Эрүүл давсагтай хүн өдөрт 3-4 цаг тутамд бие засдаг
Давсагны үрэвсэл, шээс задгайрах эмгэг аль ч насанд, хүйс харгалзалгүй тохиолдож болно.
Харин анатоми бүтцийн онцлогоос шалтгаалж эмэгтэйчүүд илүүтэй өртөх нь бий.
Эрүүл давсагтай хүн өдөрт 3-4 цаг тутамд, шөнө нойрсох явцад нэгээс ихгүй бие засдаг. Тэд давсаг дүүрснийг мэдэрснээс хойш ариун цэврийн өрөө орох хүртэл шээсээ барих чадвартай байдаг.
Шээс нөөцлөн хуримтлуулах болон ялгаруулах харилцан нарийн зохицолтой мөчлөг алдагдахад ямар үр дагаварт хүрдэг талаарх мэдээллийг хүргэе.
Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин
Шээс хүрээгүй байхад шээсний сүвээс өөрийн мэдэлгүй гарахыг шээс задгайрах өвчин гэдэг. Гэхдээ шээс сул ялгарах, шээсээ барьж чадахгүй байх гэсэн хоёр ойлголтыг ялгах хэрэгтэй.
Шээс задгайрах нь өвчин биш харин янз бүрийн өвчний үед хүйс ялгалгүй илэрдэг шинж тэмдэг юм. Шээс задгайрлыг анхдагч ба хоёрдогч гэж ялгадаг.
Анхдагч нь давсагны хуниас буюу шээс таслан зогсоогч аппаратын анатомийн гажгаас үүсдэг. Жишээ нь, төрөлхийн гажиг эсвэл гэмтэл авах г.м. Харин хоёрдогч нь анатомийн хувьд хуниас нь хэвийн ажиллаж чадахгүй үед бий болдог.
Хоёрдогч шээс задгайрлын шалтгаан нь нугасан дахь шээс гаралтыг зохицуулдаг хэсгийн гэмтлээс эхлээд өвчтөний сэтгэцийн онцлог хүртэл олон янз байна. Энэ хувилбарыг стрессийн шээс задгайрал гэж үздэг.
Үүнийг биеийн ачааллын задгайрал ч гэдэг бөгөөд ханиах, найтаах, инээх, явган явах, биеийн хүчний дасгалын хийх, сууж, эсвэл хэвтэж байгаад босох, хүнд юм өргөх зэрэгт ажиглагддаг.
Стрессийн шээс задгайрал заавал хөгшрөлтийн үед байдаг ч төрсний дараа, хагалгааны дараа, сарын тэмдгийн хооронд эм бэлгийн даавар эстрогенийн дутагдал үүсдэгтэй холбоотойгоор үүсэх нь бий. Гэхдээ шээс задгайрал нь шээсний замын халдвар, үтрээний халдвар, өтгөн хатах зэрэг хялбар эмчилж болдог эмгэгээс үүдсэн байж болох талтай.
Мөн зарим төрлийн эм нь шээс задгайрлын шалтгаан байж болдог бөгөөд эдгээр тохиолдолд зөв эмчилгээ хийхэд хялбар, эмчлэх боломжтой.
Эмчилгээ
Олонхи эмэгтэйчүүд шээс задгайрлын үед эмчид хандаж зөвлөгөө авахаас ичиж зовдог. Үр дүнд нь мэргэжлийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгээд хэвийн амьдралдаа эргэн орохын оронд эмгэгээ нуух гэж ажлаа орхих, найз нөхдөөсөө бэргэх зэргээр амьдралаа бүхэлд нь өөрчлөхөд хүрдэг.
Улмаар элдэв үзмэрч, домч нарт хандаж, эмчилгээ нь бүтэлгүй болоход сэтгэл санаагаар ихэд унаж, өвчин нь улам даамжирдаг.
Шээс задгайрлын жинхэнэ шалтгааныг зөвхөн мэргэжлийн эмч л тодорхойлж, зөв эмчилгээг хийж чадна.
Улмаар булчингийн дасгал хийж, стресс тайлах эмчилгээ хийснээр давсаг болон шээс гадагшлахад оролцдог булчингийн үйл ажиллагааг өөрөө удирдах боломжтойг ойлгож мэдэрдэг. Шээс задгайрах эмгэгтэй эмэгтэйчүүд Кегелийн дасгалыг тогтмол хийж байх хэрэгтэй. Эдгээр дасгал нь аарцагны ёроолын булчинг хөгжүүлэх зориулалттай юм.
Кегелийн дасгал
Дасгал 1. Гэдэс, өгзөг, хөлийн булчингууд сул байх ёстой. Байрлалын хувьд сууж, хэвтэж, эсвэл боссон ч болно. Хошного орчмын булчинг хуниасны булчинг чангалах дасгалыг хэд хэд дараалан хийнэ. /Өтгөн гадагшлахыг таслаж байгаа мэт/. Энэ дасгалыг өөрт тохиромжтой үедээ өдөрт хэд хэдэн удаа хийж байх хэрэгтэй. Гэдэс, хөл, өгзөгний булчин чангарах ёсгүй. Энэ дасгал нь ард талын хэсгийг хөгжүүлнэ.
Дасгал 2. Шээж байх үед хийх дасгал. Шээж байхдаа таслаж бариад дахин шээнэ. Энэ дасгалыг үтрээнээс унах гэж байгаа тампоныг хавчиж байгаа мэт төсөөлөн хийх өөр нэг хувилбар байдаг. Ийм маягаар аарцгийн урд талын булчинг бэхжүүлнэ.
Дасгал 3. Энэ нь эхний хоёр дасгалыг нэгтгэсэн хувилбар юм. Таазны ёроолын булчинг суллаад ард талын булчинг чангалж эхлээд суллалгүйгээр залгуулан урд талын булчинг чангална. Энэ нь нэг мөчлөг болох бөгөөд удаанаар дөрвийн тоонд хийнэ. Дасгалыг өдөрт гурваас цөөнгүй удаа хоёр минутын турш хийнэ.
Дасгал хийхээс гадна шингэнийг хэт ихээр уухгүй байх, кофе, архи, шар айраг зэрэг шээс хөөх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх зэргээр хоолны дэглэм сахих хэрэгтэй. Мөн өтгөн хаталт нь шээс задгайрлын үндсэн шалтгаан байх эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Гэхдээ шээс задгайрах өвчнийг мэс заслын аргаар эмчлэх нь хамгийн өндөр үр дүнтэй байдаг. Шээс задгайрлын шалтгаанаас хамаарч олон төрлийн мэс ажилбар хийдэг Уламжлалт мэс ажилбарын дараа өвдөлт өгөх, нөхөн сэргэх үе удаан зэрэг таагүй зүйл байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд үр дүн өндөртэй, өвдөлт, нөхөн сэргээх хугацаа богинотой шинэ аргууд нэмэгдсэн. Тэдгээрийн нэг нь ТВТ систем буюу чөлөөт синтетик гогцоо суулгах арга юм.
Эрэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин
65 хүртэлх насны эрэгтэйчүүдийн 6,5 хувь нь шээс задгайрах өвчтэй гэсэн судалгаа байдаг. Гол төлөв энэ эмгэг нь түрүү булчирхайн үрэвслийн хагалгааны дараа тохиолддог.
Эмчилгээ
Шээс бүрэн задгайрах өвчний анхны шинж тэмдэг илэрсэн төдийд зарим эрчүүд сэтгэлээр унаж, шууд л хагалгаа хийлгэхийг боддог. Гэтэл орчин үед шээс задгайрлын үндсэн шалтгаан болж байгаа түрүү булчирхайн томролтыг эмчлэх мэс заслын бус олон арга байдаг. Ямар эмчилгээг нь сонгохыг мэргэжлийн эмч л шийднэ. Дур мэдэн өөрийгөө эмчлэх гэснээр өөртөө хор болно уу гэхээс тус болохгүй.
Биеийн дасгал. Давсагны үйл ажиллагаа сэргэхэд чиглэсэн тусгай дасгал болох Кегелийн дасгалыг тогтмол хийх.
Эмийн эмчилгээ. Шээсний сүвийн ханыг бэхжүүлэх, түрүү булчирхайг багасгах болон гөлгөр булчинг суллах зэрэгт зориулагдсан олон төрлийн эм, бэлдмэл байдаг.
Зүсэлт. Шээсний урсгалыг хэвийн болгохын тулд давсагны хүзүүнцэрт зүслэг хийх аргыг боловсруулж байгаа.
Хэт авиа. Үрэвссэн эсийг хэт авиагаар бутлан соруулж авдаг энэ аргыг мөн л нарийвчлан боловсруулж байгаа.
Бичил долгион. Өрөвссөн эсийг бичил авиагаар халаах замаар зайлуулах арга.
Хүлээлт. Зарим тохиолдолд үзлэг хийсний дараа өвчтөний биеийн байдал сайжирч, эсвэл тогтвортой болдог. Энэ үзэгдлийг шалтгааны тогтоогоогүй байгаа.
Гэхдээ дийлэнх эмч нар нь бөөрийг гэмтээх эрсдэл ихтэй, сайн боловсруулагдаагүй учраас эмчилгээнд хэрэглэх нь дэмий гэж үздэг.
Судас нарийссан үед тусгай тэлэгч баллон хийдэгтэй адилаар шээсний сүвээр баллон оруулж тэлдэг. Үүний тулд катетерийн тусламжтайгаар шээсний сүвд жижиг баллон оруулдаг. Гэрлийн тусламжтайгаар баллоныг тэлэх шаардлагатай байгаа газар байрлуулаад даралттай усаар дүүргэхэд сүв тэлдэг. Түрүү булчирхай хурдацтай томорч байгаа үед энэ хагалгааг хийх хориотой.
Энэ мэт сонирхолтой мэдээллийг “Дээжис” сэтгүүлийн зургаадугаар сарын дугаараас уншаарай.
Хэрэв та “Дээжис” дижитал сэтгүүлийг анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах:http://goo.gl/0TRRDL
Facebook: https://www.facebook.com/DeejisDM
Twitter: https://twitter.com/DeejisDM
URL: