Дугаарын хязгаарлалт үр дүнгүй гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд үргэлжлүүлэх хэрэг байна уу, Хотын дарга аа!

uls_53ef297c76bde_1Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүл 2012 оны сонгуулийн дараа ажлаа авсанаас хойш хамгийн рейтинг өндөртэй улстөрчөөр шалгарах хэмжээнд явж байсан ч олж авсан нэр хүндээ шавартай хутгаж орхилоо.

Шалтгаан нь хотын төвөөр зорчсон иргэдээс сар бүр 50 мянган төгрөгийн татвар авах санаачлага. Өнөөдрийн нийгэм, эдийн засагт дэндүү тэнцэхээргүй энэхүү санаачилгаасаа болоод Э.Бат-Үүл баатар иргэдэд нүд үзүүрлэгдэх болов.

Түүний санаачилсан төслийг энэ сарын 13-нд  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх байсан ч иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан учраас  асуудлыг тодорхойгүй хугацаагаар  хойшлуулаад байгаа.

Э.Бат-Үүл даргын өмнө санаачилсан автомашины дугаарын хязгаарлалт бүтэн хоёр жил үйлчилсэн ч үнэндээ үр дүнгээ өгсөнгүй. Үүнийг Үүл баатар ч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм билээ.

Тэрбээр саяхан телевизээр ярихдаа “Та бүхэн өөрсдөө анзаарч байгаа байх. Дугаарын хязгаарлалт машинаа дийлэхээ байсан. Одоо би ямар нэг өдөр хоёрыг хязгаарлалтай биш дээ. Бүр боломжгүй шүү дээ. Ирэх жил машин ахиад 100 мянгаар нэмэгдэнэ. Иймээс нийтийн тээврийг сайн үйлчилгээтэй болгох хэрэгтэй. Яг галт тэрэг шиг, яг онгоц шиг. Хүн цагаа харж байгаад л гараад нийтийн тээвэртээ суудаг болгоё гэж бодсон. Хүссэн газарт нь хүргэж өгнө.
Ингэхээр бас асуудал тавьж байгаа юм. Автобус дамжихаар билет яах юм бэ гэж. Тиймээс хуучин цагийн 45-ын билет гэдэг шиг зүйл гаргах гээд байна. Сар, долоо хоногийн билетээ аваад дуртай нийтийн тээвэртээ суугаад хүссэн газартаа явдаг болгоё. Railbus чинь том оврын автобус руу хүргээд өгнө, том оврынх нь микронд хүргэж өгнө, иймэрхүү маягаар нийтийн тээврийн сүлжээ бий болгоё гэж төлөвлөсөн.
Гэтэл хоёр асуудал гарч ирж байна. Нэгдүгээрт хоёр хүнтэй байсан ч хорин хүнтэй байсан ч Шувуун фабрикаас тэр автобус цагтаа явж л байг гэтэл жилд 17 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг Нийтийн тээврийн компани яах вэ. Хоёрдугаарт энэ түгжрэл дунд энэ нийтийн тээвэр яг цагаараа явах юм уу гэдэг асуудал гарч ирсэн. Иймээс замыг нь чөлөөлж, машинаа цөөлье, харин алдагдлыг нь машин унаж явах дуртай тэр хүмүүс нь төлнө биз гэж бодсон юм.” хэмээн ярьлаа.
Түүний энэхүү ярианаас харахад  үнэн хэрэгтэй хотын түгжрэлийг багасгахаас илүү өөртөө зориулсан уг лоббиныхоо саналд дэмжлэг авчихвал нийслэлийн чинээлэг иргэд хотоор хүссэн үедээ дэмий сэлгүүцэж, харин хөөрхий ядарсан иргэд нийтийн тээвэрт чихэлдэн, тэмцэлдэн явах бололтой. Мэдээж тэрбээр энэхүү санаагаа дэмжүүлэхийн тулд чинээлэг иргэдийг ч нийтийн тээврээр явдаг болох хүртэл нь нийтийн тээврээ хөгжүүлэх хэрэгтэй гэж ярьсан байх.  Гэвч яг үнэн хэрэгтэй Э.Бат-Үүл мэтийн хүрээнийхэн нийтийн тээврээр зорчихгүй нь тодорхой.

Нөгөөтэйгүүр жилд 17 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг гэх Нийтийн тээврийн компанийнхан Э.Бат-Үүл даргын хэлсэнчлэн нэгээс хоёр зорчигчтой минут тутам явна гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй биз.

Тэгэхээр “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр хөрсөн дээрээ буугаагүй журам дүрэм санаачилан үр дүн муутай бодит бус иймэрхүү ажлуудаасаа салах цаг болоогүй юм уу, Хотын дарга аа!

М.Нандин Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих