УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10.1 жилийн ял оноолоо
Өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж, шийдвэрээ гаргасан юм. Шүүх хурлын шийдвэрийг Дүүргийн нэгдүгээр шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа дөнгөж сая танилцууллаа.
Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Д.Дондог, Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт Эрүүгийн хуулийн 148.3, 148.4, 149.3 дах хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өчигдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолд: Д.Ширнэндоржид холбогдуулан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр,
А.Ариунболд холбогдуулан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 149.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
“Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 149.3 дах хэсэгт заасан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дах хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд оногдуулсан хорих ялыг хөнгөнийг хүндэд нь батгаан 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Д.Дондог гишүүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
URL: