Д.Нацагдорж : Цагаан сар ба хар нулимс
….. дугаар оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож, сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана. Юу гэвэл, Цэрмаагийн нутаг Гурван сайханы өвөрт бөлгөө. Гэр ядуу тул, эцэг эх нь түүнийг хотод илгээж, Дагдангийнд зарцлуулан суулгасаар, гурван жилийн нүүр үзэж байгаа нь энэ.
Дагдангийн ажлын ихийг хэлэх үү, түүний эхнэрийн чангыг хэлэх үү, ирснээс хойш хэдэн жилийн дотор ер ч амарсангүй, бие сэтгэлийн зовлонг цадтал үзжээ. Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ. Ялангуяа ойрноос цагаан сар болно хэмээн анхны хэдэн шөнө банш хийж нойргүй хонов. Дараах хэдэн шөнө юм оёж үүр цайлгав. Өнөө өдөр үүргэлэн нойрмоглож, бүхий бие зүдрэн галиравч, урьд нутагт байхдаа ийм нэг сайхан нар тусаж, уул талын цас хайлсан хаврын сайхан өдөр гэрийн хаяандаа сууж, сая төрсөн хэдэн хурга, ишигтэйгээ наадан тоглож байсан нь гэнэт санагдаж, гэр орон эцэг эх, хөдөө нутаг юугаан мөрөөдөн уйтгарлаж, сэтгэл нь хөдлөн байгаа нь энэ ажгуу.
Гэтэл Дагдангийн эхнэр зургаан ханатай том гэгчийн цагаан гэрээс гарч ирээд, их л хүйтнээр хялайн харж, аягүйгээр зандран« Чи яасан хар золиг вэ? Олбог хивсний шороо, тоосыг гүвээд ир гэхэд энд юугаа хийсэн муу монди вэ? Хашааны хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шинийн нэгэн гэгчийг мэдэж байна уу, үгүй байна уу мал чи» гээд туужуугаар нуруун дунд нэг цохиж аваад, уурлан зогсоход Цэрмаа эсэргүүцэх аргагүй тул, «Толгой өвдөөд салхинд зогссон билээ, авгай минь» гээд хажууд бүхий том хивсийг авч, дааж ядан, цасан дээр сэгсэрнэ. Энэ үед ноднин жилийн бариулсан таван жангийн орос байшингийн цонхоор Дагдангийн охин Мядагмаа гэзэг үсээ самнан, нүүртээ оо энгэсэг түрхэн басхүү шинэ хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ. Байшингийн дотор исгэрэн дуулж ийш тийш сэлгүүцэх бөгөөд цонхны бяцхан салхивчийг нээж, Цэрмааг дуудан: «Залуу айлчин эрчүүд ирвэл зүүн тасалгаанд оруул» хэмээн бас тушаал гаргана. Цэрмаа, Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд гялбахдаа өөрийн муу уранхай даавуу дээл уруугаа нэг хараад, Мядагмаагийн танхилзуур байдлыг өөрийн энэлэлт байдалтайгаар харшуулан бодож, нүднийхээ нулимсыг гилтэгнүүлсээр гэдрэг одож бас олбог журмын тоос шороог гүвж шүүрдэхийн хамт цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан дээл, буга минжин малгай хийж өмсөцгөөнө. Элдэв зүйлийн амтат идээ ба архи дарсыг төхөөрөн идэж ууцгаах нь ямар их жаргал вэ? Тийн атал би юунд ингэж нойр дутуу, уранхай дээлтэй, энэлэн шаналан явна гэж бодовч, нарийн учрыг олж эс мэдэн гагцхүү Мядагмаа хуучин дээлнээсээ нэгийг надад өмсүүлэх биз горьдоно. Дэвсгэрүүдийг цэвэрлэж дуусаад, байшингийн өмнөх хогийг арагт агуулж үүрэн, хашааны хаалганд хүртэл, гаднаас пүүсний хятадууд цагаан ваадантай боов болон бэлгийн зүйлсийг ирнэ. Зөрж гарахад нь тэдгээр хятадууд: «Ай танай сохорсон, нарийн юман дээр юунд хог буртаг гоожуулсан байна! Ай мангуу золиг аа» гэж бас зандран хараана. Аяа, Цэрмааг ноёлох хүн яасан олон билээ. Хогийг гадна асгаад ирвэл, Мядагмаа бас дуудаж: « Нүүрний ус асга» гэнэ.
Үл өнгөрсний хойно түлээ хөрөөдөх хэрэгтэй болов. Ганцаар ядаж байтал, баруун хамрын айлд морь усалдаг залуу хөвгүүн Чүлтэм хашааны завсраар түүнийг дуудав. Чүлтэм, Цэрмаа энэ хоёр айлын зарц болсны гавьяагаар дотно танилцаж амрагласан боловч, гэрийн эзэд, дорд хүмүүс жаргал мэддэггүй, ядуу хүнд янаг байдаггүй гэж тэр хоёрыг элэглэн наадах ба шоовдорлон загнаж, учруулдаггүй бөлгөө.
Түүнээс санамсаргүй хаалганы тус хүн ирэхэд Мядагмаа цонхоор өөрийн ханилсан нэг залуу эрийг таниад, хурдлан гарч, түүнийг оруулан хамтаар хөтлөлцөн, инээлдэн хөхрөлдөн хойд байшингийн зүг одохын зуур Цэрмааг үзээд: « Яаж байгаа чинь энэ вэ?» гэж шоовдорлон хэлээд одох дууг Дагдангийн эхнэр сонссон даруй, гэрээ үүдийг чанга хаян гарч ирээд: <Чи яасан золиг вэ, түлээгээ хөрөөдөхгүй, яасан монди вэ.> гэж зандарна. Үүнд Цэрмаа нэг ухаан олж : <Би ганцаар хөрөөдөхөд удаан бөгөөд өөр ажил саатах тул Чүлтэмийг туслалцахыг гуйсан билээ.> гэхэд Данзангийн эхнэр аргагүй ажлаа бодож : <Тэгвэл та хоёул бушуу хөрөөдөхгүй яасан юм бэ> гээд гэрт оров. Завшаанаар Чүлтэм, Дагдангийн алтан босгыг алхан орж ирээд, Цэрмаагийн хамт түлээ хөрөөднө.
Үдшийн наран шингэх үе болоод өдрийн сайхан агаар өөрчлөгдөж, сэвсгэр цас хэсэг хэсгээр хаялахын дунд Чүлтэм, Цэрмаа хоёр түлээ хөрөөдөх дуу хяхнан чахнах нь халуун байшингийн дотор Мядагмаа залуу эрийн хамт наадах шанзны аялгуу лугаа хутгалдахад хэдийгээр уйтгартай боловч, хүйтэнд чимчигнэсэн хуруугаа хааяа нэг амандаа хийж <Аах>гэж амьсгаадан дулаацуулж хоёр сэтгэлийн үгсийг ярилцан, зовлонгийн гүнг нэг, хоёр наадам тохуугаар хууран өнгөрүүлэх нь юутай аятай билээ. Цэрмаа, гэрийн эзэд гоё хувцас үйлдэж байгаа ба элдэв зүйлийн амтат идээ бэлтгэж байгааг тоочин, өөрийн байдлыг ярихад Чүлтэм мөн өөрийн эзэд, жороо морь зэргийг хөдөөнөөс авчруулсныг ярихын хамт хаанаас олсныг мэдэхгүй өврөөсөө нэг улцгар дурдан алчуур гаргаж өгөхөд нь Цэрмаагийн дотор Мядагмаагийн торгон дээлийг өмссөнөөс илүү сайхан санагдаж авай. Цэрмаа, Чүлтэм хоёр цагаан сар болоход ажил их болдог ба харилцан учралдахад гэрийн эзэд аашлан загнадгийн тухай хэдэн уйтгартай үгс ярилцахын зуур түлээ хөрөөдөж дуусав. Нэгэнт үдэш болсон тул, одоо гэрийн ажил хийх хэрэгтэй болов. Цэрмаа, Чүлтэмээс салан гэрт орвол бурхны өмнө унийг тултал боов өрж, тахил тахиад, тулганы баруун зүүн этгээдэд хэд хэдэн зүйлийн тавагтай идээнүүд ба ууц мах, банш буузыг хучин ёсоор тавьжээ. Эднийг үзвэл, цөм Цэрмаагийн хийсэн ба болгосон идээ мөн. Гэрийн эзэд шинэ хувцас өмсөөд, битүүлнэ гэж баяр жавхлантайгаар хөдөлцгөөнө. Цэрмаа гал тогоотой хуримлана. Цэрмээд Мядагмаа нэг хуучирсан чисчүү дээлээн авчирч өмстүгэй гэсэн боловч, Цэрмаа маргааш өмсөнө гэж саармаглан хэлж, хойш тавиад, харин Чүлтэмийн өгсөн алчуурыг гарган, хааяа нэг нүүрээ арчиж байхыг Дагдангийн эхнэр хараад: « Чи үүнийг хаанаас олов. Бодвол бэлэг дотроос хулгай хийсэн биз» гэж загнан. Үүнд Цэрмаа хулгай хийсэн гэж худал хэлэхэд хэцүү, Чүлтэм өгсөн гэж үнэнийг хэлэхэд бас зэмлэлтэй учир, дув дуугүй суун, яасан бэрхтэй билээ гэж элдвийг бодно. Энэ орой гэрийн эзэд ёслох цагаалахын хамт гаднаас зочид гийчид ирэх нь тоогүй олон. Тэдний идэх уух, инээлдэх баясалдах нь гэр хагармаар, гагцхүү Цэрмаа зуухны хажууд хөлрөн сууж, гөлрөн харж шүүрс алдана. Шөнө унтсангүй, маргаашийн цай хоолыг бэлтгэнэ. Гэрээс зугаацан одох эздийн хэрэглэх зүйлийг бэлтгэж, гаднаас ирэх гийчийг хүндлэн зочилсоор нэг өдрийг арай гэж өнгөрүүлэвч үдшийн цаг наргиан даргиан болж архи дарс, хуур хөгжим үргэлжлэхийн дотор үүний бөөлжисийг асгаж, түүний ор дэрийг зассаар бас нэг шөнө болов. Энэ мэтийн байдал залгамжлан хэдэн өдөр болоход Цэрмаа хэдийгээр ядарч зүдрэвч, гунихран суухаас өөр юун. Хааяа нэг удаа хашааны завсраар Чүлтэмтэй ярьж сэтгэлийг бяцхан хуурна. Энэ мэтээр хоёр жил өнгөрсний хойно бас нэг цагаан сар шахаж байхад ямар шалтгааныг мэдэхгүй Дагдангийнх хотод суухыг болив гэж хөдөө гарахыг бэлтгэн, Дагдангийн эхнэр Цэрмаа мөн хөдөө дагуулан аваачина гэж байхын үе нэг өдөр Чүлтэм хүрч хэлж: « Одоо чи миний хамт явж аж төр» гэсэнд Цэрмаа чухам учрыг сайнаар мэдсэнгүй боловч энэ хоёр үгийг сонсоод, даруй баярлаж жаал зугаа юмаа боож, Чүлтэмийн гэрт очив. Дагдангийн эхнэр нэг зандарч хэд хараагаад аргагүй хоцров. Чүлтэмийн гэр хэдий хар болоод цоорхой боловч, Дагдангийн зургаан ханатай цагаан гэрийн хатавчинд хэвтсэнээс түмэн хувь жаргалтай болоод, санааны дураар босож суун, хийдгээ хийж, амардаг цагтаа амран, хуучин амраг Чүлтэмийн хамт амьдран сууж байтал удалгүй цагаан сарын шинийн нэгэн болов.
Цэрмаа хотод ирснээс аваад эдүгээ хүртэл битүүний орой ийнхүү амгалангаар унтаж байсан нь ер үгүй бөлгөө. Маргааш өглөө нь эрт босож торго дурдан минж булга бус боловч өнгөтэй бүтэн хувцсаа өмсөцгөөнө.
URL: