Ц.Мөнхбаяр:Гутаан, бадраахын алин болохыг ерөнхийлөгч та болгоо
Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг шаардаж, Төрийн ордонд галт зэвсэгтэй нэвтэрсэн “Гал үндэстэн” холбооны гишүүд Дээд шүүхийн тогтоолыг сонсоод дөрвөн сар өнгөрч байна. Тэдний нэг болох С.Дашцэрэнг саяхан эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлсөн юм. Харин Ц.Мөнхбаяр нар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаснаас гадна Ерөнхийлөгчид захидал бичжээ. Тэрээр захидалдаа Шүүх байгууллага хууль зөрчсөн Засгийн газрын үйлдлийг хамгаалж, газар нутгийнхаа төлөө Монгол Улсын иргэний хувиар тэмцсэнийнхээ төлөө хилс яланд унагаасан хэмээн онцолжээ. Захидлыг сийрүүлэхэд, “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа, Гомдол, хүсэлт өргөн мэдүүлэх нь
Таны амгаланг айлтгая.
Бид Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан аюул, гэмт халдлагыг няцаан гарцаагүй байдалд, аргагүй хамгаалалт хийж таслан зогсоосон. Гэтэл манай шүүх эрх мэдэлтэнд тал засан хилс гүжирдэж ял тулгаснаар бид шоронд хоригдож байна. Энэ тухай олныг үл нуршин шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлж буйг та тогтоож болгооно уу. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн Засгийн газрыг илт хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, гэмт халдлагыг шүүх хамгаалан өмгөөлж Монгол Улсын нэрийн өмнөөс улс үндэстний язгуур эрх ашиг, хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргасанд бид нэн харамсаж байна.
Эрхэм Ерөнхийлөгч өө.
Бидэнд байгуулсан гавъяа үгүй. Бидэнд үйлдсэн гэм үгүй. Монгол хүн бүрт заяамал иргэний журамт үүргээ биелүүлэв…Гутаан, бадраахын алин болохыг эрхэм та мөргүй оюунаар болгоон шийднэ үү.
Гомдол, хүсэлт өргөн мэдүүлсэн хилсээр хоригдож буй Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Б.Төмөрбаатар” гэжээ.
Б.ЗАЯА
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: