Нэг иргэнд хоёр газар оногдуулсан сугалаа шударга явагдсан гэж үү?

Монгол Улсын иргэн бүрт нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хууль одоогоос арван жилийн өмнө батлагдсан. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалттай биш бөгөөд Улаанбаатар хотын нийт иргэдийн 96 хувь нь энэ эрхээ эдэлж чадахгүй өдий хүрсэн гэдгийг албаныхан баталдаг. Газар өмчлүүлэх ажиллагаа ойлгомжгүй, хүнд суртал шат дамжлага ихтэй, Улаанбаатар хотын газрын нөөц хүрэлцээгүй, төлөвлөлт хийгдээгүй зэрэг маш олон дутагдлыг дагуулсаар ирсэн. Тэгвэл Нийслэлийн удирдлагууд анх удаа ард иргэдийн саналыг цахимаар авч газар өмчлүүлэх ажиллагааг сугалаагаар явуулахаар болсон нь олон хүнд найдвар төрүүлсэн. Ингээд энэ оны наймдугаар сарын 01-15 өдрүүдэд иргэдээс цахим хэлбэрээр бүртгэл авч нийтдээ 281140 иргэн энэхүү цахим санд бүртгүүлсэн билээ. Цахим сайт нь мөн л ойлгомжгүй, функцууд нь эмх цэгцгүй, гацалт ихтэй байсан зэрэг шүүмжлэлийг дагуулсан. Гэхдээ л алдаатай ч оноотой ч цахим бүртгэл явдгаараа явж хотын удирдлагууд анх удаа иргэдийнхээ хүсэлтийг цахимаар бүрдүүлж чадсан нь том дэвшил юм.

Snapshot_2014-08-17_130652
    Харин сугалаагаар газар өмчлүүлэх эрхийг олгосон явдал хэр зэрэг шударга байсан бэ? гэдэгт эргэлзэх иргэд олон байна. Ер нь төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлэхдээ сугалаа ашиглана гэдэг эрүүл үзэгдэл мөн үү? гэдгийг ч тунгааж бодоход илүүдэхгүй бизээ. Өмнө нь Буянт-Уухай цогцолборт байр авах иргэдийн хүсэлтийг сугалаагаар зохион байгуулсан ч цөөнгүй иргэд хүсэлтээ буцаах болсон. Харин тэрхүү орон гарсан дээр нь мөн л сугалаагаар иргэдийг шалгаруулна гэж байгаа. Энэ мэтээр төр засаг аливаа ажлынхаа агуулгыг биш хэлбэрийг хэт хөөж “шоудах” байдлаар ажлаа зохион байгуулаад байвал цаашдаа эмнэлэгийн үйлчилгээг сугалаагаар үзүүлэх, цагдаагийн дуудлагад сугалаагаар очих гэх мэтээр халуурч болох нь. Төрийн үйлчилгээ ямар нэгэн шодолт, сугалаагаар бус хуулийн дагуу тодорхой чиглэгдсэн байх ёстой болов уу?

Газар өмчлүүлэх цахим сугалаанд нийт 281140 иргэн бүртгүүлснээс 14954 иргэн газраа өмчилжээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд 909, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын аманл 4169, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны 869, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэгт 7504, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт 1484 иргэн  газартай боллоо.

Нэг ч болтугай Монгол хүн хувьдаа газартай болж байгаа нь сайхан хэрэг гэвч. Гэвч ингэж газар өмчлүүлсэн сугалаа өөрөө хэр шударга явагдсан бэ? гэдэг асуулт өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Иргэдэд энэхүү эрхийг олгохдоо програмын тусламжтайгаар сонгон шалгаруулсан гэнэ. Гэвч програм бол програм. Түүнийг яаж ч програмчлах боломж нээлттэй бий. Тийм учраас л хардлага дагуулсаар байгаа юм. Ингэж хардах үндэсллийг твиттерийн ертөнцөд дэлгэж байна. Тодруулбал нэг иргэнд хоёр газар оногдсон, нэг гэр бүлийн хоёр хүн азтанаар тодорсон тохиолдолууд байгааг жиргээчид илчилж байна. Бүхэл бүтэн 280 мянган иргэн хүсэлт гаргаж тэднээс 15 орчим мянгад нь л боломж олгож байхад нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа азтан болж таарах нь хэвийн үзэгдэл үү? энэ асуулт үнэхээр асуудал дагуулж ар араасаа шүүмжлэл, хардлага төрүүлэх болж байна. Иймд хотын удирдлагууд нэг бүлийн хэд хэдэн хүнд, нэг хүнд хэд хэдэн газар эзэмшүүлсэн ухаалаг сугалааныхаа талаар тайлбар хийх нь зөв биз ээ.
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих