Удган, зайран болж хүний аминд хүрэх шахжээ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 17 настай Н.Ханд гэдэг охин удган болж, тэр хавьдаа л баахан дүвчигнэн хүн амьтны толгой эргүүлжээ. Арай ч бурхнаар бөөлжөөгүй боловч алгандаа нүдтэй, гэнэт хөгшин эмгэний дүрд хувирдаг гэх мэт пиарыг ах дүүс нь нутаг орноороо тараасан гэнэ. Сониуч зарим нь Ханд удганд бараалхаж орлогых нь эх суурийг тавьсан бол мухар сүсэгтнүүд ар араасаа өргөл мөнгө барин цувсаар түүнийг луйврын аргаар амар хялбар амьдрах үүд хаалгыг нээжээ. Энэ нь нөгөө монголчуудын бурхны талаар ямар ч ойлголтгүй, бурхангүй амьдарч ирсэний харгай юм. Мухар сүсэгнүүд нэгэнтээ л хуурамч лам, ид шидтэнгүүдийн “хоол” болоод дуусдаг. Ханд охин ид шидтэй хүний дүрд бүтэн жил “тоглоод” чамгүй мөнгө олсон бөгөөд архинд жаахан дурлах болов. Хэд хэдэн архичдыг архинаас гаргах гэж онгод тэнгэрээ дуудахдаа зайран бүсгүй айраг, монгол архи, цагаан архийг хэтрүүлэн хэрэглээд улмаар кадр тасарч унадаг. Ингэхдээ хөгшид хүүхдэд агсам согтуу тавьж, бусдад санаатайгаар хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан байгаа юм. Цаадуул нь ч гэсэн “Цагдаа сэргийлэхэд хэлбэл Ханд хэдэн үеэр маань хараал жатга хийчихнэ” гэцгээн удган охиныг улам давраажээ.
Танхай балмад үйлдлээрээ дуулиан тарих болсон Ханд өдгөө шүүхийн сандалд суусан түүхтэй. Хэрэг гардаг өдөр Ханд тэргүүтэй 14-17 насны хүүхдүүд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэн архидсан байна. Удган охины мэдүүлсэнээр зодуулсан хохирогч охид нь согтуу байсан гэнэ. Хохирогч болох 14 настай Б.Есүхэйн “Ханд намайг гэртээ хамт хонооч. Хоёулаа ярих юм байна гэж гуйсан. Охин “Ээжийн бие тааруу байгаа. Би гэртээ хонохгүй бол горьгүй “ гэж үнэнээ өчив. Тэгтэл уусан архиндаа хүч орсон Ханд “Би бөөгийн сүнстэй, хөгшин хүний дүрээр гэрт чинь ороод чамайг унтаж байхад чинь багалзуурдаж ална” гээд хэц тууриа шүүрээд босч ирсэн байна. Хамт архидсан Н.Батбилэг гэх хүү “Чи муу аятайхан байгаарай” гэвэл удган охин “Чи намайг хүндэлж харьцсангүй. Өлөн минь цувж, сэмжийг чинь нохой зулгаатал хараана шүү” гэж нүд амаа эргэлдүүлэн Н.Батбилэг, Б.Есүхэй хоёрыг урт модоор хайр найргүй нүдэж гарчээ. “Хэрэв та хоёр манайхаас явбал ээж чинь үхнэ, эсвэл өөрсдөө үхнэ” гээд хэцээ нүдэн бөөлжээ. Цаад хоёр бас л мухар сүсэгтэй нэгэн тул удган охины өөдөөс юу ч хэлэлгүй,өмнө нь сөхөрч суугаад “Уучилж хайрла” гэцгээн уйлж гарав.
Зүрх нь улам хөөрч, амнаас нь хөөс сахарсан Ханд эрхээрээ хоёр хүүхдийн толгой тархигүй ороолгон , ширээн дээр байсан цар тавгийг хагалан “Би цус уумаар байна. Онгод тэнгэр надаас хүний цус хүсч байна” хэмээн Есүхэйн гэдсийг зүсэх гэж дайрчээ. Дараа нь хурц хутгаар охины бугуйг зүссэн байна. Есүхэйн гарнаас асгарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд өнөөх хоёр хүүхэд бүр ихээр айж , амь гуйсан гэнэ. Ханцуйгаа шамлан өмнөх лонхтой архиа шилээр нь хоолойруугаа гулгуулсан Ханд “Та муу хоёр яасан их гэрлүүгээ яардаг амьтад вэ. Там руу чинь явуулаад өгөх эрх надад байна. Би бороо оруулж чадна. Газар хөдөлгөж чадна. Та хоёр битгий хэл бүтэн хот сумыг ч тэр чигээр нь аянганд ниргүүлсэн ч чадна” хэмээн хоёуланг нь цээж нүцгэлэн хэвтүүлээд гурилын ганжингаар цохиж, дэвсэлжээ. Хоёр хүүхэд удган охины гараас арай гэж мултарч шөнийн 02 цагийн үед гэртээ хөл нүцгэн, хамаг хувцас нь урагдаж, цус нөж болсон,айж үхэх шахсан “амьтад” иржээ. Удган Ханд гэгчид бүтэн 4 цаг тамлуулж ,зодуулсан 14 настай хүү, охин хоёр сэтгэл санааны хүнд цочролд орж нэг нь одоог хүртэл унтаж чадахгүй ,шөнө хашгирч сэрээд , нөгөө нь Шархадны Неврозын тасагт 14 хоног эмчлүүлж, бие нь арай дээрдсэн гэнэ. Анхан шатны шүүхээс Б.Хандад 5 жил 1 сарын хорих ял оноосон боловч танхай удган Дээд шүүх хүртэл давж заалдаж Дээд шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял хүсэж байгаа аж. Ер нь зөвт хүн , ёс зүйтэй хүн хэзээ ч бөө удган ,зайран болохгүй нь ойлгомжтой.
Б.Мөсөн
agshin.mn
URL: