20 мянгаар нь торгоод явуулаач дээ

-18082014-1408327486-634221319-mashinii_duguiУлаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал чинээндээ тулчихаад байгаа. Замын түгжрэлд хэчнээн цагаар зогсох нь хэвийн үзэгдэл болоод уджээ. Гэхдээ эрхэм дарга нар түгжрэлийг бууруулах тал дээр чадлаараа л ажиллаж байна. Янз бүрийн тогтоол шийдвэр гаргалаа, олон уулзварыг шинэчлэн засч байгаа. Үүний үр дүнд түгжрэл буурсан уу гэвэл тийм. Зарим газар мэдэгдэхүйц үр дүн гараад байгаа гэдгийг зориуд онцолмоор байна. Сайхан хэрэг. Ерөнхийдөө түгжрэлээс гарч болох бүхий л гарцыг хэрэглээд, боломжийн үр дүнд хүрсэн. Одоо ганцхан жолооч нарын соёлгүй, бусдыгаа боддоггүй занг л засчихвал болох гээд байна. Гэхдээ тэр зангийн цаана зогсоол байхгүйн зовлон ч бас нэрмээс болж байгаа гэдгийг мартах учиргүй.

Гэвч дүрэм журам гэдэг зогсоолтой байна уу, үгүй юу гэдгээс үл хамаарч биелж л байх ёстой хойно яая гэх вэ дээ. Манайхан түүнийг нь даанч авч хэлэлцэхгүй, биелүүлэхдээ хойрго. Машинтай болгон л чадлаараа дүрэм зөрчиж байна. Нэгдүгээр эгнээ машины зогсоол болоод удлаа. Арай л замын голд машинаа тавьчихаад дэлгүүр хэсэх нь холгүй болчихсон. Энэ бүдүүлэг, нөгөө талаар аргагүй дээ гэмээр асуудлыг манайхан зохицуулах гэж янз бүрээр л үзэж байна. Машин ачдаг баахан тээврийн хэрэгсэл оруулж ирлээ. Шинэхэн дээрээ сонихон гэдэг шиг нэг хэсэг хаа тааралдсан газраасаа л машин ачаад, аваачиж буулгахдаа хүртэл “чулуудаад” л давхилдав. Гэвч нэгдүгээр эгнээг зогсоол болгогчдын тоо буурсангүй. Аргагүй л дээ, хөөрхийс. Машин унаад ажлаа амжуулмаар, зогсоох гэхээр зогсоол байхгүй.

Тэгэхээр нэгдүгээр эгнээнд л эвтэйхэн тавихаас биш яах билээ.  Ачуулсан ч дүүрсэн л хэрэг шүү дээ. Харин өнгөрсөн хавар машин ачихад гарч байгаа сөрөг зүйлийг арилгах үүднээс тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулсан.

Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм.

Мөн замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их  бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр эгнээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч авто машинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ гэж журамд заасан байгаа.

Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд  тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан авто машинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч авто машинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжих юм. Энэ журам өнөөдрөөс эхлэн хэрэгжих гэж байна.

Хэлэлгүйгээр ачиж яваад, аваачиж буулгахдаа шидэх нь холгүй байсныг бодвол арай дээр л хувилбар. Гэхдээ тэгсхийгээд явах гэж байхад нь машиных нь дугуйг түгжчихвэл түгжрэл улам л нэмэгдэх байх. Төлбөрөө төлөөд, дугуйныхаа түгжээг хэнээр тайлуулах вэ гээд л эрэл сурал болно. Зарим газар машиныг зөөж явж, зогсоол дээр аваачиж дугуйг нь түгжинэ гээд байгаа. Жаахан үлгэрийн шинжтэй сонсогдоод байгаа юм. Шийдэл олох гээд замын түгжрэлийг улам л нэмэгдүүлэх юм шиг санагдаад байна. Түүний оронд торгуулийн хуудас бичээд шил арчигчид нь хийчихсэн нь дээр юм биш үү. 20 мянгаараа зүгээр л торгочих л доо. Эсвэл түүнээс ахиу байсан ч яадаг юм. Хоёрын хооронд дугуй түгжиж, түүнээс нь болоод улам ч түгжрээд байвал яршиг биз дээ.

Н.Пунцагболд

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих