БНАСАУ-д дахин хэлэлцээ хийх санал тавьжээ
СӨҮЛ./ИТАР-ТАСС/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе БНАСАУ-аас цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг дахин шаардсанаас гадна Өмнөд, Умардын харилцааг сайжруулах зорилгоор өндөр түвшинд хэлэлцээ явуулах Сөүлийн эрх баригчдын саяхан тавьсан саналыг хүлээн авахыг уриалжээ. Энэ тухай БНСУ-ын төрийн тэргүүн Солонгосыг чөлөөлсний 69 жилийн ойн баярыг тохиолдуулан зурагтаар ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
“Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоож, дэлхийн олон нийттэй нэгдэх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзаж байсан Казахстан, мөн өөрчлөн шинэчлэл болон нээлттэй бодлогыг сонгосон Вьетнам, Мьянмар улсуудын жишээг дагах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Одоо эдгээр оронд энх тайван тогтож, цэцэглэн хөгжиж байна гэж Пак Гын Хе хэлсэн байна.
Харин энэ үеэр Солонгосын хойгт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун баярын өдрийг тохиолдуулан тактикийн шинэ пуужин турших ажиллагааг удирдан явуулжээ.
Д.Жаргал montsame
URL: