Си Зиньпиний айлчлалаар 5-10 жилд хийх ажлаа төлөвлөнө
БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлахад гурав хоног үлдээд байна. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын дарга асан Ху Жиньтаогийн Монголд хийсэн айлчлалаас 11 жилийн дараа болж байгаагаараа онцлог юм. Тиймээс хоёр улсын түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хэн хэндээ үр өгөөжтэй айчлал болно хэмээн хоёр тал үзэж байгаа билээ. Түүний төрийн айлчлалтай холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн баг долоо хоногийн хугацаатай БНХАУ-д ажиллаад ирлээ. Мөн энэ үеэр Хятадын арав гаруй сэтгүүлч манайд улсад ажиллаад буцсан юм. Уг арга хэмжээг Монголын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хятадын зүгээс Гадаад хэргийн яам тус тус зохион байгуулсан. Сэтгүүлчдийг айлчлалын өмнө ийнхүү харилцан солилцож байгаа нь хоёр орны нийгмийн бодит нөхцөл байдалтай танилцах боломжийг олгож буйгаараа онцлог гэдгийг албаны хүмүүс онцолж байв. Үүний зэрэгцээ Монголын сэтгүүлчид Си Зиньпин даргын ажиллаж байсан хот, мужид очиж түүний хийж, бүтээсэн ажлуудтай танилцах завшаан тохиосон юм.
СТРАТЕГИЙН ХАРИЛЦАА УЛАМ БЭХЖИНЭ
Монголын сэтгүүлчид Бээжин хотоос танилцах аялалаа эхэлсэн. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны сайдын туслах Лью Жяньчао сэтгүүлчидтэй уулзсан нь аялалын чухал хэсгүүдийн нэг байлаа. Уулзалтад Хятадын Гадаад хэргийн яамны Монгол талыг хариуцсан мэргэжилтэн, Хэвлэл мэдээллийн танхимын орлогч дарга Хуй Чүнь-Ин нар оролцсон юм. Гадаад хэргийн яамны сайдын туслах Лью Жяньчао Си Зиньпин даргын айлчлалаас гарч болох үр дүн болон хэд хэдэн асуудлыг онцгойлон хэвлэлийнхэнд танилцуулснаар уулзалт эхэлсэн. Ингэхдээ хоёр орны стратегийн харилцаа бусад салбартай харьцуулахад өндөр хөгжиж ирсэн. Гэхдээ хоёр улсын харилцаа хэд хэдэн суурь үндэстэй байх ёстой гэдгийг дурьдсан юм. Юуны өмнө хоёр улс бие биенийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх. Түүнчлэн улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг анхаарч байгаа гэдгийг онцлов. Мөн хоёр улсын нийгэм өөр өөрийн замналаар хөгжиж ирсэн. Хөгжсөөр ч байна. Тиймээс тус тусын хөгжлийн замыг харилцан хүндэтгэх нь зүйтэй. Энэ мэт суурь үндэс дээр манай хоёр орон найрсаг харилцаатай хөгжиж ирсэн. Цаашид амжилттай үргэлжлүүлэх хэрэгтэй гэв. Үүний зэрэгцээ, хоёр улс хөрш орны хувьд хамтын ажиллагааны нөөц их байдаг. Монгол, Хятад улс өөр өөрийн шинэчлэл, нээлттэй бодлого үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд ч харилцан бие биеэ нөхдөг гэж хэлж болно. Энэ утгаараа хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа бол нэн чухал гэдгийг онцолж байв. Төрийн дээд хэмжээний гэх тодотголтой энэ айлчлалаар хоёр орны тэргүүн чухал гэрээ хэлэлцээрийг хийнэ. Тодруулбал, дараагийн 5-10 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа үр дүнтэй, сайн байх төлөвлөгөөгөө боловсруулах учиртай гэж Лью Жяньчао дурьдсан юм. Айлчлалд Хятадын талаас хүлээлт их байгаа гэдгийг ч мөн тэрээр хэлээд амжив.
БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлалаа хэд хэдэн зорилготойгоор хийж байгаа гэдгийг тус яамныхан мэдээлсэн. Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өрнүүлэхэд анхаарч байгаа юм байна. Хоёрдугаарт, бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Тухайлбал, хоёр улс бие биедээ анхаарал хандуулж байгаа том төслүүдийн хамтын үйл ажиллагааг урагш явуулахад түлхэц өгөх гэнэ. Үүнд дэд бүтэц, уул уурхай эрчим хүчний төсөл оржээ. Түүнчлэн авто, төмөр зам, эрчим хүч болон хоёр улсыг дэд бүтцээр холбох том төслүүд багтаж байгаа аж.
Мөн энэ үеэр тээвэрлэлтийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Монгол далайд гарцгүй орон. Тиймээс Хятадын тал энэ чиглэлээр Монголд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн юм. Гуравдугаарт, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын солилцоог илүү бэхжүүлэхэд анхаарах гэнэ. Аялал, жуулчлал, боловсролын салбарт хоёр орны засгийн газар идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Айчлалын ачаар дээрх салбараас гадна олон салбарын хамтын ажиллагаа идэвхжинэ гэж найдаж байна гэв. Дөрөвдүгээрт, олон улс болон бүс нутгийн асуудалд харилцан хамтран ажиллах юм байна. Сүүлийн үед олон улс болон бүс нутгийн байдал өөрчлөгдөх болсон. Тиймээс хоёр улсын сонирхсон асуудлаа энэ айлчлалын үеэр сайн ярилцаж, хэлэлцэх боломж гарна хэмээв.
Уулзалтын үеэр Монголын сэтгүүлчид хөршийн харилцаатай холбоотой асуудлуудыг сонирхлоо. Тухайлбал, жирийн иргэдийн хооронд харилцан үл ойлголцох асуудал гарах нь элбэг байдаг. Хоёр орны харилцааг зөвхөн уул уурхайн салбар холбож байна гэж үзэх хүн ч цөөнгүй бий. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байдаг талаар асуусан юм. Харин Гадаад хэргийн яамны сайдын туслах Лью Жяньчао “Хятадын Засгийн газар, удирдагчид олон удаа бодлогоо илэрхийлсэн байдаг. Энэ бодлого товчхондоо Монгол төрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх юм. Тиймээс Хятад улсад Монголыг эзлэн авах бодол, бодлого байхгүй. Хоёр орны харилцаа зөвхөн уул уурхай, эрчим хүчний салбарт байгаа гэж ойлгох нь өрөөсгөл. Монгол улс уул уурхай, эрчим хүчний нөөц ихтэй. Энэ нь танай улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх гол давуу тал юм. Хоёр улсын хооронд эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагаа явуулах нь Монголын эдийн засагт ашигтай. Эргээд Хятад эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой” гэлээ. Харин уул уурхайн тухайд “Энэ салбараас гадна дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэл бидэнд бий. Манай улсын хувьд авто зам, төмөр зам тавих өөрийн туршлага, давуу талтай. Тухайлбал, санхүү, техникийн асуудлыг бүрэн шийдэж чаддаг. Энэ чиглэлийн хэрэгцээ Монгол улсад их бий. Тиймээс хоёр улс харилцан бие биедээ дэмжлэг өгч, хамтдаа хөгжих боломжийг бид олж харж байна” гэснээр Монголын сэтгүүлчидтэй хийсэн уулзалт өндөрлөсөн юм.
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ БИЙ
Үүний дараа сэтгүүлчдийн баг хамгийн орчин үеийн гэж болохоор уул уурхайн групптэй танилцсан юм. Энэ бол Шэньхуа групп. Нүүрс, төмөр зам, цахилгаан эрчим хүч, далайн тээвэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн хамгийн том компани болсон талаар удирдлагууд нь танилцуулав. Шэньхуагийн удирдлагын төвөөр ороход уул уурхайн салбарыг орчин үеийн шийдлээр явуулж байна гэж хэлж болохоор байлаа. Тухайлбал, тус групп Хятадын 30 мужид салбартай. Одоогийн байдлаар 63 уурхай ажиллуулдаг юм байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа уурхайнуудын үйл ажиллагааг удирдлагын төвөөрөө цаг тутам хянаж болдог гэнэ. Нэг уурхай гэхэд жилд 500 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай аж. Түүнчлэн дэлхийд хамгийн томд тооцогдох нэг гүний уурхай, таван ил уурхай ажиллуулдаг байна. Нэг уурхай жилд дунджаар 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай гэнэ. Удирдлагын төв нь гүний уурхайд ажиллаж байгаа ажилчдаа ямар байрлалд, юу хийж байгааг хүртэл хянаж болдог байна. Мөн гүний уурхайн хэсэгт хорт угаарын хий ямар хэмжээтэй байгааг тооцолон гаргаж ирдэг өндөр технологийг ашигладаг байна. Энэ бүгдээс харахад Хятадын уул уурхайн салбарын өндөр хөгжлийг мэдэрч болохоор байлаа.
Үргэлжлэл бий.
Д.ЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: