АН-ын хагарал Засгийн газрыг унагаж мэдэх нь
АН-ын дотоод зөрчил, хагарал улам ширүүсч эхэллээ. Сүүлийн үед хийгдэж байгаа халаа сэлгээ ч үүний хамгийн том илрэл болоод байна. Тухайлбал, өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн түрүүчийн долоо хоногийн ээлжит хуралдаанаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг ажлаас чөлөөлсөн. Дээрх хэрэг явдлаас үүдэн АН-ынхан нэгнээ хэмлэж эхлээд байгаа нь харагдаж байна. Үүнээс өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсаас 3.6 тэрбум завшсан хэмээн баривчилсан нь АН-ын хагарлын эхлэл суурь нь тавигдсан гэхэд болно.
ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг халах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд гэнэт оруулж ирсэн гэж байгаа боловч яг үнэндээ эртнээс төлөвлөж байсан гэлтэй. Өөрөөр хэлбэл, эгзэгийг нь тааруулах мөчөө хүлээж байсан гэхэд болно. Түүнийг ажлаас чөлөөлсөн явдал нэг талаар ойлгомжтой, нүдэнд ил мэт боловч нөгөө талаар бас л эргэлзээтэй. Олон нийтийн дүгнэлтээр бол ЦЕГ-ын дарга Б.Билэгт салбарын сайд Х.Тэмүүжинтэй байнга зөрчилддөг төдийгүй Х.Тэмүүжингийн шинэчлэлийг үргэлж эсэргүүцдэг гэж харж байгаа юм.
Шуулуухан хэлэхэд Х.Тэмүүжингийн замд гай болсон гэсэн үг. Тиймээс Х.Тэмүүжингийн явуулгаар Ерөнхий сайд дээрх шийдвэрийг гаргасан байж таарах нь. Гэхдээ шууд л Х.Тэмүүжингийн үгээр биш л дээ. Үүний цаана томоохон эрх ашиг, зөрчилдөөн нуугдаж байгаа нь илт. Ерөнхийдөө Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Төв аймгийн цагдан хоригдож Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хууль зөрчин уулзсан нь учиртай. Л.Гансүхийг баривчлагдсаных нь маргааш Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргаж, “Ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно” хэмээн мэдэгдсэн. Тиймээсч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулан Төв аймгийн хорих ангид дагуулан очсон билээ. Үүний маргааш нь АТГ мэдэгдэл гаргаж Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг хууль зөрчсөн хэмээсэн юм.
Тэгэхээр дээрх үйл явдал хаа хүртэл үргэлжлэх хэн хэнтэйгээ, хэн нь юутай тэмцэлдээд байна гэдэг нь ойлгомжгүй болж байна. Мэдээж үүний цаана асар том тэмцэл өрнөж байна гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Харин Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг ажлаас чөлөөлсөн нь бас л нэг улстөр. Гэхдээ цаад утга санаа эрх ашиг нь өөр байж мэдэх. Б.Батзаяаг “женко” Х.Баттулгын хүн гэдгээр нь олон нийт илүү сайн мэднэ. Х.Баттулга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хоорондын тулаан аль хэзээнээс эхлэлтэй.
УИХ-ын хаврын чуулганы үеэр Х.Баттулга Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаа өгч, “би давхар дээл өмсөхгүй” гэж хэлсэн нь Н.Алтанхуягийн өмнөөс тавьсан эхний сум нь байлаа. Түүний дараа Засгийн газар төмөр замын бодлогын баримт бичиг орж ирэхэд үүнийг Х.Баттулга мөн л эсэргүүцэж царигийн асуудлаар нэвтрүүлэг хийж цацсан нь олон нийтийг хагаралд хүргээд зогсохгүй, Засгийн газарт өгсөн бас нэгэн оновчтой цохилт байсан юм. Энэ бүхнээс харахад Зам тээврийн сайд Б.Батзаяа яагаад чөлөөлөгдсөн нь ойлгомжтой. Дээр хэлсэн Х.Тэмүүжингийн эсрэг дуугарсан нөхрийг зайлуулдаг шиг Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлээгүй хэмээн Б.Батзаяаг явуулсан байх нь. Өөрөөр хэлбэл Х.Баттулгын гэх хүмүүсийг буланд шахаж эхлээд байна. Энэ талаар Б.Батзаяа нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэрбээр “Болох ёстой юм болдгоороо болж хойд эх гэрээсээ хөөж гаргалаа. Энэ мэт зүйлс болж л байдаг, тэр нь өнөөдөр надад тохиолдож байна. Улс төрийн амьдрал дахь үзэх ёстой юмаа л үзэж мэдэрч буй нь тэр юм биз ээ. Чин үнэнийг хэлэхэд энэ засгийн газрын үйл ажиллагаанд олон түмний өгч байгаа үнэлэлт дүгнэлт тодорхой байгаа шүү дээ.
Би ямар харь гаригийн хүн биш үүнийг мэдрэлгvй яахав. Гэтэл Засгийн эрхийг барьж буй цөөхөн хэдэн хүн амьдралыг нөлөөтэй толинд хардаг юм уу, бүх юм сайжирч байна, бид чадаж байна л гэж хараад, эндүүрээд байдаг. Энэ хоёр ойлголтын зөрүүнд л би гарах цаг нь болсон юм байлгүй. Гарч байна. Үүнд гуниж гутраад, цочирдоод байх зүйл байхгүй ээ” хэмээн яржээ. Энэ мэтээр АН-ын фракциудын хагарал туйлдаа хүрч байна. Улстөрийн нөхцөл байдал улам ээдрээтэй болж, Засгийн газрын хувь заяа дэнжигнэж байна.
Энэ үед Ерөнхий сайдын толгойлдог “Алтангадас”-ынхан Х.Баттулгын тэргүүлдэг “МоАХ”-ыг нүд үзүүрлээд эхэллээ. Харин МоАХ-ныхон үүнийг зүгээр хараад эвлэрээд суухгүй нь лавтай. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар сүүлийн үед “МоАХ”-ынхан “Шонхор” фракцынхантай байнга уулзаж байгаа гэх мэдээлэл байна. Хэрвээ “Шонхор”, МоАХ” хүч хавсарвал Засгийн газрыг унагаад зогсохгүй “Алтангадас”-ынхныг замаасаа зайлуулчиж дөнгөх биз ээ. Юутай ч АН-ын энэхүү дотоод хагарал, тулаан эцсийн дүндээ Засгийн газрыг унагахад ойрхон болчихоод байна.
URL: