдох газар нутгаараа дээгүүрт жагсдаг манай улс иргэддээ газар өмчлүүлдэг болоод нэлээн хэдэн жилийг үдэж буй. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд иргэд газар өмчлөх тал дээр хайнга хандсаар ирсэн нь албаны тоо баримтуудаас бэлхэн харагддаг.Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 52 байршилд иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэв. Харин энэ удаад Улаанбаатар хотын оршин суугчид цахим газар өмчлөлд маш идэвхтэй хандсан нь бүртгүүлсэн хүмүүсийн тооноос харагдаж байлаа.Тухайлбал, нийт 281 440 иргэн цахимаар бүртгүүлснээс 14954 иргэнийг цахим систем автомат үйлдлээр тодруулсан. Дээрх 14954 хүн бол газар өмчлөх эрхээр шагнадсан азтанууд. Бусад 260 гаруй мянган хүмүүс нь цахим системд гологдсон“азгүй” улсууд. Өмнө баахан баримт бичиг, дунд шатны албан тушаалтнуудын арга эвийг олж байж өөрийн газар эзэмших зөвшөөрлөө баталгаажуулдаг байсан нийслэлчүүдийн тухайд цахим газар өмчлөлийг цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд чирэгдэл багатай тун ч шинэлэг ажил болсон тухай ярьцгааж байгаа нь сайшаалтай хэрэг.
Гэхдээ цахим системээр газрын азтан тодруулах ээлжит аз туршилт тийм ч төгс шийдэл биш бололтой. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 96028 иргэн бүртгүүлж, 4169 иргэн сонгогдож газар өмчлөх эрхтэй болжээ. Гэтэл уг дүүрэгт олгосон газарт Гён Шиг овогтой Мин Гён гэгч гадаадыэн иргэн газар өмчлөх эрх авсан, түүнчлэн нэг хүн хоёр удаа сонгогдсон тохиолдол ч бас гарсан нь иргэдэд эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн байна.
Энэ мэтчилэн сугалааны аргаар бүхнийг “хохиролгүй” шийдэх эл аргыг эрх баригчид цаашид улам төгөлдөржүүлэхийг ч үгүйсгэмгүй. Бүр тодруулбал, хууль санаачлагчид улс төрийн сонгуульд нэр дэвшигчдийг цахимаар бүртгэж, мөн адил сугалаагаар УИХ-ын 76-г тодруулаад явчихвал нэг их гайхах хэрэггүй л болов уу. Тэр цагт жинхэнэ утгаараа улс төрд шинэ од төрж, ард түмэн авлигач түшээдээсээ ангижрах ч юм билүү.
Б.Боргил