16 нярай хордсон асуудлыг хариуцах эзэнгүй болжээ

uls_53eef04e12a16_1“Монос”-ын эмийн сангаас “Фенобарбитал” гэх эм авч уусан 16 нярай хордоод байгаа. Тухайн үед эмзүйч том хүний эмийг хүүхдэд өгснөөр ийм хэрэг мандсан билээ.
Гэтэл өдгөө энэ асуудалд хариуцлага хүлээх эзэн олдохгүйд хүрээд байна. Эмзүйчийн хувьд 21 настай, сургуулиа төгсөөд удаагүй нэгэн. Тэрбээр хуулийн дагуу мэдүүлэг тайлбараа өгч, шалгуулж байгаа.
Харин Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналт, “Монос” зэрэг байгууллагууд бүгд л энэ асуудлаас хуурай гарахыг оролдож байна. Тодруулбал,  Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “ЭМЯ чиг үүргээрээ бодлого гаргах зорилготой газар. Эмийн сангуудын үйл ажиллагааны хяналтыг чиг үүргээрээ ЭМЯ биш Мэргэжлийн хяналтын газар хариуцах ёстой. Улсын хэмжээнд байгаа 1200 гаруй эмийн санг ЭМЯ-ны эм хэрэгслийн хэлтсийн найман мэргэжилтэн хянах ямар ч боломж байхгүй. Цаг хугацааны хувьд ч боломжгүй” гэсэн бол НМХГ-ын Эм био бэлдмэлийн улсын ахлах байцаагч Д.Энхцэцэг “Манай байгууллага ажлын бус цагаар буюу амралтын өдрүүдээр хяналт шалгалт хийх боломжгүй. Нийслэлийн хэмжээнд 2100 гаруй эмийн сан байхад өнөөдрийн байдлаар эм био бэлдмэлийн улсын байцаагч гэх тавхан хүн хяналт тавьж ажиллаж байна. Тэгэхээр хяналт хийж байгаа хүний нөөцийн хангамж маш дутмаг, хүрч ажиллаж чадахгүй байна” гэжээ.

Тэгвэл  “Монос Улаанбаатар” ХХК -ийн ахлах эмзүйч М.Алтмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ сарын найманд ЭХЭМҮТ-ийн дэргэдэх “Монос” эмийн сангийн салбараас эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар өгч, алдаа гаргасан. Тухайн өдөрт 23 хүнд уг эмийг олгосон байна лээ. Маргааш нь эмийн сангийн эрхлэгч ирээд жор баригчийн гаргасан алдааг мэдэж, компанийн удирдлагад дуулгасан.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн “Монос”-ын эмийн сангаар хүүхдүүд хордсон эм зарагддаг гэсэн ташаа мэдээлэл гараад байна. Албан ёсны зөвшөөрөлтэй бүхий л эмийн сангаар дээрх эм зарагддаг. Манай салбар “Монос” эмийн сан нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй ойр байдаг болохоор “Фенобарбитал” эмийг худалдан авах нь их байдаг” гэсэн байх юм.

Харин НМХГ-аас энэ хэргийн талаар энэ сарын 14-нд мэдээлэл хийсэн юм. Тухайн үед НМХГ-ын дэд дарга П.Бат-Эрдэнэ “НМХГ-т энэ сарын 10-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн газраас “16 хүүхэд эмэнд хордсон. Танай байгууллага энэ асуудал дээр холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” хэмээн ярьсны дагуу НМХГ шуурхай ауиллаж, хяналтын улсын байцаагч томилж ажилласан. Хэвлэл мэдээллээр бичигдсэн шиг манайх ажлаа хийгээгүй юм биш. Харин ч хамгийн түрүүнд очиж ажилласан” гэв. Мөн тэрбээр энэ үйл явдалд “Монос”-ын эмзүйч хариуцлагагүй алдаа гаргасныг дурдсан.

Тухайн эмзүйчийг санамсаргүй алдаа гаргаж, том хүний эмийг хүүхдэд өгүүлэхээр худалдсан гэж байгаа ч энэ нь хангалттай тайлбар биш. Учир нь хүн санамсаргүй алдааг 1-2 ихдээ гурван удаа гаргаж болох ч 23 удаа санамсаргүй алдаа гаргана гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Ийнхүү хариуцлага хүлээх эзэн хайсаар “Эмийн үйлдвэр” компани эмийнхээ савлагааг адилхан хийсэн буруутан болоотохов. Тэр бүү хэл дээрх эм улсын эмийн бүртгэлд байхгүй гэнэ.

Тэгвэл улсын бүртгэлд байхгүй эм худалдан борлуулж байсан эмийн сан, тэрийг нь шалгаагүй мэргэжлийн байгууллага, зөвшөөрөлгүй эм үйлдвэрлэсэн компани бүгд буруутах учиртай. Харин албаны хүн Монгол Улс импортоор орж ирж байгаа эмийг бүртгэдэг. Гурван жилийн өмнөөс л дотоодод үйлдвэрлэдэг эмийг бүртгэж эхэлсэн. Энэ нь нарийн төвөгтэй ажил учраас өдгөө ч үргэлжилж байгаа гэсэн. Тэгэхээр 16 нярай хордсон хэрэгт нэг хэсэгтээ л буруутан олдохгүй бололтой. Эцэстээ хүүхдүүддээ эм авч өгсөн эцэг эх, өвчтэй хүүхдүүд буруутан болоод дуусахгүй л гэж найдах үлдлээ.

http://uls.mn/legal.html?id_29337


URL:

Сэтгэгдэл бичих