Ц.Хулан: Мөнгө үнэртсэн сонгууль болно
Монгол Улсын хүүхэлдэйн театрын дарга, яруу найрагч Ц.Хулантай улс төрийн үйл явдлын эргэн тойронд дахь асуудлаар уулзаж ярилцлаа. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр төдийлөн улстөржөөд байдаггүй ч эгзэгтэй үед часхийсэн үнэн үг хэлж олны анхаарлыг татдаг. Тийм учраас бид энэ удаа яруу найрагчтай улстөрийн сэдвээр түлхүү ярилцлаа.
-Сүүлийн үед намуудын хооронд үүсээд байгаа маргааны бол сэдэв нь Сонгуулийн хууль болчихоод байна. Пропорциональ нь давамгайлах уу, эсвэл мажоритари уу гэдэг асуудал Ардчилсан нам болон Монгол ардын намын хооронд нэлээд ширүүхэн тулаан үүсгээд байгаа. Таны хувьд аль нь давамгайлах ёстой гэж бодож байна. Аль хувилбараар сонгууль явуулах нь Монголын хөгжилд эерэг нөлөөлөл үзүүлж чадах вэ?
-Нэг хэсэгтээ улс төрийн аливаа асуудлаас хол хөндий байлаа. Сонгуулийн системийн тогтолцооны талаар судлаач, улстөрч шиг сайн ярьж чадахгүй байж магадгүй. Гэхдээ мэдээж, олон жил улс төрийн эргэн тойронд юу болж байгааг ажиглаж байгаа сэтгүүлч хүний хувьд эсвэл идэвхтэй сонгогчийнхоо хувиар нөгөө талаас нэр дэвшигчийг гаргаж ирэх ажилд гар бие оролцдог хүний хувьд санал бодлоо хэлж болох юм. Монгол ардын нам болон Ардчилсан намын хоорондоо маргалдаж, талцаад байгаа асуудал бол эцсийн дүндээ ирэх 2012 оны сонгуульд аль нь олон суудал авч, Засгийн эрх барих вэ гэсэн эрх мэдлийн төлөөх тулалдаан. Монголд парламентын засаглал тогтсон 20 жилийн хугацаанд, ардчилсан нийгмийн тогтолцоо үүссэнээс хойш парламент чухам юу хийв ээ гэдгийг ард түмэндээ тайлагнасан баяр ч гэх юм уу, үйл явдал болоод өнгөрсөн. Миний хувьд харж байгаагаар парламент ямар байх вэ, улс төрийн намууд парламентыг бүрдүүлэхдээ ямар босго давж, ямар шалгуураар тэнцэж орж ирэх вэ гэдгээс илүү ерөөс Монгол Улсад парламент хэр нэр хүндтэй байгаа вэ гэдгээс яриагаа эхэлмээр санагдаж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд парламентын гишүүд өөрөө өөрсдийгөө хамгаалсан хууль их олон гаргасан. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байх, УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүйгээр асуудлыг шийдэж болохгүй гэх ч юм уу. УИХ-ын гишүүдээс авлига хээл хахуулийн хэрэгт олон хүн холбогдож яригддаг зэргээс парламент ард түмний дунд нэр хүнд сайтай байгууллага болж төлөвшиж чадсангүй. Энэ бол сонгуулийн тогтолцооноосоо, пропорциональ, мажоритари хувилбараасаа болоод байгаа юм биш.
-Сонгуулийн системийн гаж тогтолцооноос болоод төрийн ажил гажихад хүрээд байгаа юм шиг ойлголтыг намууд иргэдэд төрүүлээд байгаа. Олон нийт мажоритар гэдэг нэг гайтай хувилбараас болоод улс төр бохирдоод байна гэсэн ойлголттой болчихоод байгаа шүү дээ?
-Цөөхөн хүн амтай, олон намт улс төрийн төлөвшилд хөл нийлүүлээд дөнгөж 20 жил болж байгаа энэ үед алаг цоог янз бүрийн хүмүүс төрд гарч ирсэнтэй холбоотой. Тэгэхээр төрийн хүн, төрийн албан хаагч ямар байх ёстой вэ гэдэг тодорхой шалгуур хэрэгтэйг сонгуулийн хувилбаруудтай зэрэгцээд ярьж байх хэрэгтэй байжээ. Төрийн таван төгөлдөршил гэж бий. С.Баярын гаргаж ирсэн”Таван төгөлдөршил” хэдийгээр жаахан хээнцэрдүү гоё ганган сонсогддог ч гэлээ тухайн үеийн МАХН-ын 26 дугаар их хурлаар дэвшүүлж тавьсан шинэлэг зүйл болсон. Ардчилсан нам тухайн үед таван төгөлдөршлийнн талаар ярьсан бол ард түмэн соргог хүлээж авахгүй байсан. Парламентад хамгийн олон жил эрх барьсан Монгол ардын нам төрийн төлөвшлийн тухай анх хөндсөн нь шинэлэг зүйл болсон ч гэлээ намууд нэр дэвшигчдийнхээ талаар ярих хэрэгтэй болсон байна. Сонгуулийн систем нь гаалиар хориотой бараа орохыгмэдрэгч аппарат биш гэлээ ч, төрд тэнцэх нэр дэвшигчийн шалгуур болохынхоо хувьд манай одоогийн нийгмийн шаардлагад тэнцэх систем болж чадах ёстой. Өнгөцхөн харахад Ардчилсан нам, Монгол ардын нам сонгуулийн тогтолцоог сонгодог болгохын төлөө талцаж байгаа юм шиг боловч цаад өнгөндөө намуудын хувь хүмүүсийн эрх ашиг үйлчлээд байгаа нь харагдаад байна. Мөнгө үнэртсэн сонгууль болох дээр эргэлзэх ч хэрэггүй.
-Монгол ардын нам мажоритари, Ардчилсан нам пропорциональ нь давамгайлах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Пропорциональ нь давамгайлах ёстой гэсэн хувилбарыг сонговол Монгол ардын нам болон Ардчилсан намд сонгуульд ялах лидер тун бага гэх хүмүүс байна. Харин та юу гэж бодож байна. Энэ үнэн үү?
-Пропорциональ хувилбар нь олон нийтэд танигдсан улс төрийн лидерүүдэд ашигтай байж болох ч цаг үе, нийгэм маань улстөрчдөөсөө илүү хурдацтай хөгжиж байгаа мэт санагддаг. Шинэ хүмүүсээс айх сонгууль болчихож мэдэх л юм.Тийм ч болохоор Ардын нам олон лидертэй ч “банжиж”, харин Ардчилсан нам сүрдэж, анаж зэхэж байгаа тул харилцан буулт хийгээд л хуучнаараа тойргуудаа хувааж аваад давхилдах байх. Ирэх 2012 оны сонгууль пропорцианаль, мажоритари, холимог гээд аль ч системээр боллоо гэсэн, намуудаас, улстөрөөс хараат байдаг байдлаа нийгэм улам бүр тээршаасаар байгаа шүү дээ.Энэ нь зүй ёсны юм.
-2008 оны сонгуулиар хоёр намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Олон хүн Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Монгол ардын нам дангаараа Засгийн газар байгуулсан бол өнөөдөр илүү амжилтад хүрэх байсан болов уу?
-Миний хувьд өнөөгийн улс төрийн нэг ололт бол алгуурхан ч гэсэн монголчууд үндэсний эвлэрэлд хүрсэн явдал. Энэ удаагийн хамтарсан Засгийн газар олны хэл амны бай, хардлага сэрдлэгэд өртөж байгаа ч хүмүүсийн оюун санааны хувьд хамгийн тайван гэж хэлж болохоор засаглалын үе өнөөдөр л тохиож байна. Засгийн газрыг бүрдүүлэхдээ олонх болсон хоёр нам хамтарсан явдал нь бие биедээ хяналт тавих, хариуцлагыг хамтарч үүрэх, нэг зүйлийн өмнө ичих нэг нүүртэй болж чадсан нь хамгийн зөв шийдэл байсан. Хүмүүс хэлдэг л дээ. Монгол ардын нам дангаараа Засгийн газрыг бүрдүүлж, дангаараа хариуцлагаа үүрэх ёстой гэдэг. Үгүй ээ, энэ нь дангаараа идэх боломж олгож байгаа хэрэг.
-Хоёр хүн идсэнээс нэг хүн идсэн нь дээр биш үү. Хоёр хүн идэх хоолын хэмжээ мэдээж ихэснэ?
-Миний хувьд бол өөрөөр хардаг. Олон ургальч үзлийг хөгжүүлэхээр 20 жилийн өмнө монголчууд анхны шангаа татсан. Энэ олон ургальч үзэл бодлыг сонгуулийн хэдхэн өдөр хоорондоо уралцуулаад өнгөрөх үү, эсвэл дөрвөн жилийн турш үйл ажиллагаагаараа, бодитоор хэрэгжүүлэх төсөв мөнгөтэйгөө, эрх мэдэлтэйгээ байж тэр олон ургальч үзлийг хөгжүүлэх үү гэдгийг анх удаагаа энэ Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр энэ Засгийн газрын гэрэл гэгээтэй, ололттой тал нь юу юм гэхээр дор хаяад, уул уурхайн салбарт хийсэн шинэчлэлүүдийг хоёр нам хоёулаа гардан хийх бололцоотой болсон явдал. Өөрөөр хэлбэл, дараа нь хэн нэгэн рүүгээ ховын үг чулуудахгүй, дараа нь хэн нэгнээ хардах сэрдэх явдалгүй. Нэг хөллөгөөний морьд болж чадсан учраас ард нь тэр морьдыг ташуурдаж байгаа ард түмэнд энэ морь биднийг ангал руу авааччихлаа. Тэр морь намайг урагшаа ирээдүй рүү авч очих байсан юм гэх явдал гарахгүй. Ард түмэнд нэг жолоо цулбуур атгуулна гэдэг ололт байсан. Нөгөөтэйгүүр төр тогтвортой байхад оюуны шинэчлэлүүд их явагддаг. Эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүд төрдөг, төрийн албан хаагчид ажлаа сэтгэл дүүрэн хийдэг, уран бүтээлчдийн айдас арилдаг. Энэ тайван намдуу, С.Батболдын Засгийн газрын үед хийгдэж байгаа либерал эдийн засгийн шинэчлэлийн үед сонгуулийн тогтоолцоог өөрчлөх асуудал яригдаж байгаа нь хамгийн зөв шийдэл. Өөрчлөе гэж байгаа нь хуучинтайгаа үл эвлэрсэн, алдаа гажуудлаа олж харсных. Магадгүй Н.Энхбаярыг намын дарга байхад энэ асуудал яригдсан бол нэлээд хурцадмал байдал үүсэх байсан биз. Сонгуулийн системийг өөрчлөх гол зорилго нь ирээдүйн улстөрийг хувийн эрх ашгаас ангид байхад л оршиж байгаа гэж би бодож байна. Монгол ардын нам маань өөр хувилбарыг сонгож байгаа юм билээ. Манайд бол пропорциональ давамгайлсан холимог систем уг нь илүү тохирох, улс төрийн лидерүүдийг гаргаж ирэх хувилбар болов уу гэж би хувьдаа үзэж байгаа. Гэхдээ улс төрийг явж явж системээр юм уу, сонгогчийн таашаалаар хийдэггүй.
-Монголын улс төр өнөөдөр хамгийн том мухардал орчихоод байгаа юм шиг санагддаг. Зөвхөн улс төр гэлтгүй эдийн засаг нь мухардалд орчих гээд байна шүү дээ?
-Та нар санаж байгаа байх. Өмнө нь мухардлуудыг дандаа хэн нэгэндээ тохдог байсан. Өнөөдөр энэ байдал намжсаныг та нар харж байгаа байх. Хэвлэл мэдээллийнхэн аль нэг намд, улс төрийн хүчнүүдэд бурууг өгөхөөсөө илүү байгалийн хүчин зүйлс, эдийн засгийн хүчин зүйлстэй нь холбодог болсон байна. Энэ зөв хандлага руу явж ирсэн нь хамтарсан Засгийн газрын том ололт. Ажил гардаад хийж байгаа үед мухардал харагддаггүй юм.Харин хуурай улстөржөөд, эдийн засгийг дашзэвэгдээд байвал өөр хэрэг.
-Хамтарсан Засгийн газрыг байгуулсан нь ололт гэвэл гавьяаг нь Ерөнхий сайд асан С.Баяр хүртэх учиртай гэж үү?
-Нэг намын үйл ажиллагаанд төдийгүй нийгэм д юу саад болоод байсан тэр чөдөр тушааг, ялзралыг олж илрүүлсэн, тэр вирусыг устгахыг хичээсэн нь түүний ололт байсан нь үнэн. Гэхдээ энэ нь хувь хүнтэй тэмцэж байгаа тэмцэл биш. С.Баяр, Н.Энхбаяр хоёрыг хооронд нь тэмцэлдүүлэх нь хэнд ч ашиггүй. Яагаад гэвэл нэг үед нэгэн зүйл алдааны ард хоёулаа байсан, амжилтын ард бас л хоёулаа байсан. Алдаагаа түрүүлж ухаарсан нь С.Баярын ололт байсан юм. Энэ бол зөвхөн С.Баярын ололт, ялалт биш нэг намын ялангуяа, ард түмний амьдралын жолоог атгаж яваа намын хувьд том ухаарал байсан. Энэ ухаарал дээр ялигүй жаахан фанатизм, туйлшрал харамсалтай нь, яваад байна. Энхбаяртай Энхбаярын аргаар тэмцээд яах юм? Хувь хүмүүсээс өшөө авах, улс төрийн өшөө авах тоглолтуудыг хэлээд байна. Улстөр юмдаа гэж цагаатгаж болох ч, өр нимгэн над шиг амьтанд хэнбугай ч хүн л байх юм аа.
-С.Баяр хамтарсан Засгийн газарт одоо ч нөлөөтэй байгаа. Гүйцэтгэх засаглалыг гаднаас удирдаж байгаа гэдэг шүү дээ. Улс төрд болж байгаа бүх шийдвэрт С.Баяр нөлөөлөл сайтай гэдгийг Ардчилсан намынхан ч, Монгол ардын намынхан ч хүлээн зөвшөөрдөг?
-С.Баяр даргыг би улс төрд их удаан байгаасай гэж боддог. Цэвэр, цэнгэг сэтгэлгээ гэдэг бол хүний шуналгүй байхаас ургаж гардаг ойлголт, ганц хэмжүүр нь юм. Хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаггүй тэр зан нь С.Баяр даргыг өнөөгийн нийгэмд хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн лидер болгож чадсан болов уу. Түүнд улс төрийн эр зориг, цэвэр амбиц бий. Өөрөөр хэлбэл, цэвэр амбицтай хүн улс төрд цэвэр явдаг. Ер нь л цэвэр хувцастай, цэвэр хумстай хүн хүний өөдөөс бүтэн харж тайван сууж чаднаа даа? С.Баяр даргад байдаг академик сэтгэлгээ Монголын улс төрд олон жил түшиг болно. Юугаараа түшиг болох юм бэ гэхээр аливаа асуудлыг хөндлөнгөөс, дээрээс харж чаддагт байгаа юм. Дотор нь орж хутгалдахаас илүү хөндлөнгөөс харж шийдвэр гаргах нь илүү оновчтой. Манай Хүрлээ шиг / МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх/ хурц омголон, гардан зодоон хийгээд явбал энэ намыг олон нийт нэг л өнгөөр харна. Монгол ардын намд харьцангүй том, хүчтэй лидерүүд байгаа болохоор намын өнгө төрхийг тодорхойлцоход С.Баяр дарга ч, У.Хүрэлсүх ч хэрэгтэй.
-Долдугаар сарын 1-ний хэрэгт С.Баярыг буруутгах хүмүүс олон. Н.Энхбаяр ч уг хэрэгт С.Баярыг буруутай гэж ярьдаг шүү дээ?
-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор С.Баяр даргын нэр хүндийг унагаах оролдлого, ажиллагаа их явагдсан байх аа. Ингэж нэгнээрээ туг тахидаг, нэгнийгээ өвдөж зовж явахад нь алгаа ташдаг зан монголчуудад маань байдаг. Түүнийг нь хөөрөгдөж бичиж байгаа нь хамгийн хүн чанаргүй, арчаагүй сонинууд байдаг. Бид нар хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй ардчилсан нийгэм байгуулах гэж байгаа, тэр нийгмийг бүтээх гэж байгаа юм бол нэгнийхээ сайн талыг нь олж хардаг баймаар байна. С.Баяр даргыг би сайн мэднэ. Н.Энхбаяр даргатай ажиллаж байхдаа хамар нь ялигүй жаахан шантайгаад, эрдсэн байдалтай байх үед нь ч мэднэ. Жаахан гунигтай, бодол болсон үед нь ч мэднэ. Энэ байдалдаа үнэлэлт дүгнэлт хийж, эрсдэж байх үед нь ч мэднэ. Одоо ч Монголынхоо төлөө зовниж байгаа, улс төрд хийгдэж байгаа шинэчлэлүүдийн төлөө сэтгэл зовж байгааг нь гадарлахтайгаа байгаа. Улстөрөөс яв гээд хэн нэг нь тоглоомоор ч юмуу, хэлчихвэл Баяр бол заяа нь эргэж ирэхгүй, бардам хүн. Гэтэл зарим нь улс төрөөс шахагдсан шарандаа хүн чанараа алдаж, өөрт байгаа өчүүхөн үнэт зүйлсээ ч үгүй хийж байгааг харах харамсалтай л юм.
-Монголын улс төр залуужих болсон. Гэхдээ залуус улс төрд орохын тулд хэн нэгэнд дөрөөлөх, мөнгөөр зодох үзэгдэл бараг хэвийн шахуу болчихжээ?
-Залуучуудыг би өөрөөр харахыг хүсдэг. Том дарга нарын хүнд цүнх үүрээд хайрлаж дурлаж явах 20 насандаа контоорын үүд сахиад, ямарч юм хийхгүй хэрнээ албан тушаал горьддог тийм залуучууд биш байгаасай гэж боддог. Залуу насандаа хийж бүтээж алдаж оноогүй хүн робот болдог. Улс төрийн бяцхан роботууд битгий гарч ирээсэй гэж хүсдэг. Биологийнх нь нас залуу боловч сэтгэлгээ нь бүр өвгөрчихсөн, өмхөрчихсөн залуучууд байдаг шүү дээ. Би ийм залуучуудын эсрэг байдаг. Тиймдээ ч тухайн үеийн МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад удаагүй. Хэдийгээр оны онцлох залуу болж шагнал авч мандсан ч гэлээ удахгүй зайлуулагдсан шүү дээ./инээв/
Эртээд нэг ток шоу дээр Б.Баатар гэж найруулагч хэлж байна лээ. Тэр хүн яруу найраг уншиж үзсэн ч юм уу үгүй ч юм уу, мэдэхгүй. Гэхдээ тэр хүн “Чи баячуудыг үзэн яддаг “Болор цом”-доо орооч” гэж нэг залууд хэлж байсан. Яалаа гэж дээ, яруу найрагчид яахаараа баячуудыг үзэн ядах гэж. Хүн төрөлхтөний хамгийн дээд язгууртнууд, оюуны эрхэмүүд, хутагт хувилгаад нь яруу найрагчид байдаг. Тэд хэзээ ч баячуудыг үзэн ядаж байгаагүй. Хүнийг сайн сайхнаар хардаг, хүний сэтгэлийг сүмтэй зүйрлэдэг, хамгийн эр зоригтой хүмүүс бол яруу найрагчид байдаг. Улс төр бол тийм биш. Нийгмийн сэтгэлгээг дагуулж байгаа оюуны баячууд бус, мөнгөний акулууд гарч ирдэг болохоор улс төрд сүүдэр их бий. Их мөнгөтэй хүн бол их амбицтай байдаг. Их амбицтай хүн их хүсэл мөрөөдөлтэй байдаг. Их хүсэл мөрөөдөлтэй хүн нийгмийг бодитоор өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ мөнгөтэй хүн бүр нийгмийг өөрчлөе гэж тэр бүр боддоггүй. Боддог нь цөөхөн. Түүхэнд Шанзав лам Бадамдоржоос бусад нь тэр үеийн фёодал хэмээн дуудагдаж байсан язгууртнууд маань бүгд л үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан. Одоогийн жишээ бол, жишээ нь “Женко” Х.Баттулга байна. Өөрсдийнхөө толгойгоор, хоёр гараараа бизнес хийж ирсэн хүмүүс өөрөөр сэтгэдэг, юм үзсэн гэдэг чинь энд л гардаг. Манай Монгол ардын намын С.Сайхансамбуу ах байна. Лу.Гантөмөр гишүүн байна. Лу.Гантөмөрийг би баян гэж мэдэхгүй. Гэвч түүний залуу хүнийхээ хувьд бүтээж байгаа капитал нь бусад улстөрчдөд үлгэр дуурайл болохуйц байж чаддаг гэж боддог. Аль аль намд хүчтэй, залуу лидерүүд байгаа. Энэ хоёр нам аль аль нь миний уур хайрыг зэрэг хүргэж, нэг л нутаг усны төлөө, эх орны төлөө явдаг учраас энэ нь манайх, тэр нь танайх гэж алагчлах дургүй.
-Монгол ардын нам Н.Энхбаяртай МАХН гэсэн нэрийг булаацалдах ямар хэрэгтэй юм бэ. Ингэхэд, Н.Энхбаярын тухай та ямар бодолтой явдаг вэ. Монгол Улсын төрийн бүх өндөр албан тушаалыг хашиж байсан хүн гэнэт л гудамжны тэмцэгч болчихсон?
-Шархан дээр нь шарх цацмааргүй байна. Тухайн үедээ тэр хүний өмнөөс хэнч дуугарч чаддаггүй байсан шүү дээ. Хүн бүхэн өнөөдөр чичлээд чулуу шидээд байх албагүй. Өмнө нь түүний хормойноос зүүгдээд, гар барингуутаа баярлаад гүйдэг байсан хүмүүс олон шүү дээ. Долдой нар байгаа тулдаа улс төр явдаг юм байлгүй. Сонгуулийн хуулиар тэрхүү долдой нар гарч ирэхгүй байх нөхцөлүүдийг л бүрдүүлчих хэрэгтэй. Тиймэрхүү улстөрчдөд хаалт тавих хэрэгтэй. Хэдийгээр ард түмэн мэдрэмжгүй юм шиг хэрнээ цагаа бодороор улс төрд ямар мэдрэмжтэй ханддаг гээч. 1998 оны сонгуулиар О.Дашбалбар найрагчийг сонгосон. Хоёр намын шийдвэрт түүний нөлөөлөл маш чухал байсан шүү дээ.
-Монгол ардын нам хувьсгалт нэрээ авсан нь зөв үү?
-Хувьсгалт гэдэг нэр хуучирсан гэж би тэр үед сонинд ярилцлага өгч байсан. Монгол ардын нам гэдэг өөрийгөө ухамсарласан сэхээтнүүдийн нам, өөрийнхөө зорилгыг мэдэрсэн залуучуудын нам, өнгөрсөн бүтээсэн амьдралаа сэтгэл хангалуун харах ахмадуудын нам болгох зорилго байсан болов уу гэж бодож байна. Монгол ардын нам болоод түүхэн хариуцлагаас зугатаах гэж байна хэмээн нэг хэсэг нь бодсон байх. Энэ тийм биш ээ.
-Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо давамгайлах болсон. Харин улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо дутаж байна, даашинзтай улс төрд нийгэмд хэрэгтэй байна гэсэн яриа хүчтэй өрнөж байгаа?
-Эрчүүд учраа ололцоогүй байхад эмэгтэйчүүд учраа олтлоо удах байх. (инээв). Өөрсдөө ажил амьдралын ачааг үүрсэн, оюунлаг, завгүй эмэгтэйчүүд улс төрөөс их хол байдаг даа.Эмэгтэй хүн бол нийгмийн хүмүнлэгийн элч байдаг. Гэтэл хүмүүнлэгийн элч биш хэрнээ аливаа измын манлай болсон эмэгтэйчүүд хэтэрхий олширчээ. Сүржин лоозонтой улс төржсөн эмэгтэйчүүдийг биш бодит ажил хийчихсэн, нийгмийг гэрэлтүүлдэг эмэгтэйчүүдийн төлөө харин бид сүржин лоозон барих хэрэгтэй юм шиг санагддаг шүү /инээв/. Тэр эмэгтэйчүүд чинь улстөрд гарья гэж тэр бүр боддоггүй юм.
-Таны бодлоор Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй улстөрчөөр та хэнийг нэрлэх вэ?
-Би ер нь их зовлонтой хүн. Нэг зохиол уншаад сэтгэл сэртхийсэн ганц өгүүлбэр таарбал сайн юм аа гээд бодчихдог. Нэг зохиол уншаад утга найруулгын алдаатай сулбагар өгүүлбэр таарбал дэмий юм гээд шидчихдэг. Одоогоор улс төрийн эмэгтэй нүүр царай хэн бэ гэдгийг судалж үзээгүй болохоор одоохондоо надад зуун хувь идеал, зуун хувийн боломжит эмэгтэй улстөрч энэ байна гэж хэлж чадахгүй.
-Хүүхэлдэйн театрыг аваад та нэлээд хугацааг өнгөрөөлөө. Энэ театрт ирэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нэр хүндтэй театр болсон байна. Энэ таны ажлын үр дүн мөн үү?
-Энэ байгууллагын тамга тэмдэг авсан хойно нь надад тэгж бодогдсон. Түүнээс бус би ийм болгоё гэсэн бодолтойгоор энд ирээгүй. Улстөрчидтэй сониноор хэрүүл хийж, цаг үедээ бухимдаж, гайхшаа барж явснаас Монголын хүүхдүүдийг утга зохиол, урлагаар төлөвшүүлэх нь зөв юм байна гэж мэдэрсэн. Эд мөнгөний хувьд, оюун санааны хувьд юм үзсэн хүн бусдын боол болдоггүй. Миний “юм үзсэн” гэдэг санаа ахиад л давтагдаж байгаа биз? Монголын хүүхдүүд бүгдээрээ биш гэхэд, миний муу бяцхан үзэгчид муухайгийн өмнөөс үг хэлж чаддаг, бусдыг хайрладаг сэтгэл, хүн чанар эр зориг, сайхан сэтгэлтэй өв тэгш иргэн болгохын төлөө бага ч гэсэн хувь нэмрээ оруулахсан. Яваандаа Монгол Улс маань “хүүхэлдэй”-н хаант улс болчихгүй байгаасай … Өнөөдөр Орос, Хятадын дунд Монгол Улс маань “Хоёр чонын дунд таарсан талын гөрөөс мэт, Хохилзох шуурганд бөхөлзөх өргөсөн зул мэт” байна. Нэг нь галаа харамлавал улсаараа гал алдахад хүрч. Гэтэл Ардчилсан нам, Монгол ардын нам аль аль нь энэ хугацаанд төр барьж байсан. Тэд өнөөдөр ямар ичгүүртэй байдалд ороод байна. Хүний ичих ичгүүр гэдэг юм урлаг соёлоос олддог юм.
Ж.НЯМСҮРЭН
Зохиогчийн эрх: “Ардын эрх” сонин
URL: